ОРХОН: Анх удаа ногоо тарьж эхэлсэн иргэдийн тоо энэ жил 300-аар нэмэгджээ

🕔 2023/09/29 04:31

Баян-Өндөр, 
2023 оны есдүгээр сарын 28/МОНЦАМЭ/.Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн иргэдийн бүлэг“Эко Эрдэнэт”төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр 24 хүлэмж авч, таван төрлийн хүнсний ногоо, жимс, эмийн ургамал тарьжээ. Тэд хураасан ногоогоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлж эхлээд байна.
Хүнсний технологич Д.Болормаа хэлэхдээ,“Би иргэдийн бүлэгт зөвлөх агрономичоор ажиллаж байна. Хүмүүс хоршоолж ногоо тарьснаар өрхийн хэрэгцээнийхээ хүнсний ногоо, жимсээ тарьж, орлогоо нэмэгдүүлэхээс гадна өөртөө ажлын байр бий болгож байна. Бид “Эко Эрдэнэт" төслийн хүрээнд хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан, химийн бордоогүй, эрүүл ногоо тариалж, зах зээлд нийлүүлэх зорилготой” гэсэн юм.


Ахмад настан Ш.Цогзолмаа:"Би замын инженер мэргэжилтэй. Тэтгэвэртээ гараад анх удаа  хүлэмжид хулуу тарьж үзлээ. Гурван удаа хураалт хийсэн. Нэг хураалтаар дунджаар 400-500 кг хулуу хураан авсан. Тарьсан хулуугаараа салат, варень, икра, тосон дармал зэрэг таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулж байна. Хүнсний аюулгүй байдал алдагдаж буй энэ үед хүнсний ногоогоо өөрсдөө тарьж, хэрэгцээгээ хангаж байгаа нь хамгийн том давуу тал болж байна. Цаашдаа хулууныхаа нэр төрлийг нэмэгдүүлж  өөр олон төрлийн ногоо, жимс тарина” гэлээ.

Цагаанчулуут багийн иргэн Д.Нармандах:“Би энэ жил анх удаа газар тариалангийн салбарт орж хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Тариалалт хийж байсан туршлагагүй учраас арчилгаа бага шаарддаг салатны навч тарьсан. Удахгүй хоёр дахь хураалтаа хийнэ. Салат навч нь 45 хоногийн дотор болц гүйцдэг учраас хавар эрт таривал олон удаа хураалт хийх боломжтой байдаг. Хоршоолж ажиллаж байгаа учраас бусад ногоочдоос туршлага судалж, олон зүйл сурч байгаадаа баярлаж байна” гэлээ.
Ийнхүү Орхон аймаг өрхийн тариалан эрхлэгчдийг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй үнээр хүлэмж олгож байна. Анх удаа ногоо тарьж эхэлсэн иргэдийн тоо энэ жил 300-аар нэмэгдсэн байна.

скачать dle 12.0

Санал болгох