Гахай хүний эрхтэн ургуулах инкубатор болно
Америкийн эрдэмтэд хүний нойр булчирхайг гахайн биед ургуулах туршилтыг хийж байна. Хэдийгээр энэ нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртэж буй ч хүний эд эрхтэнг амьтны биед ургуулж, бүрэн боловсорсон цагт нь яг л ургац хураах мэт хурааж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүмүүст туслах боломжийг нээж өгөх сайн талтай юм. АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаачдын багийнханхүний хүний эсийг гахайн эмбриод суулгах генетикийн томоохон судалгаанд ханцуй шамлан ороод байгаа талаар Вашингтон Пост сонин мэдээлэв. Тэдний тооцоолж буйгаар гахайн биед ургуулсан нойр булчирхай 100 хувь хүний эд эсээс бүрэлдэх учир шилжүүлэн суулгасны дараа ямар нэгэн эрсдэл гарахгүй гэнэ. Хүнээс гахайд шилжүүлсэн нойр булчирхайн эд эс 28 хоногийн хугацаанд ургаж, бүрэн төлжих аж.
Энхүү ажил нь хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн цагаас л АНУ-ын Анагаахын судалгааны газар анхааралдаа авч хүний эд эс гахайн тархинд нөлөөлж, амьтдыг хүнлэг болгох эрсдэлтэй гэж үзсэнээс өнгөрсөн жил санхүүжилтийг нь танаж байсан удаатай. Нойр булчирхай ургуулах судалгааг ахалж буй нөхөн үржихүйн биологич профессор Пабло Росс хэдийгээр гахайн үр хөврөлд хүний эд эсийг суулгаж байгаа ч ургаж төлжсөн хойно нь хүний бие суулгахад ямар ч хүндрэл учрахгүй. Харин хүний тархи амьтны биед ургах нь хэзээ ч биелшгүй хэрэг хэмээн батлан өгүүлжээ.
Хэрэв дээрх судалгаа нь амжилттай болвол хүнсний зориулалтаар түлхүү ашигладаг гахай хүний эд эрхтэнийг ургуулах инкубатор болно гэсэн үг юм. Эрдэмтэд цаашлаад хүний зүрх, элэг, бөөр, уушиг, нүдний эвэрлэг бүрхэвч зэргийг гахайн биед ургуулах туршилтыг хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү судалгааны амжилттай болсноор эд эрхтэний дутагдалд орсон өвчтөнгүүд донор хайж, цаг алдах шаардлагагүй болох юм. Цаашилбал, дэлхий даяар тулгамдсан асуудал болсон хүний эд эрхтэний донорын дутагдал арилна гэж ойлгож болно.