С.Зориг агсны хэргийн яллагдагч нь хэн бэ

🕔 2016/12/05 09:51

 

Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хэрэг шүүгч дээрээ хянагдаж байна. Тодруулбал, уг хэрэгт томилогдсон Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч М.Алдар хэрэгтэйгээ танилцаж буй. Түүний танилцах хугацаа энэ сарын 12-нд дуусч, улмаар шүүгч М.Алдар хэргийг прокурорт буцаах уу, эсвэл шүүх хурлын товыг гаргах уу гэдэг нь эцэслэгдэнэ.

 

Хэрэг 18 жил шалгагдсаны эцэст ийнхүү нэг шүүхийн шатандаа очиж байгаа нь энэ. Гэхдээ С.Зориг агсны хэрэг шүүхийн шатанд очихоосоо илүүтэй хэрэгт ямар хүмүүс яллагдагчаар татагдсан нь олны анхаарлыг татаж байна.

Уг хэрэгт С.Зориг агсны эхнэр Б.Булганыг сэжигтнээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд цагдан хорьсон. Улмаар хорих хугацааг сунгасаар Б.Булган арав гаруй сар хоригдсоны эцэст өнгөрсөн есдүгээр сарын дундуур суллагдсан юм. Учир нь түүний хэргийг шалгаж дууссан учир  ийнхүү сулласан байдаг.

 

Тэгвэл хуулийн эх сурвалжийн мэдээллээр анх гурван хүнийг сэжиглэн барьсан байдаг. Тэднийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Н.Ганхуяг гэдэг тухай өмнө нь хэвлэлээр мэдээлж байв. Дээрх сэжигтнүүдийн нэгийнх нь ээж н.Жавзмаа нэгэн сонинд ярилцлага өгөхдөө "Би үнэхээр гараа сарвайтал бичиг бичлээ. Үртэй хүний гол тасрахгүй. Үхчихдэггүй л юм бол би хөлөө хүрэх газар хүртэл явна. Хоёр ч өмгөөлөгч аваад чадлаараа л явж байна даа. Хүүгийнхээ төлөө би юунаас ч айхгүй. Юугаа ч харамлахгүй. Эцсээ хүртэл үзнэ л гэж бодож байгаа. Даанч надад чадал алга” хэмээсэн байдаг.

 

Харин хамгийн сүүлийн мэдээллээр уг хэрэгт сэжигтнээр Орхон аймгийн иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг цагдан хорьж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй. Тодруулбал, Н.Ганхуяг гэх иргэнийг сэжиглэн хорьж байсан бол сүүлд Ц.Амгаланбаатарыг сэжигтнээр татсан байна.

 

Мөн уг хэрэгт Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан. Энэ тухай Э.Бат-Үүл өнгөрсөн есдүгээр сард хэвлэлийн хурал хийж "Намайг С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн гэх хэрэгт яллагдагчаар татаад байна. Сонгууль бүрт миний тойрог дээр Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэх мэдээлэл л явсан. 2000 оны сонгуулиар МАН маш том ялалт хийж, найман сард намайг хийгээгүй хэргийн төлөө Ганц худагт хорьсон. Хүнд гар ч хүрээгүй байхад зодсон гэх үндэслээр шууд хорьсон тул миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэр үед н.Цогтбаяр Ч.Амарболдын доор байсан. Тэр намайг хорьсныхоо төлөө дэд хурандаа болсон. Прокурор хүчингүй болгосон чинь намайг яллагдагчаар татсан. Ингэж гүжирдсээр ирсэн билээ. Сонгуулийн дараа надад Тагнуулын байгууллагаас дуудсаар байгаад сэжигтнээр татах тогтоол гардуулсан. Энэ хэрэгт намайг хоёр дахь удаагаа сэжигтнээр тогтоолоо. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй заалт. Өмнө нь намайг сэжигтнээр татахдаа "маш нууц” нэрийн дор хаалттай байсан. Мөрдөн байцаагч дураараа  тогтоосон. Нэг асуудлаар нэг хэрэг дээр хоёр удаа сэжигтнээр ингэж тогтоолоо. Яг энэ хуучин хэлбэрээрээ намайг одоо яллагдагчаар татлаа. Би мэдүүлэг өгөхгүй гэсэн. Би өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ хэргийг илрэх асуудалд би анхаарсаар ирсэн. Он жил улирах тусам би ийм хүсэл тэмүүлэлтэй байна. Би хамгийн их хэргийн улмаас хохирч байна" гэж байв.

 

Гэхдээ энэ хэрэг "маш нууц"-ын зэрэглэлд байгаа. Тиймдээ ч албаныхан тодорхой мэдээлэл огт өгөхгүй байгаа байна. Хэдийгээр уг хэрэг шүүхэд очсон ч ямар зүйл ангиар, ямар хүмүүс шүүгдэх нь одоо ч тодорхойгүй хэвээр байна

Харин тун удахгүй М.Алдар шүүгч хэрэгтэйгээ танилцаж дууссаны дараа энэ бүхэн тодорхой болох буй за.

Б.Анир

ZALUU.COM


скачать dle 12.0

Санал болгох