"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн "Ойн аж ахуйн" инженер мэргэжлийн эрэлтийг нэмэгдүүлжээ
Цахим орчинд "ХААИС-ийн "Ойн аж ахуйн инженер" мэргэжлээр гурван төгсөгч улсын шалгалт өгч байна" гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэхүү мэргэжил яагаад хомсдолд орсон талаар бид сурвалжиллаа.
ХААИС-ийн Ойн аж ахуй" ангийн хоёрдугаар дамжааны оюутан Г.Хонгорзул: ""Ойн аж ахуйн инженер" гэхэд хүмүүс хөдөө хол модон дунд явдаг ажил гэж ойлгоод байдаг. Би ч бас тэгэж боддог байсан. Харин судлаад үзэхэд лабораторид суугаад судалгаа хийдэг, ойд ч ажилладаг мэргэжил гэдгийг мэдсэн. Яагаад хүүхдүүд мэдэхгүй байна вэ гэхээр ойн инженерийн танилцуулга, мэргэжлийн мэдээлэл нь дутмаг юм шиг санагддаг. Ихэвчлэн ойн инженер хүмүүсийн хүүхдүүд сонгон суралцдаг. Одоо бол "Тэрбум мод" гэж хүн бүр мэддэг болсон. Тиймээс энэ хөтөлбөрт хэрхэн ажиллахыг судлаад энэ мэргэжлээр суралцах болсон" гэв.
"Ойн аж ахуйн инженер" гэдэг нь ойн нөөцийг баяжуулж, ой модыг нөхөн сэргээх чухал ач холбогдолтой мэргэжил юм. Энэхүү мэргэжлийг сайн сурталчилж таниулаагүйгээс тэр бүр оюутан залуус сонгон суралцдаггүй байжээ.
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Доктор, нарийн бичгийн дарга М.Хишигжаргал: "Дунд сургууль төгсөгчдийн тоо мэргэжил сонголтоос хамаарч 4 жилийн өмнө хүүхдүүд ихэвчлэн бизнес, сэтгүүл зүй социалоги, хууль эрх зүйгээр мэргэжил сонгож байгалийн ухааны чиглэлээр массаараа оюутан цөөхөн байсан. Тэгэхээр нийт төгсөгчдийн тоо, мэргэжил сонголтын тухайн үетэйгээ таарч байгаа гэсэн үг.
"Ойн аж ахуйн инженер" бакалаврын хөтөлбөрийн хувьд энэ жил төгсөж байгаа гурван оюутан байгаа маань 4 жилийн өмнө "Тэрбум мод" хөтөлбөр эсхүл тусгай программ эхлээгүй байхад яг л өөрсдийн хүслээр сурах гэж сонгож ирсэн оюутнууд юм. Харин "Тэрбум мод" хөтөлбөр батлагдсанаас хойш оюутнуудын тоо 7-8 дахин нэмэгдэж жилд 20-30 оюутан элсэн суралцах болсон" гэлээ.