Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан цаашид дандаа ялгадас ярих болно
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан цаашид дандаа баас ярих болсон гэнэ. Юу гэвэл, Улаанбаатарын хөрсний 82 хувь нь гэр хорооллын нүхэн жорлонд хуримтлагдсан ялгадсаар бохирдсон гэх судалгаа байдаг байна. Энэ нь бидний ундны усны цэвэр чанарт шууд нөлөөлж байгааг эрдэмтэд онцолсон юм. Хуримтлагдсан ялгадасаас үүссэн хорт бодис, түүгээр бохирдсон ус, агаар хүний биед элдэв халдварт өвчин үүсгэхээс эхлээд бүх төрлийн хавдарын эх үүсвэр болсоор байна.
Та орон сууцанд амьдардаг, крантандаа ус шүүгч суурилуулсан тул надад хамаагүй гээд өнгөрч болно. Гэвч таны зусландаа гаргасан гүний худаг, гадуур хооллодог үнэтэй рестораны хоол цайнд дээрх хорт бодис шингэсээр л байна.
Нийслэлд гэр хороолол үүсгэн оршин суугаа 200 мянган өрхийн нэг хувь ч хүрэхгүй хэсэг нь доторлогоотой бохирын агуулах нүх бэлдэж, түүнийгээ соруулдаг. Харин одоо өрх бүр жорлонгоо доторлогоотой болгож, хуримтлагдсан бохироо цэвэрлэх байгууламжид зардаг болтол нь сэтгүүлчид уриална гэсэн. Хуримтлагдсан ялгадасыг худалдан авч, бордоо үйлдвэрлэдэг эко үйлдвэр байгуултал нь шаардана гэсэн. Иргэн та ч үүнд нэмэр болж, баасаа мөнгө болгож, бохирдсон хөрс, агаараа аврахад нэгдэнэ гэдэгт найдаж байна. Хүн бүр дор бүрнээ шаардаж, давалгаалан шуурч, ганцхан сайн үйл бүтээе л дээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц, Солонгосын ерөнхийлөгчийн авилга, Леонардогийн авсан Оскар, оффшор данстан, Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтаас илүүтэй энэхүү агаар, хөрсний бохирдолын талаар дуу хоолойгоо өргөөсэй гэж хүсч байна. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө та юу хийж чадах вэ?