COP15-ын хоёр дахь шатны уулзалт болжээ
“Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ийн Талуудын бага хурлын 15 дугаар хуралдааны (COP15) хоёр дахь үе шатны уулзалт 12-р сарын 7-нд Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газар байрладаг Канадын Монреаль хотод болов. Хятад улс ээлжит дарга орны хувиар, хурлын үндсэн болон улс төрийн ажлыг удирдан чиглүүлсэн байна. Өнгөрсөн оны 10-р сард Юннань мужийн Куньмин хотод болсон хурлын эхний үе шатыг эргэн харахад ихээхэн үр дүнд хүрч, дэлхийн биологийн олон янз байдлын засаглалын үйл явцад хүчтэй түлхэц үзүүлсэн гэнэ. Хятад улс биологийн төрөл зүйлээр нэн баялаг орны хувьд, дэлхий дээрх бүх амьтдын хамтын цогцыг хамгаалах үйлсэд идэвхитэй хувь нэмэр оруулж, хурлын хоёр дахь шатны хүлээгдэж буй зорилтыг биелүүлэхэд хүчин чармайлт гаргасан байна.
Өнгөрсөн оны 10-р сард “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-д оролцогч талуудын бага хурлын 15 дахь удаагийн хуралдааны эхний үе шат Хятадын Куньмин хотноо амжилттай болж, "Куньминий тунхаглал”-ыг баталсан төдийгүй дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах дараагийн шатны ажлын талаар нийтлэг ойлголтод хүрч, үндэс суурийг нь тавьж, "2020 оноос хойшхи биологийн олон янз байдлын тогтолцоо"-г боловсруулахад нөлөө үзүүлсэн байна. НҮБ-ын “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх дарга Элизабет Мурема хэлэхдээ: “Куньминий тунхаглал нь улс төрийн хүсэл зориг болон амлалт, мөн авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусган харуулж, хүн бүр биологийн олон янз байдлыг хамгаалах өөрчлөлтийн үйл явцад оролцох боломжтой болсон юм. Хуралдааны эхний үе шат өмнө нь хүлээж байснаас илүү үр дүнд хүрсэн. Мөн хоёр дахь шатны хэлэлцээ хийхдээ эхний шатны дээд түвшний уулзалтын үеэр амласан амлалтаа талууд сайтар санаж, биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоох талаар бодитой арга хэмжээ авч чадна гэдэгт найдаж байна” гэжээ.
Уулзалтын эхний үе шатанд Хятад улс эхлээд Гурван мөрний эх, Аварга панда, Зүүн хойдын бар ирвэс, Хайнань халуун бүсийн ширэнгэн ой, У Ишань уул зэрэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулах тухай албан ёсоор мэдэгдэж байв. Энэ нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэмээх томоохон тогтолцооны инноваци бодитоор хэрэгжиж, Хятадын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил шинэ шатанд орсныг харуулж буй ажээ. Бангладешаас Хятадад суугаа Элчин сайд Махбу Узи Заман хэлэхдээ: “Хүн байгаль хоёр хамтдаа эв найртай оршин тогтнох шаардлагатай. Хятад улс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр түшиглэсэн байгалийн хамгаалалтын газрын тогтолцоог бий болгох ажлыг эрчимжүүлж, мөн нүүрстөрөгчийн давхар ислийн оргил үе, нүүрсхүчлийн хийг саармагжуулах зэрэг зорилтыг дэвшүүлж, ногоон хөгжлийн талаарх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, ногоон хөгжлийн үр шимийг хүн бүрт хүртээхийг онцолсон юм. Бангладеш “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ийн холбогдох зорилт болон заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө Хятад улстай хамтран ажиллахыг маш их хүсэж байна” гэжээ.
12-р сарын 7-нд эхэлсэн “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ийн Талуудын бага хурлын 15 дахь удаагийн хуралдааны (COP15) хоёр дахь шатны уулзалтын хүлээгдэж буй хамгийн чухал үр дүн гэвэл "2020 оноос хойшхи дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ”-г тохиролцох явдал юм. Тус хүрээний зорилго нь дэлхийн биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоох, хүн ба байгаль хоёрын эесэг зохицонгуй байдлыг биелүүлж, дэлхий дээрх бүх амьтдын хамтын цогцыг хамтдаа байгуулах явдал юм. Олон улсын хамтын нийгэмлэг ч үүнийг маш их хүсэн хүлээж буй. Хятад улс хуваарьт дарга орны хувиар, хурлын үндсэн болон улс төрийн ажлыг үргэлжлэн удирдан чиглүүлж, "2020 оноос хойшхи дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ”-г тохиролцохыг чармайн ахиулсаар байна. БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жоу Гуомэй хэлэхдээ: “Ажлын хэсгийн хуралдааны 4 удаагийн хэлэлцээ, зөвшилцлийн үр дүнд дээрх “Хүрээ” нааштай ахиц дэвшилд хүрч, “Хүрээ”-ний бүтэц үндсэндээ тодорхой болсон байна. Зөвшилцлийн явцад олон бэрхшээл, санал зөрөлдөөн байсаар байгаа хэдий ч талууд хэлэлцээний үйл явц болон ээлжит дарга орон Хятадын улс төрийн тууштай дэмжлэг туслалцаанд бат итгэж буйгаа илэрхийлсэн. Хятадын тал ээлжит дарга орны гүйцэтгэх үүргээ үргэлжлүүлэн бадруулж, хэлэлцээний үйл явцыг хичээн ахиулж, олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээний нийтлэг ойлголтыг нэгтгэн, дээрх “Хүрээ"-ний талаар тохиролцохыг ахиулах болно” гэжээ.
Г.Бямба