Сайд нар цалингаасаа татгалзах уу

🕔 2016/08/22 11:46

Мэргэжлийн Засгийн газар Шийдлийн Засгийн газрын нэгэн адил хэмнэлт ярихаас ажлаа эхлэв. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулна, том машин унахыг хориглоно гэхчлэнгээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед яригдаж байсан асуудлууд энэ удаа ч орхигдсонгүй. Хоёр ч Засгийн газар дамнан яригдаж байгаагаас харвал төрийн өндөр албан тушаалтнуудын тансаглал төсөвт чамгүй дарамт үзүүлж байгаа бололтой.

 

Сайд нар цалингаасаа татгалзах уу

 

 

Тиймдээ ч Сангийн яамныхан төсвийн тодотголдоо цалингийн тандалтаас "хөөрхөн” мөнгө босгохоор тооцоолж эхэлжээ. Засгийн газрын шийдвэрээр бол улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь бууруулна. Мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувь бууруулах аж. Агентлагуудын даргаас эхлээд УИХ-ын гишүүд,  Ерөнхий сайд, Ерөнхийлөгч,  аймгуудын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нарын цалин 20-30 хувиар хасагдана гэсэн үг. Хэрвээ энэ хасалтыг яриа бус ажил болгож чадвал энэ онд гурван тэрбум төгрөг хэмнэнэ. Харин ирэх жил найм орчим тэрбум төгрөг төсвийн савандаа үлдэх тооцоог Сангийн яам хийжээ.  

 

Ингэж хэмнэлт хийх яриа дээр нэмэрлэх нэг санаа байна. Тэр нь төрийн өндөр албан тушаалтнууд тэр дундаа сайд нар тодорхой хугацаанд цалингаасаа татгалзах. Тэдний цалингаас 30 хувийг хасах нь далайд дусал нэмэр ч бүтэн жилийн цалин нь төсөвт бодит хэмнэлт болно. Тиймээс Ж.Эрдэнэбатын танхимын сайд нарыг цалингаасаа татгалзаж, бусдад үлгэр дууриал болохыг санал болгож байна. Улсын төсөв хоёр их наядаар тасарч, төсвийн алдагдал орлоготой дүйцэх хэмжээнд хүрэх дөхөж буй энэ үед 20, 30 бус 100 хувь татгалзаж чадвал төдий чинээ эх оронч харагдана. Эх орон, ард түмний төлөө гэх сонгуулийн амлалт ч жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Тэгээд ч сайд нар жилийн цалингаасаа татгалзлаа гэхэд хотойхгүй бийлэгжүү гэдгийг тэдний хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно.

 

Тухайлбал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэхэд дөрвөн компанийн хувь эзэмшдэг. Нэг нь 100 хувь өөрийнх нь. Гурван орон сууц, гурван автомашин, 116 сая төгрөгтэй тэнцэх мал, 99 сая төгрөгийн орлоготой эрхэмд Ерөнхий сайдын цалин бол өдөр тутмын хэрэглээ нь биз. Тэр хэрэглээнээсээ таналт хийхэд Ерөнхий сайдад хүндрэл учрахгүй. Цалингаасаа татгалзах бүрэн боломжтой өөр нэг эрхэм бол  Сангийн сайд Б.Чойжилсүрэн. Түүний жилийн орлого нь 1.3 тэрбум төгрөг. Хурд групп ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Хурдресурс ХХК гэхчлэнгээр 25 компани 100 хувь түүнийх хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь дурджээ. 25 компанийн эзэн, жилийн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүнд Сангийн сайдын цалин бол өчүүхэн зүйл гэсэн үг. Цалингаасаа татгалзахад асуудалгүй хүмүүсийн нэгэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр зүй ёсоор тооцогдоно.  Мерседес бенз хөлөглөж, жилийн 28 сая төгрөгийн орлоготой МАК-ийн өв залгамжлагч төрийн сайдын цалингаар дутахгүй нь мэдээж.  "Монгол тамхи Со”-гийн эзэн Ц.Дашдоржид ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын цалин тийм ч том орлого биш.  Найман ч компаниас 10-100 хувийн ашиг хүртдэг түүнд хангалттай хэмжээний орлого бий.  Отгонтэнгэр их сургуулийн босс хатагтай Д.Оюунхорол ч бэнчинтэй эрхмүүдийн нэг. Хэдэн саяар тоологдох хөрөнгө, хоёр компанийн хувь эзэмшил гэхчлэнгээр түүний хөрөнгө орлогын мэдүүлэг нэлээдгүй баялаг. БОАЖ-ын сайдын албыг цалин урамшуулалгүй хашсан ч хэтэвчиндээ захирагдаад байхгүй болов уу. Мөн Хуульзүй, дотоод хэргийн сайд Д.Бямбацогт,  Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ,  ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар бусдаасаа дутахгүй хөрөнгөтэй хүмүүс. Улс төрд шинээр орж ирсэн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг ч хувийн эмнэлэгтэй бийлэгжүү нэгэн гэдгийг цахим ертөнцөд шуугиад амжсан. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар ч цалингаас цалингийн хооронд амьдардаг давхаргынх биш.

 

Сайд нарт мөнгө огт хэрэггүй гэж хэлэхгүй. Хэрэгцээ шаардлага учраас тэд ч мөнгө хэрэглэнэ. Мөн хийж буй ажлынхаа хөлсийг авах хуулиар баталгаажсан эрхтэй. Гэхдээ өндөр албан тушаалтны ухамсар, улстөрч хүний эх оронч сэтгэл гаргахад эрх нь зөрчигдөж, хөрөнгө нь нимгэрэхгүй болов уу.  

 

В.Хэрлэн

Эх сурвалж:Shuud.mn

Линк: http://www.shuud.mn/content/read/472514.htm

скачать dle 12.0

Санал болгох