​Жагсаал эхэлснээс хойш 19 хүнийг эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлжээ

🕔 2022/12/20 10:16

Төв талбайд эхэлсэн суулт 16 дахь өдрөө үргэлжилж, өвлийн ид хүйтнээр өдөрт 50-60 хүн гадаа хонож байна. Тэдэнтэй хамт “нэргүй суулт” хийж, гадаа хонож байгаа хүмүүс бол эрүүл мэндийн байгууллагынхан. Өнгөрсөн шөнө л гэхэд 00:00-08:00 цагийн хооронд  СБД-ийн Эрүүл мэндийн төв, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн багууд  хоёр цагийн давтамжтайгаар нийт 56 хүний амин үзүүлэлтийг 5 удаа үзэж зөвлөгөө өгчээ. 
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Жагсаал, иргэдийн суулттай холбоотойгоор Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна. Нэг ээлжинд гурван баг ажиллаж байгаа ба өдрийн цагт дуудлагаар, шөнийн цагт хоёр цаг тутамд тандалт, үзлэг хийдэг” хэмээн мэдээлсэн. 
Жагсаал, суулт эхэлснээс хойш давхардсан тоогоор 575 иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Үүнээс, 556 иргэнд газар дээр нь тусламж үйлчилгээ үзүүлж, 19 иргэнийг эмнэлэг рүү тээвэрлэн хүргэж тусламж үзүүлсэн байна. Мөн эрүүл мэндийн байгууллагаас хүйтний улиралд хэрхэн зохистой хооллох болон жагсаал цуглааны үеэр өөрийн хийгээд бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд юу хийх, юунд анхаарах талаарх зөвлөмжийг иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байгаа аж.  
ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХ ЗӨВЛӨМЖ
-Согтууруулах ундаа, мансууруулах болон хорт бодис хэрэглэхгүй байх,
-Хүний биеийн илч зарцуулалт хүйтэнд даарч, бээрсэн үед ихээр нэмэгддэг тул илчлэг, тэжээллэг чанар өндөртэй адуу, хонины махыг түлхүү хэрэглэх. Max, махан бүтээгдэхүүн нь уураг, цайр, төмөр, үл орлогдох аминхүчил (лизин, метионин, лейцин, трифтофан) давхар нөхөх ач холбогдолтой.
-Цагаан идээ нь гэдэсний сүүн хүчлийн бактерийг дэмжих, дархлааны тогтолцоог сайжруулах, хорыг биеэс гадагшлуулах, гадны хорт нөлөөнөөс хамгаалах үйлчилгээтэй тул өвлийн улиралд сүү, аарц, хоормог, өрөм, зөөхийг түлхүү хэрэглэх,
-Жимс, жимсгэнэд агуулагддаг С, А, аминдэм, цайр нь хүний биеийн дархлааны тогтолцоонд оролцож, дархлаа дэмжиж, халдвараас сэргийлэх, хоргүйжүүлэх, антиоксидант нөлөө үзүүлэхээс гадна амьсгалын замын үрэвсэл болон ханиад томууг эдгээхэд чухал нөлөө үзүүлдэг тул чацаргана, нэрс, аньс, зэрэг жимс, жимсгэнийг түлхүү хэрэглэх,
-Гадаа удаан хугацаагаар байх үед агаарын бохирдолд өртөх, ил задгай, хадгалалтын горим алдагдсан, хүйтэн хоол, хүнс хэрэглэснээс үүдэлтэй биед сөрөг нөлөө, хордлого үүсэх, биеийн дотоод илч зарцуулалт их явагдах зэрэг сөрөг үр дагавар үүсдэг тул уураг, нүүрс усны агууламж өндөртэй бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаа, самар зэрэг “B’’-ийн бүлгийн аминдэм, эслэгээр баялаг хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна.
скачать dle 12.0

Санал болгох