Хотынхон минь хогоо хямгадаад сурчих юмсан

🕔 2023/10/24 18:05

Гаднын хотуудын гудамж талбай цэвэр цэмцгэр. Бүртийх хоггүй газраар явахад сэтгэл тэнэгэр. Байшин хоорондын зай тавиу, алхах зуур эргэн тойрныг ажихад сэлүүн. Гэтэл манайд яг эсрэгээрээ. Нийслэлийн төвийн гудамжны захаар хог, цаас үргэлжилж, хана ханаа дарах шахам босгосон цементен ширэнгэ дотор бачууруулна. Мөнөөх ширэнгэ дунд ачилгүй удсан хогон овоо “дүнхийж”, үнэр танар нь хавь ойртоо шингэн хамар битүүрүүлнэ. Монголчуудын суурьшин амьдрахдаа хэвшүүлж чадалгүй өдийг хүрсэн нэг согог нь хогоо хямгадаж, цагт нь ачиж холдуулж сурсангүй.
Энэ зан хэзээний юм шиг билээ. Борон Унгерн Нийслэл хүрээнд ирээд төв дунд нь нуруулдаастай их хогийг хамгийн түрүүнд цэвэрлүүлсэн юм гэдэг. Дайн дажин туулсан хэдий ч соёлт ертөнцөөс ирсэн хүнд хэцүү харагдсан байлгүй. Өнөөгийн Сүхийн талбай байгаа газрын орчимд хогон овоотой, Хүрээнийхнийг ямар сайндаа тэр цагт “Өндөр хогийнхон” хэмээн хочилж байх вэ дээ. Шөргөн хашааны хоорондох гудамж нь өмхий самхай, шавар шалбаагт дарагдчихаад байсныг ус зайлуулах үүрэг бүхий модоор биежүүлсэн сувагтай болгож шавхайг нь бас чиг хөнгөлж өгчээ.
Шинэ зуунтай золгоод 23 оныг үдсэн ч нэгэн зууны өмнөх Хүрээний дүр зураг нийслэл хотод энд тэндгүй. Ганган машины цонхоор эрчүүд нь татсан тамхины ишээ шидчихдэг, дэгжин шаавай бүсгүй самрын яс халааснаасаа гаргаад цацчихдаг, багачууд хүүхэд нь чихрийн цаас, чипсний уутаа хумхиад чулуудчихдаг нь байх л ёстой үйлдэл мэт өнөөг хүрлээ. Хогийн сав дэргэд нь байхад хоёр алхаад хийчхэлгүй цэц мэргэнээ үзэх мэт зүглүүлж шидээд гадна талд нь унахад өшиглөж хаячихаад явчихдаг залуус зөндөө.
Хот тохижуулахынхан хэчнээн цэвэрлэвч эргээд харахад л хог хөглөрчихсөн байх. Хээр гадаа гарч байгалийн сайханд зугаалахдаа очсон газрынхаа үзэсгэлэнг хоолны үлдэгдэл, ус ундаа, архины шил, сав, өтгөн шингэнээрээ буртаглаж байж сая сэтгэл амардаг нь ёс мэт. Өөрөөс гарсан хогийг уут саванд хямгадаад хогийн цэгт хүргэх тийм хэцүү гэж үү. Хаа очиж арчаатайхан даргатай муу нэрт захын гэх хорооллууд арай цэвэрхэн шүү. Хөдөө сумын төвүүд дунд хог буртаггүй тохилог сууринууд зөндөө. Саяхан зүүн аймгуудаар явахад Дорнодын Хөлөнбуйр, Сүхбаатарын Асгат, Дарьганга гээд бүртийх хоггүй цэмцгэрхэн сумд зөндөө харагдсан. 
XXI зуунд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж яваа, цахим ертөнцийг гартаа атгачихсан нийслэлчүүд минь хогоо л хямгадаад сурчих юмсан.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Санал болгох