Гадаад паспортын наалтыг үнэгүй хийж байна

🕔 2016/11/07 10:51

 

Гадаадын иргэн харьяатын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Г.Хонгорзулаас гадаад паспортын наалттай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Гадаад паспорт дээр наалт наалгах шаардлагатай гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм. Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлэх бүртгэл, хяналтын үйл ажиллагаанд шинэчлэлт орсон. Өөрөөр хэлбэл, хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт орчин, үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлсэн. Уг технологи нь хувь хүний биометрик мэдээлэл агуулсан. 

Энэхүү мэдээллийн санг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжруулсан. Энгийнээр ‘хэлбэл, бид хилийн шалган нэвтрэх хэсгээр гарахдаа штамб даруулдаг шүү дээ. Шалган нэвтрэхийн ажилтанд шалгуулах штамб даруулахад хоёр минут зарцуулдаг.

Энэ байдал л өөрчлөгдөж байгаа юм. Гадаад паспортон дээрх наалтын тусламжтайгаар штамб даруулалгүй хил нэвтрэх боломж бүрдсэн. Наалтаа уншуулахад л хангалттай болж байгаа юм. Ер нь хилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаанд цахим гарц /auto gate/-ын шинэ технологи ашиглаж эхэлснээр зорчигчийг бүртгэх цаг хугацааг хэмнэх, таних чадавх нэмэгдэж, хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа ч сайжирч байна гэсэн үг.

-Наалтыг ямар хүмүүс наалгах шаардлагатай вэ?

-Ер нь бүгд наалт наалгасан байх шаардлагатай. Тухайн иргэн онгоц, улс, хоорондын зорчигч тээвэр, галт тэргээр зорчсон ч хилийн шалган нэвтрэх хэсгээр л шалгуулж гарна. Тэгэхээр Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визтэй гадаад улсын иргэнийг бүртгэл хяналтын цахим төхөөрөмж ашиглан нэвтрүүлэх юм. Манай улсын иргэд болон удаан хугацааны визтэй гадаадын иргэд наалт заавал наалгасан байх шаардлагатай.

-Бүртгэл хийгдэж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Цахим гарцаар саадгүй, шуурхай нэвтрэхийн тулд урьдчилсан бүртгэл хийлгэх зайлшгүй шаардлагатай. Иргэд бүртгэлд хамрагдаж гадаад паспорт дээрээ наалт буюу цахим гарцаар нэвтрэх зөвшөөрөл олгосон талаарх тэмдэглэгээг хийлгэх юм. Энэхүү наалтыг наалгаснаар тухайн иргэн цахим гарцаар 5-15 секундийн хугацаанд шалгагчгүйгээр шуурхай нэвтрэх нөхцөл бүрдэж буй юм. Би өмнө нь хэлсэн.

Шалган нэвтрүүлэх дээр нэг иргэн хоёр минут болдог байсан бол одоо 5-15 секундийн дотор хил нэвтрэх боломж бүрдэж байгаа юм.

-Иргэд наалтаа хаанаас авах боломжтой вэ?

-Бүртгэлийн ажил өдөр бүр хийгдэж байгаа. Тухайлбал, "Чингис хаан” олон улсын нисэх буудлын явагчийн танхимын хоёрдугаар кабин болон Дүнжингарав худалдааны төв дэх "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв -ийн 26 дугаар цонхонд хандаж болно. Эдгээр газрууд өдөр бүр ажлын цагаар буюу 08.00-17.00 цагийн хооронд иргэдийн гадаад паспорт дээр наалт наах үйлчилгээг үзүүлж байгаа.

-Бүрдүүлэх материал бий юу. Ямар материал шаардлагатай вэ?

-Заасан цэгүүд дээрх бүртгэлийн ажилтнаас анкет авч бөглөнө. Мөн гадаад паспортын хүчинтэй хугацаа зургаан сараас доошгүй байх ёстой. Бүртгэл хийлгэх/ явцдаа баруун, зүүн гарын долоовор хурууны хээ өгөх болон төхөөрөмжид нүүрний зураг авахуулах юм. Цахим гарцаар нэвтрэх зөвшөөрлийг зорчигчийн баримт бичиг, визийн хүчинтэй хугацаагаар олгоно.

-Мөнгөн хураамж төлөх шаардлагатай юу?

-Үгүй. Ямар нэгэн мөнгөн хураамж төлөх шаардлагагүй. Дээр дурдсан шаардлагыг хангасан байхад л болно.

-Наалт нь хугацаатай юу. Хэдийн хугацаанд хүчинтэй вэ?

-Наалтад хугацаа дуусна гэж байхгүй. Харин гадаад паспортын л хугацаа дуусна шүү дээ. Тэгэхээр шинэ паспорт авахаар бол дахин наалгах шаардлагатай гэсэн үг.

скачать dle 12.0

Санал болгох