Дараагийн тахал: Мөнх цэвдгийн дор

🕔 2022/12/05 21:58

Дэлхий нийтийг гурван жилийн турш хямраасан Ковид19 цар тахал Хятадын Ухань хотын амьтны зах дээр сарьсан багваахайнаас хүнд анхлан халдварласан байж болзошгүй гэсэн таамаг одоогоор хамгийн өндөр магадлалтай болоод буй. Тэгвэл хойшид дэлхий дахиныг бүр ч хүнд байдалд оруулж болохуйц дараагийн цар тахал сарьсан багваахай зэрэг зэрлэг амьтнаас бус харин мөнх цэвдэг доор нуугдаж байж болзошгүй гэдгийг шинжлэх ухаанчидсэрэмжлүүлэв.
Хазен нуурын нууц
Мөс, мөсөн голууд дэлхийн температурыг хөргөж, сансар огторгуйн халуунаас хамгаалдаг. Хэдэн зуу, хэдэн мянган жилийн настай мөсөн давхарга эрдэмтдэд дэлхийн уур амьсгалын түүхийг өгүүлэхэд тусалдаг. Манай бөмбөрцгийн газар нутгийн 10 хувийг мөс эзэлнэ. Үүний 90 хувь нь Арктикийн хойд туйлд, үлдсэн нь Гренландад байдаг аж.
Тэгвэл хойд туйлдаа томоохонд тооцогддог Хазен нэртэй цэнгэг уст нуураас авсан дээжийг шинжилж үзээд эрдэмтэд дараагийн цар тахал мөнх цэвдэг, мөсөн доор нуугдаж байна гэсэн таамаг дэвшүүллээ. Нууцлаг вирус ковидтой адил зэрлэг ан амьтан, цаашлаад хүнд халдварлаж урьдчилан таамаглах аргагүй гарз хохирол учруулж болзошгүй аж. Хазен нуураас авсан тунадас болон хөрсөнд хийсэн генийн судалгаагаар халдварт нян тархах эрсдэлтэйг тогтоосон бол нуурын хөрс болон тунадаснаас анх удаа шинэ төрлийн халдварладаг вирус илрүүлсэн байна.
Дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэг, мөсөн голууд хайлж гэссээр байгаа тул дараагийн цар тахал мөсөн дундаас гарч ирнэ гэсэн таамаглал биеллээ олоход тийм ч урт хугацаа үлдээгүй байж болох юм. Мөстлөгийн үед хөлдсөн мөсөн гол, мөнх цэвдэг дунд түгжигдсэн нян бактериуд цас мөсний орон хайлах үед дахин идэвхжиж, ан амьтдад халдварлаж, улмаар хүнд халдварлах эрсдэлтэй.
2016 онд Сибирийн умард хэсэгт боом өвчин дэгдэж, долоон хүнд халдварлаж нэг хүүхэд нас барсан. Уг халдварын голомт нь мөнх цэвдэг хайлах үед ил гарч ирсэн халдвартай цаа бугын хөлдүү цогцос байсан юм. Үүнээс өмнө Сибирьт хамгийн сүүлд 1941 онд боом өвчний халдвар тархаж байжээ.
Туйлын мөс эрчимтэй хайлж байгаа нь Номхон далайн хойд хэсэгт орших хөхтөн амьтдыг үхэлд хүргэж болзошгүй вирусээр халдварлуулсан тухай баримтыг микробиологч Трэйси Голдштейнээр ахлуулсан судлаачид 2019 онд “Scientific Reports” сэтгүүлд нийтлүүлж байв.
Судлаачид 15 жилийн хугацаанд Атлантын болон Номхон далайг холбосон Аляскийн сувгийн усыг шинжлэхдээ тэнд далайн хөхтөн амьтдад үхлийн аюултай эмгэг төрүүлэгч Phocine distemper вирусийн нөөц хуримтлагдаж буйг илрүүлсэн юм. PDV гэж нэрлэгддэг уг вирус нь Европт далайн хаваас анх илэрч, 1988, 2002 онуудад хүний аминд хүрч байсан тохиолдол бий. Харин 2019 онд Аляскийн хойд далайн халиунаас илэрсэн нь түгшүүр төрүүллээ. Халдвар өөр далайд, өөр төрөл зүйлийн амьтнаас илэрч буй нь вирус хөрвөх чадвартай өндөртэйг илтгэхийн зэрэгцээ туйлын мөс хайлах үйл явц эрчимтэй явагдаж буйг илтгэсэн хэрэг.
Ерөнхийдөө 1900-аад оноос хойш мөнх цэвдэг, мөсөн голууд хурдацтайгаар хайлж эхэлсэн билээ. Үүний гол шалтгаан нь аж үйлдвэрийн хувьсгал, нүүрс хүчлийн хийн давхар исэл, хүлэмжийн хийн ялгаруулалт зэрэг дэлхийн дулаарлын үүсэл болсон хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаа юм. Хэрэв бид дулаан ялгаруулалтаа бодитоор бууруулахгүй бол 2100 он гэхэд дэлхийн мөсөн голын гуравны нэг нь хайлна. Далайн усны дулаан, агаарын хэмэнэ чигээрээ нэмэгдсээр байвал 2040 он гэхэд Арктикт ямар ч мөс үлдэхгүй гэсэн судалгаа ч бий.Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатайгаар 1990-ээд онд жилд дунджаар 760 тэрбум тонн мөс хайлж байсан бол 2010 онд 1.2 их наяд тонн мөс хайлах болжээ.
Дараагийн тахал: Мөнх цэвдгийн дор
Зөгнөл биелэх үү
Цас мөсөн дунд нуугдаж буй нууцлаг вирусийн тухай дээрх судалгааг Канадын Оттавагийн их сургуулийн доктор Стефан Арис-Брозу болон түүний хамтрагчид хийжээ. Тэд цэнгэг уст Хазен нуурын хайлж буй ус, хөрс, тунадаснаас дээж авсан байна. Дараа нь дээжнүүддээ РНХ болон ДНХ-ын шинжилгээ хийж, амьтан ургамал мөөгөнцөр зэрэг биетүүдэд халдварлах боломжтой вирусуудтэй хэр тохирч байгааг нь үзжээ. Мөн бусад организмд халдварлах боломжийг нь алгоритмын тусламжтай судалсан юм.
“Proceedings of the Royal Society B”биологийн судалгааны сэтгүүлд нийтлэгдсэнээр вирусууд ойрхон байршилд байгаа шинэ биетэд халдварлах эрсдэл маш өндөр гарлаа. Судалгааны багийнхан өмнө нь илэрч байгаагүй хэчнээн төрлийн вирус тогтоогдсоныг хараахан тоолж амжаагүй. Магадгүй тэд ирэх саруудад илүү тодорхой мэдээлэл нийтлэх буй за.
Энэ мэтчилэн сүүлийн үед хийсэн судалгаанууд урьд өмнө бүртгэгдэж байгаагүй вирусууд цас мөсөн дунд хадгалагдаж үлдсэн гэдгийг батлан харуулж байна. Өнгөрсөн жил АНУ-ын Охайогийн их сургуулийн эрдэмтэд БНХАУ дахь Төвөдийн нутгаас авсан мөсний дээжээс 33 төрлийн вирусийн генийн материал илрүүлсэн бөгөөд тэдгээрийн 28 нь урьд өмнө үзэгдээгүй цоо шинэ. Тэднийг байршлаар нь тооцож үзвэл 15 000 жилийн өмнөх цаг хугацаанд хамаарагдана.
2014 онд Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Сибирийн мөнх цэвдэгт хөлдсөн үлэмж томвирусийг дахин сэргээж 30 000 жилд анх удаа халдварлуулах туршилт хийжээ. Уг судалгааны багийг удирдсан Жан-Мишель Клавери иймэрхүү мөсөн хавтгайд түгжигдсэн вирусууд ирээдүйн гамшиг сүйрлийн гол орц найрлага байж болох юм гэдгийг сэрэмжлүүлсэн билээ.
Арис-Брозугийн багийн эрдэмтэн судлаачид вирус тархах өндөр эрсдэлийг урьдчилан тооцоолох нь жинхэнэ цар тахал, аль эсвэл вирус тархалтыг урьдчилан таамаглахтай адилгүй гэдгийг анхаарууллаа. Гэхдээ удаан хугацаанд хадгалагдсан вирус түүний халдварлах чадвар өнөө цагт хүрээлэн буй орчинд идэвхтэй байгаа вирусуудтэй огт адилгүй. Өнөөгийн орчинд тархсан вирустэй харьцуулахад халдварлах чадвар сул байж магадгүй гэж Арис-Брозу тайлбарлалаа.
Нөгөөтэйгүүр уур амьсгалын өөрчлөлт одоо оршин байгаа зүйл нянгийн тархалтыг өөрчилж, эртний нян бактериас шинэ тархвар үүсэхболомжийг бий болгож магадгүй юм. Арис-Брозу “Агаарын температур нэмэгдэж байгаа үед хүрээлэн буй орчинд халдвар тархах эрсдэл ч мөн нэмэгдэнэ. Энэ нь цар тахал руу хөтлөх эсэхийг үнэн хэрэгтээ бид огт мэдэхгүй шүү дээ” гэлээ.
Дараагийн тахал: Мөнх цэвдгийн дор
Мөн Хазен нуурын дээжээс илэрсэн вирус халдварлах чадамжтай юу, цор ганц уу гэдэг ч тодорхойгүй. Их Британийн Абериствейтийн их сургуулийн Хүрээлэн буй орчны микробиологийн салбарын төвийн захирал Арвин Эдвардс “Гэрийн тань ойролцоох усан сангийн шаварт шигдсэн вирус бусдад халдварладагтай ижил тохиолдол байж болзошгүй”гэж дүгнэжээ. “Тиймээс дэлхий гэх гараг дээрх бүх зүйлийн микробыг судалж, эрсдэлийг тооцоолох хэрэгцээ шаардлага бидний өмнө нэн тэргүүнд тулгарч байна. Хоёр зүйл тодорхой байна. Эхнийх нь Арктикт цаг уур хурдацтайгаар дулаарч, уур амьсгалын нөлөөгөөр хүн төрөлхтөнд томоохон эрсдэл тулгарч байна. Хоёрдугаарт халдварт нян хаанаас ч гарч ирж болзошгүй гэдгийг мартаж болохгүй” гэж тэрээр захив.
Дараагийн цар тахал хаана, хэзээ, юунаас тархах нь урьдчилан тааварлашгүй зүйл гэдэгтэй маргах зүйлгүй. Гагцхүү уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой хөдлөхгүй бол байгаль биднээс өрсөх вий.
 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0

Санал болгох