Д.Доржготов: Хөрс байхгүй болбол хүнс байхгүй болно. Хүнс байхгүй болбол хүн, амьтан үгүй
Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, Чингисийн одонт Д.Доржготовтой ярилцлаа.
-Юуны өмнө Төрийн дээд шагнал Чингисийн одон хүртсэнд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Шагнал авна гэдгээ өмнөх өдөр нь их тулгаж мэдсэн. Их сайхан байсан. Өмнө нь би гавьяат зүтгэлтэн, “Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны одон, мөн газарзүйн эрдэмтдэд өгдөг Оросын газарзүйн нийгэмлэгийн шагнал С.М.Пржевальскийн алтан медаль хүртэж байсан. Чингисийн одон авна гэдгээ сонсоод хамгийн түрүүнд би юу хийлээ, юугаа үзүүлдэг билээ л гэж бодогдсон.
Миний 80 насны ойгоор манайхан надад нэг ном гаргасан юм. Тэр номоо нээгээд зөндөө харлаа хүн асуувал юу, юу хийлээ, ямар гол зүйлээ харуулах вэ гэж харж суусан. Олон ч жил их ч зүйлийг хийлээ. Би өөрөө хөрс судлаач мэргэжилтэй хүн. Москвагийн их сургуулийг 1962 онд төгсөөд, долдугаар сарын 1-нд Шинжлэх ухааны академийн газар зүйн тасагт ажилд орж байсан. Өнөөдөр яг 60 жил долоон сар болж байна /инээв/. Миний нийт хэвлүүлсэн, нийтлүүлсэн, үйлдвэрт шилжүүлсэн 310 гаруй ажил байдаг. Тэдгээрийг дотор нь дөрвөн бүлэгт хуваасан. Нэг нь цэвэр яг миний мэргэжлийн хөрс судлалын чиглэлийнх, хоёрдугаарт Монгол орны физик газарзүйн чиглэлийн судалгаанууд, гуравдугаарт танин мэдэхүйн чиглэлийн судалгаанууд, сурталчилгааны судалгаанууд, тэгээд дөрөвдүгээрт нь үндэсний атлас гээд дөрвөн төрөл бүлэг болгож хуваасан. Үндэсний атлас нь маш олон зуун хүний хүч хөдөлмөрөөр хийгддэг ажил. Сүүлийн үед экологийн чиглэлийн судалгаа бас хийсэн байна.
Монгол Оросын хил дамнасан нутгаа, Монгол орныхоо нутгаар, оросуудтай хамтарч, дангаараа хийсэн нь цөөхөн дөө. Ер нь шинжлэх ухааны бүтээл гэдэг том багийн хамтын ажил шүү дээ. Нэг нь удирдаад зөвлөөд хамт хийдэг. Нэг хүн судалгаа шинжилгээ хийх боломжгүй. Манайхан бол хөдөө багаараа явна. Доод тал нь 4-5 хүн явдаг. Зарим нь газраа ухахад тусална. Ном бичнэ, задлан шинжилгээ хийнэ. Би ганцаараа тэр зүйлсийг хийхгүй шүү дээ. Оростой хийсэн атласт 300 гаруй Орос, Монголын эрдэмтэд, хүмүүс оролцсон. Энэ ажил дээр би редакцийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. Аливаа том ажил судалгаа олон хүний хамтын бүтээл багш, шавь нарын хамтын бүтээл байдаг. Миний багш гэхэд Цэгмид, Баасанжав гээд том эрдэмтэн, Оросын олон сайхан эрдэмтэд байдаг. Одоо өөрөө багш нь болчихоод л явж байна /инээв/.
-Хоёр улсын хооронд судалгаа хийж явлаа гэсэн шүү дээ. Улс хоорондын хөрсний ялгаа байдаг уу. Газарзүйн онцлогоороо өөр байх уу?
-Ялгаа мэдээж байлгүй яахав. Монгол оронд өөр хаана ч байхгүй хөрс байна. Халуун орны хөрс Монголд байхгүйтэй адилхан юм. Нутаг нутагтаа өөр өөр өвөрмөц хөрстэй. Монгол хүн монгол үндэстэн гэдэг шиг Монгол оронд тархсан унаган хөрс байдаг. Ойролцоо хөрс бас байна. Манайхтай ижил төстэй уур амьсгал байгальтай газар Төв Ази дунд Азийнхан бас л ойролцоо хөрстэй байдаг.
