Хүртээмжтэй ногоон санхүүжилтийг хөгжүүлэх чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/-ээс зохион байгуулж буй “Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг”-т Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан оролцож байна. АНУ-ын Вашингтон хотноо болж буй энэ удаагийн хэлэлцүүлэг “Ногоон санхүүжилтийг өргөжүүлэх чиглэлд төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвийн хүрээнд болж буй бөгөөд Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн хаврын чуулга уулзалттай хамт болж байгаагаараа олны анхаарлыг ихэд татаад байна.
Сүүлийн жилүүдэд улс орон бүр цаг уурын өөрчлөлтийг бууруулах зорилгоор ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлд ихээхэн анхаарах болсон. Тухайлбал, тогтвортой санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үзэл баримтлалыг үндэсний хөгжлийн стратегидаа тусгах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн эрсдэлийн удирдлага, мэдээллийн ил тод байдлыг хэрэгжүүлэх, ногоон таксаноми зэрэг зохицуулалтын арга хэрэгслийг Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүн орнууд амжилттай нэвтрүүлэх болсон. Гэхдээ цаг уурын өөрчлөлттэй холбоотой эрсдэл улс орон бүрт харилцан адилгүй, тэр дундаа хөгжиж буй орнуудад тулгарч буй уур амьсгалын доройтлыг багасгах зохицуулалтын арга хэрэгслүүд хангалтгүй төвшинд байгаа билээ. Иймээс хэлэлүүлгээр хүртээмжтэй ногоон санхүүжилтийн бодлого, зохицуулалтыг гишүүн орон бүрт эрчимжүүлэх тэр дундаа ногоон санхүүжилтийг хөгжүүлэх бодлогын арга хэмжээнд хувийн хэвшлийн санаачилгыг тусгах, тодруулбал төр, хувийн хэвшлийн түншлэлийг энэ чиглэлд өргөжүүлэх буюу хамтын ажиллагааг илүүтэй хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар санал нэгдлээ.
Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг нь 89 орны 100 гаруй санхүүгийн болон зохицуулагч байгууллагын гишүүнчлэлээс бүрдсэн дэлхийн санхүүгийн хүртээмжийн бодлого тодорхойлогч, олон улсын бичил санхүүгийн зах зээлийн 85 хувийг хамарсан, хүн амын ядуу буурай хэсэгт санхүүгийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага юм. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нийгэмлэгийн Зүүн Европ Төв Азийн бүсийн зөвлөлийг 2021 оны зургаадугаар сараас хойш даргалж байна.