Эрх баригчид Засгийн газар, парламент дахь бүлгээрээ талцан хагаралджээ

🕔 2016/09/05 10:22

 

МАН-ыг УИХ-ын сонгуульд сайн мөрий хөтөлбөртэй орсныг улс төрийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрдөг шигээ одоо цагт мөрийн хөтөлбөрөөсөө ухарч яг эсрэгээр нь ард түмнийхээ эсрэг ажиллаж байгааг ч шүүмжилж байгаа. Харин энэ шүүмжлэл цор ганц сөрөг хүчин болон, олон нийтийн зүгээс гарсангүй МАН-ын дотоодод ч хүчтэй илэрч байгаа аж. Тодруулбал эрх баригчид Засгийн газар болон парламент дахь намын бүлгээрээ хоёр талцан хуваагдаж хэн хэндээ бууж өгөлгүй мэтгэлцэж байгаа аж. Өнгөрсөн пүрэв гаригт болсон МАН-ын бүлгийн хурал дээр ч энэ байдал хүчтэй ажиглагдсан аж.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүд тэдгээрийг дэмждэг парламентын гишүүд одоо явуулж байгаа бодлогоо ухралтгүй хамгаалж, ийм аргаар төсвийн алдагдлаа багасгаж 2017 онтой золгох хэрэгтэй. Ингэж л эцсийн эцэст ард түмнээс "очков” авч дампуурчихалгүй явна гэж байгаа бол эдийн засаг гадарладаг парламентын гишүүд болон намын дарга М.Энхболд, Т.Бадамжунай нарын "хотын фракц” бүх зүйлийг ярьж тохирсноороо шийдэлгүй өрмийг нь авч хусмыг нь үлдээсэнд гоморхож явдаг бусад фракцуудын гишүүд нийлж "Мэргэжлийн” гэгдэх Засгийн газрынхаа бодлогыг хүчтэй шүүмжилж байгаа аж. Ажил хүлээн авсан цагаасаа л "Мэргэжлийн Засгийн газар” байгуулах амлалтаасаа ухарч, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн.
Танхимын 13 сайдын олонх нь мэргэжлийн бус, сайдад нэр дэвшигч дөрвөн хүнээ буцааж татсан. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөөр олон нийтийн хүлээлт бүхий хуулиудыг буцаасан хэрнээ намынхаа нэр хүндээр тоглоом хийж эргэж буцаж нэг хуулийг нь дахин өргөн барих болсон, одоо татвар нэмж олны дургүйцлийг дээд цэгт нь хүргэх нь хэмээн шүүмжилж байгаа аж. Үнэхээр ч Засгийн газрын зүгээс байн байн эрсдэл дагуулсан мэдэгдэл хийж, улс орны эдийн засгийн хүндрэлийн ачааг иргэдийн нуруун дээр тохож, төсөв хэмнэх нэрийдлээр цалин тэтгэмж хасах, татвар нэмэх зэргээр муйхарлан зүтгэсээр байгаа нь үнэн. Татвар нэмэхгүй, иргэд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж татварын зөөлөн бодлого баримтална гэж мөрийн хөтөлбөртөө заасан мөртөө иргэд сонгогчдын итгэл рүү ус цацаж ухралт хийж байгаа нь яах аргагүй үнэн.
Тухайлбал УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлээд буй төсвийн тодотголд төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад нь олгох тэтгэмжийн хэмжээг 1-12 сар хүртэл бууруулж өөрчлөх, байгаль хамгаалагчид 12 сар үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө авдаг байсныг 1-12 сар болгож тодорхойгүй бууруулах, хүүхдийн мөнгийг ялгавартай олгох, хүүхэд харах үйлчилгээний хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулах, бас л нийгмийн нэг хэсгийн хүлээлтэд ороод байсан Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхгүй буцаах гэх мэт асуудал бий.
Түүнчлэн татварын асуудлаар хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг өөрчилж, жилийн орлогод 30 сая төгрөгөөр босго тогтоох, өөрөөр хэлбэл 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс 25 хувийн татвар авах, банкин дахь хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, автомашин, архи, тамхины татварыг нэмэгдүүлэх, 150 м.кв-аас дээш талбайтай орон сууцанд татвар ногдуулах зэрэг санал оруулаад байгаа. Яг орон нутгийн сонгуулийн өмнө ийнхүү мэдрэмжгүй, эрсдэлтэй алхам хийж байгааг нь МАН-ын бүлгийн цөөнгүй гишүүд сануулж шүүмжилсэн боловч Засгийн газрын талд намын дарга М.Энхболд тэргүүтэн зогсож байгаа нь тэднийг хүчгүйдүүлж байгаа гэнэ.

naraaaa_12012

Гэхдээ шүүмжлэлийн хүчинд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Засгийн газрын боловсруулсан төсвийн тодотголыг буцаасан байна. Ингэснээр Төрийн албан хаагчдын цалинг хасахгүй байх, Аж ахуйн нэгжийн татвар, Нийгмийн даатгалын шимтгэл нэмэхийг татгалзах, Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд олгох /зорилтот бүлгийн/, Оюутны 70,000 төгрөгийн тэтгэмжийг зогсоох /Оронд нь 90 тэрбум төгрөгийн сантай оюутны тэтгэлгийн сан байгуулах/ нэгдсэн байр сууринд хүрчээ. Харин нийгэм, олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй НДШ-ийг нэмэгдүүлэх, татвар авах гэх мэт асуудлуудыг дахин судлах ажлын хэсэг байгуулахаар тогтсон байна. Ийнхүү УИХ дахь МАН-ын бүлгийн цөөнгүй гишүүд хийгээд "Мэргэжлийн” гэх Засгийн газрын хооронд хана үүсч, мэдрэмжгүй гэмээр зарим санал шийдвэрийн эсрэг зогсоход бэлэн гишүүд олширсоор байгаа бололтой.

Эх сурвалж:

скачать dle 12.0

Санал болгох