Асрагчаас Төрийн сайд
Тэгвэл улстөрийн ууган хүчин нийгмийн энэхүү чухал салбарын жолоог Ж.Цолмонд атгуулахаар шийдвэрлэсэн нь нүдээ олсон хэрэг болжээ. Тэрбээр Анагаах ухааны их сургуулийг төгссөн цагаас хойш эрүүл мэнд, эмнэлгийн салбарт анхан шатнаас нь ажиллаж суралцсан туршлагатай нэгэн. Анагаах ухааны их сургуулийн оюутан Ж.Цолмон хоёрдугаар эмнэлэгт асрагчаар ажиллаж, зах зээлийн нийгмийн шилжилтийн хүнд үед ажлынхаа гарааг төрөлх сургуульдаа багшилсанаар эхэлжээ. Багшлах гэдэг амаргүйн зэрэгцээ өөрөөс нь их зүйл шаардах учраас тэрбээр АНУ, Япон, Солонгос гэсэн өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэжил эзэмшсэн байна. Нийгмийн хөгжлийн гол тулгуур болох эрүүл мэндийн салбарт гурван Засгийн газар дамжин Дэд сайдын алба залгуулсан гээд Ж.Цолмонг эрүүл мэндийн салбараас салгаж ойлгох аргагүй. Тэрбээр энэ хугацаанд Монгол Улсынхаа бүхий л аймаг сумдаар явж, эрүүл мэнд, эмнэлгийн анхан шатны байгууллагаас эхлээд томоохон бүтэц бүхий хүртэл бодлого боловсруулалцсан хүн. Анагаахын шинжлэх ухааны ололт амжилтыг дагасан олон эрдэм шинжилгээний ажил хийж, өнөөдөр анагаах ухааны доктор болтлоо өсөн дэвжсэн байна.
Улстөрийн томилгооны нэгэн талбар болсноор уналтад ороод байсан эрүүл мэндийн салбар өнөөдөр жинхэнэ эзэнтэй болох гэж байгаа нь сайн хэрэг. Улс орон, хүн амын хөгжлийн нэгэн түлхүүр салбар ийнхүү мэдлэг боловсролтой, туршлагтай хүний гарт очиж гэмээнэ хөгжлийн нэгэн томоохон гарц болно гэдгийг ажиглагчид ярьж буй. Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгээс эхлэн Төрийн сайд хүртэл туулж ирсэн он цаг бол түүнд арвин туршлага хуримтлуулаад зогсохгүй, энэ салбарын ганц стратегич болж бэлтгэгдсэн хүн гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн дуу нэгтэй баталдаг.
Нөгөө талаар Ж.Цолмон улстөрийнхөө зүгээс ч жинхэнэ хатаагдаж бэлтгэгдсэн гэхэд болно. Бага залуугаасаа итгэл үнэмшлээ өгч ирсэн улстөрийн ууган хүчинд удирдах түвшний албыг олон жил нэр төртэй залгуулсан гэдгийг ч намынх нь журамт нөхөд дурсдаг. Тухайлбал, МАН-ын Бага хурлын гишүүнээр 10 жил, Удирдах зөвлөлийн гишүүнээр зургаа, Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр 9 жил, Удирдах зөвлөлийн гишүүнээр 13 жил ажиллахдаа тэр намын дотоод шинэчлэл, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж ирсэн нь улстөрийн ноён нуруутай гэдгийг нь харуулна. Тэр улстөрийн талбарт зүгээр ч нэг муйхарлан зүтгээгүй. Өнгөрөгч хугацаанд хууль зүйн чиглэлд боловсорч, дэлхийд нэртэй Харвардын их сургуулийг улстөр судлаач мэргэжлээр төгсөн өөрийнхөө улстөрийн мэдлэгт томоохон хөрөнгө оруулалт хийсэн нь ч санаандгүй хэрэг биш.
Түүний амьдралын намтраас цухас дурдахад л тэр ямар хэмжээнд бэлтгэгдсэн хүн бэ гэдгийг харж болно. Яах аргагүй тал талаасаа хатаагдаж бэлтгэгдсэн ийм хүн эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх нь хамгийн зөв шийдвэр юм. МАН ч Засгийн газраа байгуулахдаа юу юуны өмнө "мэргэжлийн” болон туршлагад тулгуурласан нь энэ хүнд цаг үеийг эрсдэл багатай давахад томоохон нөлөөлөл үзүүлж таарна. Засгийн газрын бүтцийг дагасан санаатай санаагүй элдэв мэдээлэл тэнүүчилж байгааг нуух юун. Улстөрийн ууган хүчинд ард түмэн нэгэнт өндөр итгэл хүлээлгэсэн. Одоо ямар нэгэн байдлаар үнэлгээ дүгнэлт өгөх аргагүй. Хүссэн хүсээгүй дөрвөн жилийн дараа ард түмэн дүн тавина. Энэ үед л "мэргэжлийн” Засгийн газар хэрхэн ажилласныг сонгуулийн үр дүнгээс харах болно. Ямартай ч МАН нийгмийн амин чухал салбарыг өндөр боловсрол, өргөн туршлага бүхий Ж.Цолмонд даатгахаар болсон нь энэ айл өөдлөн дэвших зөв замдаа орлоо гэсэн үг.
А. Батаа