Израилийн армийн органик хог хаягдлыг сэргээгдэх эрчим хүч болгон ашиглана
ИЕРУСАЛИМ./TPS/. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Израилийн Батлан хамгаалах яам болон Батлан хамгаалах хүчин цэргийн баазууд дахь органик хог хаягдлыг сэргээгдэх эрчим хүч болгон хувиргах төслийг даваа гарагт эхлүүллээ. Энэхүү төсөл нь Израилийн Бейт Янай хотын “HomeBiogas” компанитай (старт-ап) хамтран хүнсний хог хаягдлыг "био хий" болгон хувиргах зорилготой юм.
Био хий нь хөдөө аж ахуйн хог хаягдал, малын ялгадас, хүнсний хаягдал, бохир ус зэрэг органик бодисыг хүчилтөрөгчгүй орчинд задлах замаар үйлдвэрлэдэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр юм. Энэ үйл явц нь органик материалыг задалдаг бичил биетний үйл ажиллагааны үр дүнд гол төлөв метан, нүүрстөрөгчийн давхар исэл болон устөрөгчийн сульфид зэргээс бүрдсэн нийлмэл хийг үүсгэдэг.
Метан нь хоол хийх, халаалтын систем болон тээврийн хэрэгсэлд ашиглаж болох эрчим хүчний үнэт нөөц болдог. Түүнээс гадна био хийг бордоо үйлдвэрлэх, хог хаягдлын менежментэд ашиглаж болно. Даваа гарагт Израилийн төв хэсэгт байрлах Глилот баазад болсон ёслолын ажиллагааны үеэр армийн био хийн анхны системийг суурилуулсан юм.
Энэхүү технологи нь өдөрт 500 кг хүртэлх органик хог хаягдлыг дахин боловсруулах чадвартай бөгөөд үйлдвэрлэсэн био хийг цэргийн баазын хэрэглээний усыг халаахад ашиглах аж. Уг системийг нэг жилийн хугацаанд туршилтаар ашиглаж, жилийн дараах үнэлгээ нь сайн гарвал бусад баазуудад нэмж суурилуулна.
Израилийн Батлан хамгаалах яамны нийт хог хаягдлыг устгахад жил тутам ойролцоогоор 22 сая ам.доллар зарцуулдаг бөгөөд ихэнх хог хаягдлыг хогийн цэг рүү тээвэрлэдэг байна.
Израилийн Инновацийн Газрын Гүйцэтгэх захирал Дрор Бин хэлэхдээ, "HomeBiogas" компанийн энэ систем нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулах ирээдүйтэй шийдлүүдийн нэг бөгөөд нийтийн хоолны салбарын тулгамдсан хэрэгцээг шийдвэрлэж чадна" гэжээ.
“HomeBiogas”-ыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ошик Эфрати ярихдаа "энэхүү төсөл нь органик хог хаягдлыг тээвэрлэх, устгах явцад үүсдэг байгаль орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх инновацлаг, хэмнэлттэй шийдлүүдийг олоход чиглэсэн “HomeBiogas”-ын алсын харааг хэрэгжүүлэх бас нэг чухал алхам юм" гэлээ.
Д.ОдонЭх сурвалж: "Монцамэ" агентлаг