Мазаалай баавгайн тоо толгой тогтвортой өсөж байна

🕔 2023/09/15 11:03

Монгол орны нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн мазаалай баавгай нь Алтайн өвөр говийн Цагаан богд, Баруун Тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархац нутгийнхаа тэн хагасаас бага нутаг Сэгс Цагаан Богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас Ингэс хавиар байршин нутаглаж байна. Тархац нутаг нь 1960-аад оныхоос 5 дахин хумигдаж багассан. Мазаалай баавгайг 1967 оноос хойш судалж эхлэх үед тоо толгой 20-35 орчим байсан.
Дэлхийн байгаль хамгаалах холбоо /IUCN/-ны олон улсын үнэлгээгээр устаж байгаа ангилалд ордог Мазаалай баавгайг хамгаалах хүрээнд
1953 онд – Хуулиар агнахыг хориглосон.
1975 онд – Говийн их дархан цаазат газрыг байгуулан хамгаалалтад авсан.
1987, 1997, 2013 онуудад – Монгол Улсын улаан номд бүртгэгдсэн.
1991 онд - Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/ -ийн 1 дүгээр хавсралтад бүртгэгдсэн.
2005 онд – БОЯ, НҮБХХ хамтран “Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах төсөл”-ийн хүрээнд мазаалай баавгайн шилжилт хөдөлгөөн, генетикийн судалгааг эхлүүлсэн.
2007 онд – Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан Харри Рейнолдс “Мазаалай судалгааны төсөл” эхлүүлэн монгол судлаачдыг сурган ажиллаж байна.
2013 онд Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах Үндэсний хөтөлбөрийн хүрээнд мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг эхлүүлэв.
2018-2023 онуудад БНХАУ-ын Буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
 
 
Мазаалай баавгайг өсгөн, үржүүлэх чиглэлээр “Говийн баавгай төсөл”-ийг хэрэгжүүлэн судалгаа хийсэн бөгөөд 2017 онд автомат камер болон генотипийн судалгаагаар 22-31 бодгаль байна гэж доктор Л.Амгалан, доктор Т.Одбаяр нар тогтоосон. 2009, 2013, 2017 онуудад нийт 2660 ширхэг генетикийн дээж цуглуулснаас:
1. 2009 онд 23 бодгаль,
2. 2013 онд 28 бодгаль,
3. 2017 онд 31 бодгаль байна гэж тогтоосон ба 13 полиморфизм микросателлит локи ашиглан тогтоосон.
БНХАУ-ын Буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд Генетикийн дээж, автомат камерын дата мэдээллийг ашиглан 52 бодгаль гэж Монгол Улсын болон БНХАУ-ын эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны үр дүнд тогтоогоод байна.
 
 
1. 2019 онд 25 бодгаль
2. 2020 онд 36 бодгаль
3. 2021 онд 34 бодгаль
4. 2022 онд 52 бодгаль гэж урьдчилсан судалгаагаар тогтоосон бөгөөд 2023.07.20-2023.08.20-ны хооронд Монгол Улс, БНХАУ-ын судлаачид хамтран хийсэн судалгаагаар нийт 9 цэгийн автомат камераас 10976 ширхэг зураг, бичлэг мэдээлэл цуглуулж, 4 хөдөлгөөн мэдрэгч автомат камерыг нэмж байршуулав. Мазаалайн амьдрах гол нутгууд болох Мазаалай, Хөшөөт, Шар Хулстай, Хатансуудал, Цагаан Богдын нуруудад 16 талбайд 186 зүйл ургамлын нийт 883 ажиглалтын гэрэл зургуудыг координат цэгийн хамт бүрдүүлэв. Мөн Алтайн өвөр говийн тойргийн ургамлын аймгаас нийт 30 гаруй зүйл болон нэн ховор, ховор 6 зүйлийн биет цуглуулгыг хийж эталон загвар бэлтгэв. Сэгс Цагаан Богд ууланд 20 ширхэг бажууны үндсэнд хэмжилтүүдийг хийж гүйцэтгэсэн бөгөөд нэгдсэн дүн мэдээллийг судлаачид нэгтгэн гаргахаар ажиллаж байна.
 
 
Хамгааллын чиглэлээр дараах ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.
42 уст цэг, 28 тэжээлийн сав, шилжилт хийдэг 54 цэгт нийт 124 автомат камер байрлуулсан.
Алтайн Өвөр говьд зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 30 тонн ус хуримтлуулах хөв байгуулж, гурван худаг дээр нарны өргүүр суурилуулах ажлыг хийсэн.
БНХАУ-ын судлаачидтай хамтран хийсэн судалгааны хугацаанд 902833 мэдээлэл цуглуулснаас 361133 мазаалай баавгайн фото зураг болон видео бичлэг, бодгаль бүрийг харьцуулан ялгах боломжтой 216679 зурагт боловсруулалт хийсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Мазаалай хамгаалах үндэсний зөвлөгөөнийг 2022 онд зохион байгуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдав.
Мазаалай баавгайг хамгаалах хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болсон бөгөөд нэн тэргүүнд “Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг эцэслэн батлах, “Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан” болгох, жил бүрийн 02 дугаар сарын 28-ны өдрийг “Мазаалай баавгай”-н өдөр болгох зэрэг ажлыг хэрэгжүүлнэ.
 
скачать dle 12.0

Санал болгох