Ногоон эко парк, үйлдвэрлэл инновацын төвийг 11-р хороонд байгуулж, Оргидгийн рашааныг орон нутгийн хамгаалалтад авна
Баянзүрх дүүргийн ИТХ-ын Дэд бүтэц, Амьдрах орчны хөгжлийн хорооноос Баянзүрх дүүргийн хөгжлийн баримт бичиг "Хөгжлийн зураглал - 2030" бодлогод туссан зорилт, ажлыг эрчимжүүлэхээр зарим байршилд ажиллалаа. Тухайлбал Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхор нуур орчимд “Үйлдвэрлэл инновацын төв төсөл”, “Ногоон эко парк” төслийг хэрэгжүүлэхээр болж урьдчилсан байдлаар төлөвлөлтийг гаргалаа.
Баянзүрх дүүргийн “Ногоон эко парк” нь эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж дүүргийн төрийн худалдан авалтын сүлжээ буюу ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол, цэцэрлэг, эмнэлэг, сувилалд нийлүүлэх, дүүргийн хүнсний брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, дүүрэг, нийслэлийн хэмжээнд борлуулах, ирээдүйд экспортлох зорилготой.
Харин “Үйлдвэрлэл инновацын төв төсөл” шинэ, дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд ээлтэй, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, Шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, туршилт судалгааны төвийг бий болгох, Төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм.
Үүний дараа Оргидгийн рашаан буюу бумбатын толгойгоос эх авдаг, "Ходоодны рашаан"-ыг орон нутгийн хэрэгцээнд авахаар боллоо. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд “Буяны далай дэлгэрүүлэгч төв” Төрийн бус байгууллага, нутгийн иргэд хамтран тохижуулах, хамгаалалтын асуудлыг шийдэх үүднээс тодорхой ажил зохион байгуулах боломжтой гэдгийг хэллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.