"Уур амьсгал ба цэвэр агаар - 2023" бага хурал Тайланд улсын Бангкок хотод болж байна
Байгаль орчны хөтөлбөр болон Уур амьсгал ба цэвэр агаарын холбоо (Climate and Clean Air Coalition)-ноос хамтран зохион байгуулж буй “Уур амьсгал ба цэвэр агаар-2023” бага хуралд Уур амьсгал ба цэвэр агаар холбоог хамтран даргалагч Ричард Дюк, Питер Жастис Дери нарын урилгаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ оролцож байна.
Бага хурлын зорилго нь агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого боловсруулж, явц дундын үнэлгээг гаргах, ирээдүйн үйл ажиллагааг төлөвлөхөд оршино. Уг бага хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Цэвэр агаарын төлөөх бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх,
- Үндэсний болон хотуудын түвшинд агаарын бохирдлыг бууруулах,
- Даян дэлхийн метан хийн амлалтыг хэрэгжүүлэх,
- Нүүрстөрөгч багатай, бохирдолгүй тойрог эдийн засагт шилжих,
- Агаарын чанарын менежментийг сайжруулах зэрэг болно.
Бага хуралд оролцсоноор 2023 оны гуравдугаар сарын 02-03-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Цэвэр агаар” Дээд түвшний чуулга уулзалтын үр дүнгийн талаар оролцогч талуудад танилцуулж, мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэх, Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох юм.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахаар Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, энэ чиглэлээр Уур амьсгал ба цэвэр агаарын холбооны гишүүн улс орнуудаас дэмжлэг авах, хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шаардлагатай чиглэлээр хамтарсан судалгаа хийх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.