-Газарзүйг судлахад үндсэн суурь нь юу байдаг вэ?
-Газарзүй гэж өөрөө их том шинжлэх ухаан шүү дээ. Манайхан мэддэггүй юм. Газарзүй нь хоёр том тулгууртай байдаг. Нэг нь байгалийн газарзүй буюу физик газарзүй гэж байдаг. Үүний дотор хөрс, уур амьсгал, ус, мөнхцэвдэг, амьтан ургамлын газарзүй, ус, нуур, гол мөрөн гээд бүгд физик газарзүйд багтдаг. Хоёр дахь нь нийгэм эдийн засгийн газарзүй юм. Тэр нь хүн амын, хотын, аж үйлдвэрийн, хөдөө аж ахуйн, аялал жуулчлалын газарзүй гэх мэт. Манайхан газарзүй гэхээр дандаа байгалийн гэж боддог нь буруу юм. Байгаль нийгмийн шинжлэх ухааныг хоёуланг нь судалдаг шинжлэх ухаан юм. Өнөөдрийн Монгол орны хотжилтын хотын газарзүй, хүн ам шилжих хөдөлгөөний асуудал, хөгжлийн төлөвлөлтийн асуудал, орон зай төлөвлөтийн асуудал гээд энэ бүхэн өөр шинжлэх ухааны биш газарзүйн шинжлэх ухааны судалдаг зүйл мөн юм. Манайхан дандаа буруу ойлгочихсон байдаг. Газарзүй гэхээр газар ухаад явдаг хүмүүсийг огт хэлдэггүй. Хоёр том багана нь тус тусдаа арван салбар нийлээд 20-иод том салбараа холбосон шинжлэх ухаан юм.
-Хөрсний бохирдол, доройтол үүслээ гэх юм. Үүнийг мэргэжлийн үүднээс нь тайлбарлаач?
-Хөрс гэдэг чинь бараг бохирддоггүй орчин юм. Миний бодоход дандаа буруу ойлголт яваад байдаг. Агаар бохирдоно, тэгээд амьсгалаар түгэж нөлөөлж болно. Ус бохирдоно уугаад нөлөөлж болно. Бид хөрсийг идэх үү, хөрсийг амсах уу. Хөрсний бохирдол гэдэг чинь өөр асуудал юм. Хөрсөнд ургаж байгаа ургамал хөрснөөс бохирдох уу гэвэл бараг үгүй юм. Хөрс хамгийн гол нь бохирддог орчин биш бохирддог байгалийн биет биш, бохирдлыг арилгадаг, илааршуулдаг, эдгэрүүлдэг эрүүл ахуйн том функцтай орчин юм. Үүнийг манайхан ерөөсөө мэдэхгүй хөрс бохирдоод байна гээд л асуугаад байдаг. Хөрс бохирдлоо гээд хөрсөө долоохгүй шүү дээ. Хөрсөнд ургаж байгаа ургамал хорыг барагтаа сорж авахгүй. Хүнтэй адилхан олдсон болгоноо долоодог, залгидаг амьтан биш шүү дээ. Хэрэгтэй зүйлээ хөрснөөс авна, авахгүй зүйлээ авахгүй.
-Тэгэхээр хөдөө орон нутгаар уран ухсанаас болж хөрс бохирдсон, мал амьтан хордсон гээд байдаг. Худлаа болж таарах уу?
