Озоны давхарга аажмаар нөхөгдөж байна

🕔 2023/01/10 16:18

ВАШИНГТОН. /CNBC/.
 Дэлхийн озоны давхарга 40 жилийн дотор нөхөгдөх төлөвтэй байгаа талаар НҮБ-ын дэмжлэг бүхий судлаачдын ажлын хэсэг даваа гарагт мэдэгдлээ. 
Озоны давхаргыг задалдаг бодисыг үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглох тухай Монреалийн протокол 1987 онд батлагдсанаас хойш дөрвөн жил тутамд озоны давхаргын нөхөгдөх явцын тухай шинжлэх ухааны үнэлгээ дүгнэлтийг гаргасан иржээ. Озоны давхарга нь Дэлхийг Нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг давхарга юм.
 
Эрдэмтдийн ярьж буйгаар, озоны давхарга аажмаар нөхөгдөж байгаа тул тодорхой хугацаа шаардлагатай байна. Иймд дэлхий нийт одоогийн бодлогуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл энэ давхарга 2040 он гэхэд озоны цоорол ажиглагдахаас өмнөх 1980 оны түвшинд хүрч сэргэх төлөвтэй байна. Эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчдын хувьд озоны давхаргыг задалдаг бодисыг хориглох шийдвэрийг байгаль орчныг хамгаалах чиглэлд гаргасан хамгийн чухал ололт амжилтуудын нэг хэмээн сайшааж ирсэн бөгөөд хорт хийн ялгарлыг зохицуулахад жишиг болно гэж үздэг.
 
Дэлхийн цаг уурын байгууллагын /ДЦУБ/ тэргүүн Петтери Таалас хэлсэн үгэндээ, “Озоны давхаргыг хамгаалах шийдвэр нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний жишиг болж байгааг цохон тэмдэглээд, озоныг задалдаг химийн бодисуудаас татгалзаж чадсан нь цаашид олборлодог түлшний хэрэглээнээс шилжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаарын температурын өсөлтийг тогтоон барихын тулд хүн төрөлхтөн юу хийж чадахыг, юу хийх ёстойг нь тодотгон харуулж байна” гэв.
 
Судлаачдын тогтоосноор, хлорфторт нүүрстөрөгчийн ялгарал 2018 он хүртэл түүхэн дээд үзүүлэлтэд хүрснээсээ хойш буурч эхэлсэн бол хлорынх 1993 онд дээд цэгтээ хүрснээсээ хойш 11.5 хувиар, бром 1999 онд дээд цэгтээ хүрснээсээ хойш 14.5 хувиар буурсан байна. Энэхүү судалгаанд ДЦУБ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын төв,  Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв, Европын Комиссын судлаачид оролцжээ. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох