Сургалтын цагийг үр дүнтэй ашиглах сэдвээр хэлэлцлээ
Дархан Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын "Сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагийг зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг болов.
Хэлэлцүүлгээр сургалтын цагийг зохион байгуулахад тулгамдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх арга замыг тодорхойлж дээд шатны болон мэргэжлийн байгууллагуудад уламжилж цагийг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор аймгийн Боловсрол, Соёлын газар, "Оюуны Ирээдүй” лаборатори сургуультай хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн бүх ЕБС-ийн Сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагийг нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг 60 гаруй багш, ажилчид хамрагдав. Тус хэлэлцүүлгээр СДҮАЦ-ийг зохион байгуулж байгаа арга хэлбэр, тулгамдаж байгаа асуудлаар судалгаа авч "Иргэний боловсрол”, "Хичээлээс гадуурх үйл ажиллагаа”, "Амьдрах чадварт суралцах цаг”-ийг сургууль бүрт арга зүйгээр ханган ажиллаж байгаа багш ажилчид гурван багт хуваагдан хэлэлцэж багаас гарсан саналуудыг нэгтгэж шийдвэрлэх гарц, арга замыг тодорхойлсон. Гарсан санал, арга замуудаа дээд шатны болон мэргэжлийн байгууллагуудад хүргүүлж төлөвлөгөөнд нь тусгаж ажиллахаар боллоо.
Энэ үеэр "Оюуны Ирээдүй” лаборатори сургуулийн нийгмийн ажилтан Ц.Мөнгөнтуяа, сургалтын менежер Я.Баатархуяг, А.Цагаанцоож нар дээрх гурван сэдэвт СДҮАЦ-ийг зохион байгуулах арга зүйн туршлагаасаа хуваалцав. Хэлэлцүүлгийн эцэст оролцогсод СДҮАЦ-ийг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулдаг заах аргын нэгдлийг бий болгож сургуулиуд хоорондоо хамтарч ажиллах чиглэлийг баримталсан төлөвлөгөө, хөтөлбөртэй болж аймаг, орон нутагтаа БСГ, БСШУЯ-д дэвшүүлэх саналаа гаргаж албан ёсоор хүргүүлэхээр боллоо.
Б.Норовсамбуу