Эрчим хүчний шинэ зам

🕔 2022/12/09 17:55

Техник технологийн хөгжил хүн төрөлхтний цахилгаан, эрчим хүчний хэрэглээг асар ихээр нэмэгдүүлэхийн хэрээр хүлэмжийн хийн ялгаруулалт ихсэж, дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлж буй. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэхийн тулд дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэхийг зорьж байна. Гэвч сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нь цаг агаарын байдлаас ихээхэн хамааралтай байдаг учир эрчим хүчийг нөөцөлж, тасралтгүй үйлдвэрлэхэд хүндрэл учирдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд багтаамж сайтай цэнэг хураагуурыг ашиглах шаардлага үүслээ.
Тэгвэл Финландын “Polar Night Energy” компани энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг олж, дэлхийд анх удаа элсэн цэнэг хураагуурыг бүтээжээ. 100 тонн элсээр дүүргэсэн асар том сав бүхий цэнэг хураагуурын тусламжтайгаар нар салхины хямд эрчим хүчийг ашиглан ойр орчмынхоо суурингуудыг төвийн шугамд холбож, дулаанаар хангаж байна. Элсийг 600 градус хүртэл халаах боломжтой энэхүү төхөөрөмжийн дулаан агуулах багтаамж нь өндөр тул эрчим хүчийг хэдэн сарын турш хадгалах хүчин чадалтай аж.Тусгай дамжуулагч нь дулааны эрчим хүч гаргах бөгөөд энэ үед агаар халж дулааныг элс рүү дамжуулдаг байна. Энэхүү халуун агаарыг ус халаахад ашиглаж болно.
Өнөө үед ашиглаж буй ихэнх цэнэг хураагуурыг литигээр хийдэг бөгөөд энэ нь асар их зардалтай мөртлөө ачаалал даадаггүй сул талтай. Харин элсэн зай нь илүү хямд өртөгтэйгээс гадна аюулгүй аж. Тодруулбал, элсэн зай нь ижил хэмжээний эрчим хүч хадгалдаг лити зайнаас наймаас 10 дахин хямд өртөгтэй юм. Элсэн зайг ашиглан 8 МВт цаг эрчим хүч үйлдвэрлэхэд 200 мянган ам.долларын өртөгтэй бол лити зайгаар ижил хэмжээний эрчим хүч гарган авахад 1.6 сая ам.доллар зарцуулагдана.
Энэ аргыг зохион бүтээсэн дөрвөн залуу зохион бүтээгч сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд тулгардаг улирлын чанартай зогсолт, хадгалалтыг элсэн зайгаар шийдэж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа гэнэ. Тэдний нэвтрүүлсэн шинэ технологи  Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралыг шийдэхэд хувь нэмрээ оруулж эхэлжээ.  Финланд улс хэрэгцээт хийнийхээ  цөөнгүй хувийг ОХУ-аас авдаг. Гэвч Финландын НАТО-д элсэх хүсэлтийг эсэргүүцэж ОХУ тус улсад нийлүүлдэг байгалийн хий, цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтээ зогсоосон. Энэ нь удаан үргэлжилдэг өвлийн улирлыг  даван туулахад  Финландчуудын хувьд том сорилт болж байгаа юм.
Харин залуу инженерүүдийн шинэ бүтээл Канкаанпяа хот дахь 100 орчим айлын орон сууц, нийтийн усан санг дулаан, халуун усаар хангаж эхэлжээ. 
Энэхүү цэнэг хураагуурын ажиллах зарчмын талаар дэлгэрэнгүй өгүүлье. Эхлээд долоон метрийн өндөртэй битүүмжлэгдсэн асар том ган савыг 100 тонн барилгын элсээр дүүргэнэ. Тэгээд салхин турбин болон нарны хавтанг ашиглан гаргаж авсан сэргээгдэх эрчим хүчээр элсийг 600 хүртэл хэм халаасны дараа элс нь цэнэг хураагуур буюу зай болж хувирна. Халсан агаар дулаан сэлгүүрийн хоолойн тусламжтайгаар элсний эргэн тойронд сэнсээр эргэлдэнэ.
