Ерөнхийлөгч МАН-ынхантай үлдсэндээ баяртай байна

🕔 2016/07/04 09:34

Ерөнхийлөгч МАН-ынхантай үлдсэндээ баяртай байна

 


Төрийн хоёр өндөрлөгийг гуд татаж унагасан гоё сонгууль боллоо. Тэд ер нь УИХ-д өрсөлдөх хэрэг байсан ч юм уу, үгүй юу бүү мэд. Намаа бэлтгээд сууж байж болоогүйн гол шалтгаан нь эрх мэдэлд тэмүүлэх хүсэл, пропорциональ тогтолцоог буруу харж уйлж зөв харж инээн байж "авч хаясан”-д харамссаных болов уу.

Үнэн хэрэгтээ "пропорциональ” тогтолцоог авч хаяснаас эхлээд л "Сайн хашаа”, "Сайн хувьцаа” хөтөлбөр болон Тавантолгойн цахилгаан станцыг Оюутолгойн хөрөнгө оруулагчдад атгуулах, В.Путины "бэлэглэсэн” Эрдэнэт үйлдвэрийг Ч.Сайханбилэгийн "эртэй сайндаа” хийсэн ажил мэт харагдуулах гэхчлэн бүх хүчээ шавхсан ч яах аргагүй өвдөг шороодлоо.

Ерөнхийлөгч туршлагатай тулхтай улстөрчийн хувьд бушуухан Мьянмар руу бултаж яваад ирэхэд салхи хэдийнэ эргэсэн байлаа. Ямар унаж яваа бөхийн шуудаг руу алгадалтай биш инээмсэглэн ажиж суув. Учир нь Ерөнхийлөгчийн гаргасан цөөнгүй шийдвэрийг өнөөх "хоёр өндөрлөг” хошуу холбон унагаж байсан нь саяхан.

Ийнхүү АН цэвэршихийг ардчилагчид инээмсэглэн харж сууна. Тэдний нүүрнээс гуньж гомдсон шинж олж харъя гэвч харагдахгүй байна. Харин ч улирал солигдох адил, жам ёсны үзэгдэл мэтээр хүлээн авч байгаа нь таатай. Сонгогчдын хувьд ч шууд хүлээн зөвшөөрөх уур амьсгал ноёрхож тайван амгалан сайхан сонгууль боллоо.

"Буцах дөхөж, ачаагаа ачаалчихаад” байгаа Ерөнхийлөгчийн хувьд шинэ УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ноён нуруутай хүмүүс ирэх тусам амар. Нөгөөтэйгүүр дараа дараагийн УИХ-д нэр төртэй орж ирэх замаа хангалттай засчихлаа.

Хэрэв 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Р.Амаржаргал, МАН-аас М.Энхболд, МАХН-аас Н.Энхбаяр нар өрсөлдвөл сонгууль бүр ч сонирхолтой болно. Одоогоор төсөөлөхөд эрт байгаа ч ард түмэн хамгийн мэргэн, хамгийн хүчтэй гэдгийг энэ удаагийн сонгууль харууллаа. Ирэх сонгуулиуд ч мөн адил. Одоо эрх мэдлээс зууралдсан, хамгийн их чаргууцалдсан хүмүүсээс ард иргэд "айж” сурчээ.

Ерөнхийлөгч МАН-ынхандаа үлдсэндээ баяртай байна. Учир нь хамгийн дотны хүндээ л гомддогийн адил намынхандаа гомдох, намынхантайгаа зөрчилдөх түүнд хэцүү байсан. Одоо тэр төрд ажиллаж сурсан, эрэмбээ мэддэг эрх баригчидтай хамтарч ажиллахаар боллоо. "Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг дээ. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр анх сонгогдоход ийм л төр угтсан. Тэр ийм л төрөөр Ерөнхийлөгчийн албанаас үдүүлэхдээ таатай байх болно.

 У.Оргилмаа

http://www.zaluu.com/read/7f5d0eec

скачать dle 12.0

Санал болгох