Олон иргэн орон нутагт салбартай болохыг АТГ-аас хүслээ
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорнод аймгийн төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутагт гарч буй нийтлэг зөрчил, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулж, албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах талаар мэдээлэл өгч, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж ажиллажээ.
Энэ үеэр албан тушаалтнуудын сонирхсон асуултад хариулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцож ярилцав.
Уулзалтын үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд олон нийт иргэдийн хяналт, оролцоог сайжруулах зорилгоор Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, ажиллуулах талаар тус зөвлөлийн дарга, гишүүдэд танилцуулсан байна. Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулан ажиллуулах санаачилгыг зөвлөлийн гишүүдээс дэмжиж байгаагаа илэрхийлж, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх ажилд оролцоог нь нэн чухал болохыг онцолж байв. Харин цаашид хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангах чухал бөгөөд төсөв санхүүгийн хувьд улсын хэмжээнд анхаарч ажиллах, мөн энэхүү дэд зөвлөлд ажиллах гишүүдийг ажлын дадлага туршлагатай, өндөр ёс зүйтэй хүмүүсээс сонгон шалгаруулах нь чухал гэж саналаа хэлж байлаа.
Мөн тус аймгийн бизнес эрхлэгчид болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулж, хууль тогтоомжийн болон холбогдох судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийж, авлигатай тэмцэх ажилд хувийн хэвшил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов.
"Авлигатай тэмцэх газрын ажилтнууд хоёр жилийн өмнө ирж иргэдтэй уулзаж байсан, орон нутагт салбар, нэгжгүй учраас хүмүүс гомдол, саналаа тэр бүр уламжлах боломж хязгаарлагдмал байдаг, харин энэхүү дэд зөвлөл байгуулагдсанаар энэ орон зай тодорхой хэмжээнд нөхөгдөж, орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд олон нийтийн хяналт сайжирна” гэдгээ олон иргэн хэллээ. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхнээс Дорнод аймгийн "Дорнод”, "Шинэ суваг”, "Мижи”, ТВ6 зэрэг телевиз ярилцлага авч олон нийтэд мэдээлэл өгсөн байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг