Хүүхэд рүү “хүрз далайх” чинь ариун явдал уу

🕔 2016/10/05 09:03

Хүүхэд рүү “хүрз далайх” чинь ариун явдал уу

 

Ямар ч эх, эцэг өөрөө нүцгэн гүйж, хоосон хонож байгаад ч хамаагүй үр хүүхэддээ хамаг бүхнээ зориулдаг. Өөрөөр хэлбэл, манай гэрийн санхүү хүнд байна гээд л хамгийн түрүүнд хүүхэддээ зарцуулах мөнгөнөөсөө хасаад, өөртөө зарцуулаад сууж байдаг хүн байхгүй. Гэтэл шинэ Засгийн газар үүнийг яг эсрэгээр нь хийж "хойд эх”-ийн санаа гаргаж байна. Ер нь хойд эх ч үрчилж авсан үр хүүхэддээ сайн сайхныг хүсдэг болохоос энэ Засгийн газар шиг ингээд "шийтгээд” байдаггүй байх.

 

Улс орны эдийн засаг хүнд байна гэсэн шалтаг хэлээд хасалт, таналтаа хамгийн түрүүнд хүүхдийн мөнгө, хөгшдийн тэтгэврээс эхлүүлчихлээ.
 

Уг нь МАН-ынхан сонгуулиар хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоно, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна, "Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ гэх зэргээр иргэдэд амаа цангатал "гайхамшигт” амлалтуудыг өгсөнсөн. Тиймээс ч хүүхэд, хөгшиддөө хайртай хэн бүхэн Ардын намыг хоёр гараа өргөн дэмжсэн хэрэг. Гэтэл тэд сонгогдсон даруйдаа сонгогч олонд хатуухан хариу бариад байна.

 

Тухайлбал, Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар буюу амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор болсон. Энэ нь "Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоно” гэсэн амлалтдаа баяртай гэж хэлсэн үйлдэл болов. Өөрөөр хэлбэл, хөргөгчтэй,будаа агшаагчтай, зурагттай, тоос сорогчтой, угаалгын машинтай бол таны хүүхдэд тэд мөнгө өгөхгүй гэсэн үг. Ийнхүү хүүхдүүдэд ялгавартай хандаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн "Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх” гэснийг гээд олон хууль тогтоомж зөрчиж байгаа гэдгээ тэд мэдэж баймаар. Эсвэл хүүхэд хүн биш хэрэг үү.  

 

МАН-ынхан "Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна” гэх сайхан амлалт өгөөд байсан нь саяхан. Гэтэл Засгийн эрхийг авсан даруйдаа "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийн үйлч­лэлийг 2021 он болгон өөр­чил­сөн. Энэ нь гэртээ цоож­лог­дох бус цэцэрлэгт явах бай­сан мянга мянган бяц­хан үр­сэд шийтгэл бол­сон шийдвэр гэдгийг яагаад ухаарахгүй байгааг гай­хах юм. Үгээ хэлж, эр­хээ хамгаалах чадваргүй гэдгээр нь хүүхэд рүү чиглэсэн асуудал бүрийг энэ мэтээр баллаж болохгүй байлтай.

 

Мөн "Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн хугацааг мөн л хойшлуулчихлаа. Энэ мэтээр тэдний хүүхэд рүү "хүрз” далайх үйлдэл зогсохгүй байна. Харин хамгийн эмгэнэлтэй нь хүүхдийн ашиглах гарцаа тэд аль хэдийнэ олчихсон байгаа юм. Тодруулбал, үнэмлэхүй олуулаа сонгогдсон цагаасаа буюу 7-10 дугаар сард хүүхдийн мөнгийг өгөлгүй хураасан. Харин одоо орон нутгийн сонгуулийн өмнө эцэг, эхийнх нь саналыг худалдан авахаар 7-10 дугаар сарын мөнгийг сонгуулийн өмнө бөөнөөр нь өгөх гэнэ. Энэ нь мөнгө авч байгаа юм чинь биднийг сонго гэсэнтэй ямар ч ялгаагүй харагдаж байгаа биз.

 

Уг нь хүүхдийн мөнгө халамж биш гэдгийг МАН-ынхан хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Хүүхдийн мөнгө хасалгүй ганцхан тендер хасахад, шийдэгдчих асуудал байсан. Тэгээд ч хэдхэн хүүхдийн 20 мянган төгрөгийг хаслаа гээд элгээрээ мөлхчихөөд байгаа  гэх улс орны эдийн засаг сэргээд сүйд болохгүй нь юу л бол доо.

 

Эх сурвалж: mminfo.mn

скачать dle 12.0

Санал болгох