Манай аймгийн 7 дугаар цэцэрлэгт тусгай хэрэгцээт боловсрол олгох "Тэмүүлэл-1” бүлгийг 2015-2016 оны хичээлийн жилд нээсэн.Улмаар "Тэмүүлэл-2” бүлгийг энэ хичээлийн жилд нээн ажиллуулахаар БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах нийгэмлэгийн/ТИКА/ буцалтгүй 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус цэцэрлэгийн агуулахын хоёр өрөөг засварлан "Тэмүүлэл-2” бүлэг болон Сэргээн заслын төвийг нээхээр болоод байгаа юм. Энэ хүрээнд дээрх хоёр өрөөний хуучин барилгыг нурааж хоёр метрээр өргөтгөн барилгын угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэн өнөөдөр /2016.10.03/ ТИКА-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулах газрын дарга тэргүүтэй албаныхан 7 дугаар цэцэрлэгт хүлээлгэн өглөө.
Энэхүү барилгын ажилд 36 мянган ам долларыг зарцуулсан бөгөөд гүйлтийн зам, эмнэлэгийн хэрэгсэл, аппарат, ХБХ-ийн сандал ширээ, хивс, тоглоом зэрэг шаардлагатай байгаа 17 мянган ам долларынтоног төхөөрөмж, тохижилтын ажлыг ойрон хугацаанд хийх тухай ТИКА-ийн төлөөллүүд хэл байв. Эдгээр тоног төхөөрөмжүүд ирснээр бүлгийн болон Сэргээн засах төвийн үйл ажиллагаа эхэлнэ. Ийнхүү "Тэмүүлэл-2” бүлгээс гадна Сэргээн заслын төвийг бий болгосноор аймгийн хэмжээнд дэхь цэцэрлэгийн насны ХБХүүхдүүд уг төвөөр үйлчлүүлэн хэл засал, ахуй засал, хөдөлгөөн засалд хамрагдах боломжтой болж байгаа юм.
Аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хөгжийн бэрхшээлтэй 56 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдийн 12 нь "Тэмүүлэл-1” бүлэгт хамрагдсанаар бие болон оюуны хөгжил сайжирч, эцэг эхчүүд нь ч ажил хийж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж бий болсон зэрэг олон сайшаалтай үр дүн гарсан тул тусгай хэрэгцээт боловсрол олгох "Тэмүүлэл-2” бүлгийг нээн мөн 12 хүүхдийг хамруулахаар болсон тухай тус цэцэрлэгийн эрхлэгч О.Энхжаргал ярьж байлаа.