Ногоон зээлээр тухтай амьдарч болно

🕔 2023/07/18 10:00

Иргэд өндөр хүүтэй, хатуу шаардлагатай зээл банкнаас авч, хэдэн тоосго эсвэл блок давхарлан сар, жил дамнан байшин барьдаг үе ард хоцорч.
Олон улсад сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг үр ашигтайгаар шийдвэрлэх, дэвшилтэт технологийг ашиглах замаар ногоон санхүүжилтийг дэмжиж байгаа. Манай улсад ч мөн адил банкуудаас иргэн, ААН-д зээл өгөхдөө байгаль орчныг хамгаалах, ногоон эдийн засгийн өсөлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг дэмжин санхүүжилт олгож байна. Тэгэхээр иргэн та байгальд сөрөг нөлөөгүй, өрхийн орлогод нийцсэн ямарваа нэгэн бүтээгдэхүүнийг таатай нөхцөл бүхий зээлээр шийдүүлэн авах боломжтой гэсэн үг юм. Тодруулбал,
  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур
  • Дулаалгын материал
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр
  • Хувийн орон сууцыг инженерийн шугам сүлжээнд холбох
  • Цахилгаан тээврийн хэрэгслүүд
  • Мод бут, ногоон байгууламж
  • Стандартын шаардлага хангасан жорлон
  • Ногоон амины орон сууц зэрэг зүйлсийг тодорхой банкуудын “Ногоон зээл”-ээр шийдүүлэх боломж байгаа.
Сүүлийн үед орлогод нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй хаусыг таатай нөхцөлөөр 1 сарын дотор бариулах боломжтой болсон. “Пассив хаус”, “Гэртү хаус”, “Хабрид хаус” гэх мэт компаниудын хаусыг ногоон зээлээр авч болно. Эдгээр хаусын хувьд м2-ын  үнэ болон урьдчилгаа төлбөр нь орон сууцны үнээс хямд гэдгээрээ өрхийн санхүүд дарамт учруулахгүй.
Та ногоон зээлд хамрагдахын тулд эхлээд бүтээгдэхүүнээ сонгож, тус бүтээгдэхүүнийг аль банкны ямар зээлээр авах боломж байгаа судлах хэрэгтэй. Үүний дараа банкны тавьж буй шаардлагын дагуу материалаа бүрдүүлэн очиж зээлээ шийдүүлнэ. Зарчмын хувьд иргэд мэдээлэлтэй байх нь чухал юм. Мөн банк болон ногоон бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж буй байгууллагууд мэдээллээ олон нийтэд сайн түгээх шаардлагатай байгаа юм. Хэрэв иргэд байгальд ээлтэй амины орон сууцтай болоод эхэлвэл улсын эдийн засаг болоод байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Ядаж л өвлийн улиралд утаа ч гэсэн ямх ямхаар багасах болно.
скачать dle 12.0

Санал болгох