Францад ган гачгийн улмаас дөрвөн мужийн усны хэрэглээг хязгаарлажээ

🕔 2023/02/27 10:34

ПАРИС. /The Eastern Herald/. 
Францад газар тариалангийн шинэ улиралд шаардагдах усан хангамжийн “үзүүлэлт түгшүүртэй түвшинд хүрээд байгаа” талаар тус улсын Экологийн өөрчлөлтий сайд Кристоф Бешю ням гарагт “Sunday Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдээлжээ.
 “2022 онд нүүрлэсэн ган гачгийн улмаас хөрсний усны түвшин доошилж нөхцөл байдал муудаж эхэлсэн. Үүний дараа энэ оны хоёрдугаар сар хүртэл маш бага бороо, хур тунадас унасан бол хоёрдугаар сард олон жилийн дунджаас бага бороо орсон” гэж К.Бешю ярьсан байна. Тэрбээр өнөөдөр ган гачгийн асуудлаар орон нутгийн засаг захиргааныхантай хамтарсан хурал хийжээ. 
 
Түүний хэлснээр, энэ оны гуравдугаар сараас эхлэн орон даяар усны хязгаарлалт хийхээр төлөвлөж байгаа аж. “2023 оны хоёрдугаар сар 1959 оноос хойших хамгийн хуурай сар болсныг" К.Бешю онцолсон байна. “Энэ жил өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад байдал илүү ноцтой байна. Бид хөрсний усыг зохих түвшинд хүртэл нэмэгдүүлэхэд хоёр сараар хоцорч байна” гэж Францын Экологийн өөрчлөлтийн сайд хэлжээ. 
 
Сайдын мэдээлснээр, Францын Засгийн газар гуравдугаар сарын эхээр яамд хоорондын ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлыг ажиглаж, холбогдох урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана. Одоогийн байдлаар тус улсын дөрвөн мужид усны хэрэглээг хязгаарласан бөгөөд үүнээс гадна 10 муж тусгай ажиглалтын горимд ороод байна.
 
Францын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай ундны усны нөөцийн хомсдолыг тогтвортой байдлаар шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд К.Бешю усыг дахин хэрэглэх түвшинд цэвэрлэх байгууламжийн тоог нэмэгдүүлэх зэрэг энэхүү төлөвлөгөөний хэд хэдэн чиглэлийг дурджээ.
 
“Манай улсад 30 мянга гаруй ус цэвэрлэх байгууламж байдгаас дөнгөж 77 нь усыг дахин хэрэглэх түвшинд хүртэл цэвэрлэх хүчин чадалтай” хэмээн тэрбээр тэмдэглээд чухам энэхүү нөхцөл байдлын улмаас “Франц улс хэдэн сая шоо метр усаа алдаж байна” гэж К.Бешю цохон хэлсэн байна.
 
2022 онд Францын олон бүс нутагт тус улсын түүхэнд тохиож байгаагүй ган гачиг нүүрлэжээ.
 
 
Д.ОдонЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох