Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ногоон санхүүжилтийг онцлов
“Ногоон санхүүжилт-Олон улсын форум” өнөөдөр /06.14/ Улаанбаатар хотноо эхэллээ. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.
Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Та бид өнөөдөр хүн төрөлхтний хамгийн хүнд сорилт болсон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, төлөвлөсөн төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэн ярилцахаар хуран цуглаад байна. Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний оршин тогтнохуйн аюулгүй байдалд хүчтэй нөлөөлж, эрдэмтэн, судлаачид, дэлхийн удирдагчид, олон улсын хамтын нийгэмлэгүүд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Түүнчлэн улс орон бүр өөрсдийн зорилт, хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхээр хичээн ажиллаж байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл эрчимжсэн хэвээр. Аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хойш буюу сүүлийн 170 гаруй жилд дэлхийн гадаргуугийн дундаж температур 1.09 хувиар нэмэгдэж, дэлхийн хэмжээнд биологийн олон янз байдлын хомсдол зэрэг бусад сөрөг нөлөөллүүд нэмэгдсээр байгааг олон тооны судалгааны үр дүн харуулсаар байна.
Зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд европ тив дэх цаг агаарын дулаарал, хойд америк тив дэх гал түймэр, африк тив дэх ган гачиг, ази тив дэх үер усны гамшиг гээд дэлхийн таван тивд байгалийн гамшиг тохиолоо. Өнгөрөгч тавдугаар сард дэлхийн цаг уурын байгууллагаас дэлхийн агаарын дундаж температур ирэх таван жилд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгааг мөн зарлав. Үүнтэй зэрэгцээд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ч амаргүй хэвээр байна.
ОУВС-ийн сүүлийн судалгаанаас үзэхэд дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.4 хувь байсан бол энэ онд 2.8 хувь болж буурахаар байна. Ялангуяа, европын эдийн засгийн идэвхжил ихээхэн саарахаар байна. Эрчим хүчний үнэ сүүлийн үед харьцангуй буурч байгаа хэдий ч эрчим хүчний аюулгүй байдлын асуудал ихээхэн анхаарал татаж байна. Энэ нь ногоон хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэх асуудал урьд өмнөхөөс илүү чухал болж байгааг харуулж байна. Тиймээс дэлхий нийтийг хамарсан нийгэм, эдийн засаг, геополитикийн олон сорилт, бэрхшээлүүд учирч байгаа ч гэсэн байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтаа Та бид улам эрчимжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн илүү өндөр зорилт дэвшүүлж, илүү үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, илүү их санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Тийм учраас Та бид өнөөдөр энэ чуулганаар ногоон санхүүжилтийн асуудлыг түлхүү ярилцах болно.
Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч энэхүү хүчин чармайлт, бодлого үйл ажиллагаагаа хэрхэн санхүүжүүлэх талаар олон асуудлууд шийдлээ хүлээсэн хэвээр байна.
Уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулаад зогсохгүй дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, дэлхийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг илүү тогтвортой, илүү хүртээмжтэй болгоход онцгой үүрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хэмжээнд жил бүр дунджаар 650 тэрбум ам.доллар зарцуулж байгаа талаар ОУВС-ийн тайланд онцолжээ. Тэгвэл Парисын хэлэлцээр болон НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүрэн ханган хэрэгжүүлэхийн тулд жил бүр их наядаар тоологдох хөрөнгө санхүүжилт шаардлагатай байгаа билээ.Тухайлбал, 2019 онд 500 тэрбум ам.доллар байсан дэлхийн уур амьсгалын санхүүжилтийг 2030 онд 2.4 их наяд ам.доллар болгон бараг 5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Лондоны эдийн засгийн сургуулийн сүүлийн судалгаа харуулсан байна.
Санхүүжилтийг нэмэгдүүлэхдээ эрчим хүчний шилжилт хийх, иргэдийн амьжиргаа, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх, экосистемийг хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэх улс орнуудын дэд бүтэц, чадавх, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд түлхүү чиглүүлэх шаардлагатай байна. Ийнхүү хүн төрөлхтний өмнө тулгараад буй энэхүү сорилт, бэрхшээлийг улс орнууд дангаараа даван туулах боломжгүй бөгөөд гагцхүү нэгдмэл зорилго, нэгдсэн бодлого, хамтын хүчин чармайлтын үр дүнд амжилтад хүрнэ.
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг юм. Тухайлбал, Монгол Улсын агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Мөн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөөд байна. Түүнчлэн сүүлийн 25 жилд цаг уурын гаралтай гамшигт үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгдэж, энэ нь жил бүр манай улсын нийт хүн амын 8 хувийнх нь аж амьдралд нөлөөлж, ДНБ-ий 0.6 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учруулдаг гэсэн судалгааны үр дүн гараад байна.
Дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хувь нэмрээ тодорхойлж, энэ хүрээнд 2050 он гэхэд дэлхийн 70 гаруй улс хүлэмжийн хийн ялгарал ба шингээлтийн зөрүүг тэглэхээ амлаад байна.
Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн нийтийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувьд хүрэхгүй хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, өөрийн зохих хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ. Тухайлбал, Монгол Улс нь хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд улмаар 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилтоо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын ээлжит 27 дугаар Бага хурал дээр илэрхийлсэн.
Дээрх бодлого, зорилтуудыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг нийгэм, эдийн засгийн голлох салбаруудын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачилж, улс орон даяар хэрэгжүүлж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ард иргэд идэвхтэй оролцож, хамтран ажиллаж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна. Тухайлбал, “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан ургуулснаар ойн хомсдол, доройтлыг бууруулах, усны нөөц, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тогтвортой санхүүжилтийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай оронд айлчлах үеэрээ “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, хамтран ажиллахаа илэрхийлснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Уг хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр иргэд, олон нийтийн зүгээс байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх үйл хэрэгт хандах хандлагад сэтгэлгээний томоохон өөрчлөлт гарч байгаа нь хамгийн чухал эхний үр дүн гэж үзэж байна. Цаашлаад Монгол улс хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбараас гаралтай нүүрсхүчлийн хийн ялгарлыг эрс бууруулах шаардлагатай.
Манай улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтойг харуулдаг. Тиймээс Монгол Улс цэвэр болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, энэ салбарын бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах болно. Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжих чиглэлд хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Тухайлбал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанууд нь ногоон хөгжлийг дэмжихэд чиглэгдэх болно.
Эрхэм нөхөд өө,
Монголчууд бид байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ. Бидний энэхүү амьдралын хэв маяг нь онгон дагшин байгалиа хайрлан хамгаалахын зэрэгцээ үр шимийг нь урт удаан хугацаанд хүртэж, хойч үедээ өвлүүлэн үлдээх холч ухааныг агуулдаг. Тиймээс байгаль орчны бохирдол, экологийн доройтлыг эрс бууруулах, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, ногоон хөгжлийг цогцлооход эдийн засаг, нийгмийн бодлого бүрэн чиглэгдэх учиртай.
Улс орнуудын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, сорилт, түүнд шаардагдах санхүүжилтийг дангаар шийдвэрлэж, даван туулах боломж хязгаарлагдмал тул бүс нутгийн болон олон улсын хэмжээнд харилцан ашигтай хамтран ажиллаж, туршлага солилцох, цаашлаад энэ чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог өргөжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан цар тахал, бараа үйлчилгээний үнийн өсөлт, эрчим хүчний хямралаас шалтгаалан сүүлийн жилүүдэд ихэнх улс орнуудын төсвийн орон зай бага байгаа нь байгаль орчны санхүүжилтийг нэмэгдүүлэхэд томоохон эрсдэл учруулж байна. Энэ утгаараа хоёрдох удаагийн “Ногоон Санхүүжилт-Олон Улсын Чуулган” нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого арга хэмжээгээ харилцан уялдуулахад чухал ач холбогдолтой юм. Мөн энэхүү чуулганаар ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд шаардлагатай институтийн чадавхыг сайжруулах, эдийн засгийн салбаруудын уялдаа холбоо, үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, ногоон, тогтвортой санхүүжилтийн олон улсын хандлага, стандарт, шинэ арга хэрэгслүүд, дэвшилтэт технологи, инновац болон ногоон хөдөө аж ахуйн салбар, эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбар зэрэг олон чухал тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцах болно.
Монгол Улсын хувьд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан. Энэхүү санхүүжилтийн хэрэгцээг хангах хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ий 1 хувиас багагүй хэмжээний төсөв, хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулж байхаар шийдвэрлэсэн.
Мөн манай хувийн хэвшлийн байгууллагууд тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж, үр дүн гаргаж байгааг дурдахад таатай байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн “Ногоон Санхүүжилт-Бүс Нутгийн Чуулган”-ы үеэр Монгол Улс тогтвортой санхүүгийн замын зургаа баталж, санхүүгийн салбар 2030 он гэхэд ногоон зээлийг эрс нэмэгдүүлэхээр болсон. Түүнчлэн Монгол Улс тогтвортой санхүүжилтийн зарчим, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан ногоон санхүүжилтийн төрөлжсөн санхүүгийн байгууллага бий болгохоор ажиллаж байна.
Мөн манай арилжааны банкнууд олон улсын зах зээл дээр анхны ногоон бондыг амжилттай гаргасан төдийгүй энэхүү чуулганы өмнөхөн дотоодын хөрөнгийн зах зээл дээр гарах анхны ногоон бондыг санхүүгийн зохицуулах хорооноос бүртгэж аваад байгааг хэлэхэд таатай байна. Цаашид Монгол Улс ногоон хөгжлийн цогц бодлогоо бүрэн тодорхойлж, эрх зүйн орчноо сайжруулан, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Мөн нүүрстөрөгчийн зах зээлд идэвхтэй оролцон, нүүрстөрөгчийн татвар, ногоон санхүүжилтийн орчныг тодорхой болгож, санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслүүдийг оновчтой нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд санал санаачилгатай ажиллах нь зүйтэй юм. Дээрх бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, тэдний оролцоо дэмжлэгтэйгээр тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр улам эрчимтэй ажиллах болно.
Чуулганы хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ. Ногоон хөгжил бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм. Ногоон хөгжлийн төлөө хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлэх нь эх дэлхий, ирээдүйн төлөө Та бидний хүлээх ёстой үүрэг хариуцлага юм. Хүн төрөлхтний аюулгүй амьдралын төлөө хамтдаа зүтгэцгээе!
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn