Шүгэл үлээсэн цагдаагийн мэдэгдлийн мөрөөр хариуцлага тооцжээ
Булган аймгийн Орхон сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэг нүүр номоороо дамжуулан удирдлагуудынхаа талаар шүгэл үлээсэн. Тэрбээр бага насны хүүхэд, эхнэрийн хамт хөдөө ажиллахаар ирсэн ч удирдлагууд нь цалинг нь хэд хэдэн удаа үндэслэлгүйгээр хассан. Энэ талаар хэлэхээр дарамталдаг, дуугүй байхыг шаарддаг гэв. Мөн түүнийг шалгаж, гар утасны ярианы бичлэгийг нь цагдаагийн байгууллагын нэрийг ашиглан авсан гэсэн юм. Тэгвэл түүний мэдээллийн мөрөөр ЦЕГ-аас хяналт шалгалт хийжээ. ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга хурандаа н.Манлайбаатар “О.Цэлмэг өнгөрсөн сарын эхээр 126 дугаарын утсаар гомдол гаргаж, цагдаагийн эрх ашгийг зөрчсөн тул шалгуулах хүсэлтээ өгсөн. Тэрээр энэ талаар тухайн үед ч нүүр номдоо бичсэн. Энэ дагуу бид ажлын хэсэг томилон, Булган аймагт хяналт шалгалтыг биечлэн хийсэн. Шалгалтаар түүний гомдлын зарим нь үндэслэлтэй байсан. Тухайлбал Булган аймгийн Цагдаагийн газрын дарга ажилчдын цалинг үндэслэлгүй хассан тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Мөн тухайн цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Б.Баттулга болон нягтланд хариуцлага тооцсон. Газрын даргыг ажлаас чөлөөлж, дэд даргын албан тушаалыг бууруулсан. Тухайн үед энэ бүх хариуг алба хаагчид газар дээр нь өгсөн. О.Цэлмэг энэ сарын 28-нд цахим сүлжээнд энэ асуудлыг дахин бичжээ. Дахин шинэ баримтууд дэлгэсэн тул бид өнөөдөр ажлын хэсэг байгуулсан, шалгана. Тухайн алба хаагч ямар үүрэг гүйцэтгэсэн, үүргээ гүйцэтгэх явцад удирдлагууд зөв мэдээлэл, хяналтаар хангасан, эсэхийг шалгана. Гэмт хэргийн, ёс зүйн, зөрчлийн асуудал уу, дотоод дүрмээ мөрдсөн үү гэдгийг тогтооно” гэв.
Эх сурвалж: www.polit.mn