Ногоон Улаанбаатар болоход алхам алхмаар

🕔 2023/07/18 09:03

Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад ногоон байгууламжийн эзлэх хувь хэзээд чухал. Тиймээс ч дэлхийн хотууд 50:50, 60:40 гэсэн харьцаатай ногоон байгууламжтай хотыг бий болгох стандартыг мөрддөг аж. Манай улсын хувьд 70:30 харьцаатай зохицуулалт үйлчилж байснаас болж өнөөдөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн харьцаа, орон зайн төлөвлөлт, иргэдийн ая тух алдагдсаар ирсэн. Өнөөгийн нөхцөлд хотын бүтээн байгуулалтын 60 хувь нь ногоон байгууламж, 40 хувь нь барилга байгууламж байхаар төлөвлөх шаардлагатай байна. Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт бүхий гудамж, талбайг байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 5.7 ам метр болж нэмэгдсэн байна. Гэсэн ч энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага юм. Иймд нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь эн тэргүүнд хийх ажлын нэг болоод буй.
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг найман ам метрт хүргэхээр нийслэлийн зүгээс төлөвлөн ажиллаж буй. Тодруулбал, нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, “Хотын иргэний аюулгүй байдал”-ыг хангах зорилгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг бусад хотын жишигт хүртэл нэмэгдүүлж мод тарьж, ургуулах юм.

https://erennews.mn/article/60603
скачать dle 12.0

Санал болгох