Элс нь дулаан агуулах багтаамж өндөртэй, удаан халж, удаан хөрдөг учир гадаа тачигнасан хүйтэн байсан ч  ган сав дахь зузаан тусгаарлагч нь элсний температурыг 600 орчим градуст хэдэн сарын турш барих боломжтой аж. Төвийн халаалтын системд ирж буй усыг халаахын тулд элсэн цэнэг хураагуурын халуун агаарыг ашиглаж, тэндээсээ дулааныг шууд барилгуудад түгээдэг гэнэ.
“Polar night energy” компани Финландын нийслэл Хельсинкээс баруун хойд зүгт 270 километрийн зайд орших Канкаанпяа хот дахь Ватаянкоски цахилгаан станцад түшиглэн ногоон эрчим хүчний салбарт дэлхийн хамгийн анхны арилжааны зориулалттай элсэн технологийг ийнхүү нэвтрүүлээд байна. Тус компани барилгын салбарт өргөнөөр ашигладаг өндөр чанартай голын элсний оронд барилгын чанар муутай, гологдол хямд элсийг технологидоо ашигладаг ажээ. “Polar night energy” компанийн үүсгэн байгуулагч Вилле Кивиожа “Элс нь урт насжилттай, олон дахин ашиглах  боломжтой тул хэдэн ч удаа халааж хөргөж болно. Тодорхой хугацааны дараа элс нягтарших үед дээрээс нь дахин элс нэмээд ашиглах боломжтой” хэмээн ярьжээ.
Зохион бүтээгч найзууд
Элсэн зайг зохион бүтээгч Томми Эронен, Вилле Кивиожа, Лийса Наскали, Маркку  Илонен нар хүүхэд байхдаа хөнгөн атлетикаар холбогдон хоорондоо нөхөрлөжээ. Тэд хорин насандаа спортоос илүү шинжлэх ухааныг сонирхох болсон байна. Төрөлх нутагт нь өвөл богиносож, дулаахан болсон нь тэдэнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сэдлийг төрүүлжээ. Энэ тухай Томми Эронен  “Бидний багадаа гулгадаг байсан Насиярви нуурын мөсөн бүрхүүл жил ирэх тусам нимгэрсээр байна. Уур амьсгалын өөрчлөлт бидний нүдэн дээр тохиож байна” хэмээн ярьжээ.
Эрчим хүчний шинэ зам
Алсын хараа
Сэргээгдэх эрчим хүчийг хадгалах нь 2050 он гэхэд CO2 ялгаруулалтыг тэглэх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж уур амьсгалын мэргэжилтнүүд үзэж буй. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комисс дэлхийн температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмд тогтоон барих шаардлагатайг сануулж байгаа юм. Гэвч дэлхийн улс орнуудын өгч буй үүрэг амлалтууд энэ зорилтод хүрэхэд хангалтгүй байгааг НҮБ шүүмжилж байна.
Финланд улс Европын Холбооноос сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг шаардаж буй. “Эрчим хүчний хямралаас гарах цорын ганц зам бол сэргээгдэх, утаагүй эрчим хүчний үйлдвэрлэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх явдал юм” гэж Финландын Ерөнхий сайд Санна Марин өнгөрсөн есдүгээр сард мэдэгдсэн. Финланд улс 2025 он гэхэд  нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг далайн салхинаас гаргаж авах зорилтыг тавиад байна. Энэ зорилтдоо хүрэхэд  сэргээгдэх эрчим хүчийг нөөцлөх элсэн зай томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа аж.
Төрөлх нутагтаа хэрэгжүүлсэн туршилт нь амжилттай болсон “Polar night energy” компани үйл ажиллагаагаа өргөжүүлж 2023 онд элсэн цэнэг хураагуурыг дэлхий нийтэд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0

Санал болгох