АН ба ирээдүйн Ерөнхийлөгч нарыг намнах дайн

🕔 2016/07/29 10:31

АН ба ирээдүйн Ерөнхийлөгч нарыг намнах дайн

 

Томоос том ялагдал амссан АН-ынхан ҮЗХ-аа  өнөөдөр буюу 29-нд хийнэ гэх мэдээлэл байсан ч, бас л хойшлогдсон гэх мэдээлэл байна. Ирэх наймдугаар сарын 5-ны өдөр хуралдахаар болсон гэнэ. Нэгэнтээ засаг төр барих ажлаас холдоод байгаа тул хуралдааныг хэд хоногийн хугацаанд нааш цааш нь татах бол тэдний хувьд асуудал биш биз.  Гэхдээ хуралдааны тов хойшлоод байгаагийн жинхэнэ учиг шалтгаан нь нам доторх фракциудын эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн хийгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн зураглалтай илүү холбоотой гэдэг талаар нь хэдийнэ хэвлэлүүд онцлоод байна. Ер нь бол АН ийм л янз байдлаа уламжлал болгон хадгалсаар байх юм бол МАН хэчнээн муу ажилласан байлаа ч гэсэн,иргэд сонгогчид АН-д дахиад л төмөр нүүр харуулна. Тэгээд яахав. Өөр бусад ганц л сонголт байгаа хойно. Тэгэхээр АН-ын тухайд улстөрд, нийгэмд өөрөөр үзэгдэх цаг хэдийнэ болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Судлаач Д.Ганхуяг сонгуулийн дүн гарсны дараа өгүүлэхдээ  ”2012 онд эрх мэдэлд хүрсэн АН бодож амжилгүй Засгийн Газраа байгуулсан юм. Ингээд үзэл санаа нэгтэй хүчирхэг багаар биш, харин фракц бүлгүүддээ албан тушаал бэлэг мэт хуваарилж, хоолны тасралтгүй хэрүүл зодоон хийхийн эхлэл болсон юм.

АН-ын мөн чанар бол МАН-ыг эсэргүүцсэн түүнтэй тэмцэгч олон бүлэг, бүлэглэлийн механик нийлбэр, МАН-аас тасарч салсан буюу "урвасан”, мөн зориудаар явуулсан этгээдүүд, тэдгээрийн "өвдөл цөвдлөөс” бүрдэх учраас фракцитай байх нь АН-ын "мөнхийн хууль” юм. Иймээс фракци хоорондын тэмцэл бол АН-ын салшгүй дагуул мөн.

АН цаг ямагт МАН-ын эсрэг хүчнүүдийн эрээвэр хураавар хүчнүүдийн цуглуулгын шинжтэй байсан ба гадаадын зөвлөхүүд эд нарыг нэгтгэх гэж бараг 20 жил зүтгээд одоо болтол дийлэхгүй байгаа юм. Ямар ч хүн бодсон ардчилсан хүчин мөн юм бол ардчилсан үзэл санаа, үнэт зүйл, суурь зарчмаа тойрч нэгдээд болчих мэт боддог. Гэтэл Монголд бол эдгээрийг зүгээр л ярьдаг, чалчдаг, тунхагладаг болохоос биш, сахидаг биелүүлдэг, дагадаг, мөрддөг ардчилагч Монголд ганц ч ширхэг байдаггүй.

Сүүлийн 4 жилд юу болсныг товч өгүүлбэл: эхлээд Н.Алтанхуягийг араас нь хутгалж алав. Үүний дүнд АН-ын биш, МАН-ыг илт барижаалсан Ч.Сайханбилэгийн Засгийн Газар бүрдэв. Дараа нь Н.Алтанхуягийн эсрэг аян дайн хийж "жижиг Алтангадас”-ыг үндсэнд нь устгав. Энэ нь АН-ын ирээдүйн толгой хэн болох вэ гэсэн асуудалд багтах бөгөөд З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын зарлаагүй дайнд шилжсэн юм. Дараа нь МоАХ фракц болон Х.Баттулгын эсрэг сунжирсан дайн хийв.

Одоо хүчний хуваарилалт: З.Энхболдын "Шонхор” + Н.Алтанхуягийн жижиг "Алтан гадас” + Х.Баттулгын МоАХ гэсэн 3 фракцийн нэгдэл, Ц.Элбэгдоржийн фракц + Засгийн газар ба MSC-ийн зохион байгуулсан (МАН + MAXH) нэгдлийн хооронд зааглагдаж, тогтоод байна хэмээн бичсэн юм. Мөн тэрбээр 2015.03.05 нд бичсэн "Шувтарсан цагаан бумба”нийтлэлдээ  "Энэ бүх дайныг Ц.Элбэгдорж удирдан явуулж байв. Ингээд Ц.Элбэгдоржийн намынхаа эсрэг явуулсан "ирээдүйн Ерөнхийлөгч” нарыг намнах дайнд АН хамаг хүчээ шавхаж, улс төрийн нэгдсэн бодлого, үйл ажиллагаа явуулах чадвараа бүхэн алдав. "Гурван том”-ыг хүчээр зарах гэсэн улайрсан оролдлого, түүнийг тойрсон будлиан, оффорын асуудал, бие биеэ шоронд хийсэн зэрэг нь АН-ын нэр хүндийг навс унагав. Сүүлийн 4 жилийг ярьдаггүй юмаа гэхэд сүүлийн 2 сар гаруйн хэрүүл, тэмцэл АН-ын сүнс сүлдийг авчихсан юм.

Төр задрахад дээрэмчид завшдаг гэж юутай үнэн…Энэ бол АН 2016 онд гарцаагүй сөнөхийн дохио мөн. Мөн АН гарцгүй болсны тод нотолгоо юм” гэж бичиж байсныг эргэн сануулъя.

Тэгэхээр АН-ын тухайд яг үнэндээ бол сая амссан ялагдал нь шинжээчдийн хувьд прогнозод нь байсаан. За харин эрх мэдэлд донтсон эрх баригчдын хувьд өөрсдийгөө өндөр дээд суудлаас буулгаж харж сэхээрэхээргүй хэмжээнд нэгэнтээ хүрсэн байсан бөгөөд улам шунасаар байсанд асуудлын гол оршиж харагдана.

Эх сурвалж: Шуурхай.мн

Лмнк: http://www.shuurhai.mn/121829

скачать dle 12.0

Санал болгох