-Яахав, цацраг идэвхит зүйл бол шал өөр асуудал. Цацраг хөрснөөс хамаарахгүй, хөрсөнд байдаг бодис биш шүү дээ. Олон сая жил бий болсон геологийн том бүтээгдэхүүн. Уран олборлоно гэдэг чинь газрын гүнээс дээш ухаж олборлоно. Хөрсөн дотор байдаг зүйл биш юм. Хөрс нь Монгол оронд бол 1 метр гаруй, гүндээ л 2 метр байдаг. Уран гэдэг чинь 50-60 метрийн гүнд байдаг. Хөрснийх биш шүү дээ. Газрын гүний ашигт малтмал юм. Хөрсөн дээр нь тэднийг хамгаалж байдаг. Бид бүх л муухай зүйлээ газарт булдаг. Хог новш, тарваган тахал туссан мал, мялзан, сүрьеэ, боом туссан малаа дандаа газарт булдаг. Нас барсан хүнээ хүртэл газарт булдаг шүү дээ. Хөрс бохирддог бол дээр нь ургаж байгаа ургамлыг мал иднэ, малаа бид иднэ. Хэрвээ тэр хөрс бохир бол яах вэ. Улаанбаатарыг тойрсон хичнээн их шарилын газар байна. Хөрс нь бохирддог бузартдаг орчин биш. Тэр муухай зүйлсийн бактериудыг ариутгадаг, өвчний нянгуудыг үгүй хийдэг тийм гайхалтай байгалийн орчин юм. Улаанбаатар хотын бохирдол чинь хөрс биш шороо шүү дээ. Гадаа байгаа энэ зүйл хөрс биш шороо юм. Хүний хөлийн шороо, машины дугуйн шороо хөрс биш шүү дээ. Энэ дотор харин бохирдол бий юү гэвэл байлгүй яахав дээ. Машины утаанаас ялгарч байгаа, машины дугуйнаас ялгарч байгаа гээд зөндөө юм бий. Гэхдээ энэ нь яг тэр хэвээрээ байдаг бол өдийд бид Улаанбаатарт нэг ч хором амьд байхгүй. Өнөөдрийг хүртэл 208 тэрбум хүн хорвоо дээр байсан. Одоо 8 тэрбум хүн амьд оршдог. Тийм их хөрсөн доор булагдсан хүмүүс янз бүрийн өвчтэй хүмүүс байгаа. Хэрвээ хөрсөнд ариусдаггүй байсан бол яах бол хамгийн гол нь тэрийг ойлгох хэрэгтэй. Хөрсний эвдрэл бол байна. Салхинд хийсэж, усанд урсаад хайран сайхан хөрс байхгүй болж байна. Манай оронд ч биш дэлхийн бүх газар ийм асуудал тохиолддог. Хөрс нь салхинд хийсээд, тариалангийн хөрс нь усанд урсаад эвдрээд алга болж байгаа. Улаанбаатар хот хөрс байхгүй дээр нь барилга бариад устчихсан. Уул уурхайтай газар хөрс байхгүй бүрмөсөн устана. Гэх мэт маш их хөрс элэгдэж хорогдоод устаж үгүй болж байна. Энэ бол байдаг асуудал юм. Харин бохирдоно гэдэг бол агуулах хэмжээнээсээ бодиснууд нь ихэссэн бол бохирдсон гэж авч үздэг. Тиймээс хөрс нь барагтаа бохирддоггүй.
-Хөрс байхгүй болсноор байгальд ямар хор уршигтай вэ?
-Хөрс байхгүй болбол хүнс байхгүй болно. Хүнс байхгүй болбол хүн байхгүй болно. Хөрс нь хуурай газрын бүх амьтныг тэжээдэг. Хөрсөн дээр ургаж байгаа ой мод, бэлчээр, бут сөөг тэр бүх ургамал дотор нь амьдарч байгаа амьтад, хорхой шавж, хулгана, зурам, мэрэгч амьтад, 1 гр хөрсөнд хичнээн саяараа байдаг бичил амьтад, тэднийг хооллодог хүн араатан амьтад гээд бүгдийг хүнсээр хангадаг зүйл бол газрын хөрс шүү дээ. Тэгээд газрын хөрс алга болчихвол гээд бодвол хүн амьтан, мал байхгүй болно. Хуурай газрын амьдралын эх булаг нь хөрс юм. Манайхан бүгд тийм буруу ойлголттой байдаг. Хөрс бохирдлоо л гэх юм, хэн бохирдуулаад байгаа вэ. Бид л бохирдуулж байгаа шүү дээ. Хог новш, нус цэр, өтгөн шингэнээ гадагшлуулж, бүх хогоо хөрсөнд цацаж булдаг. Хамгийн гол нь тэр бохирдол нь хүнд тэр хэвээрээ ирдэггүй.
-Та 60 жил газарзүй судаллаа. Энэ бүх цаг хугацаанд хамгийн дурсамжтай, сэтгэлд үлдсэн ажил нь юу байсан бэ?
-Хийсэн болгон маань дурсамжтай байсан. Томоохон ажил ч бай, багахан ажил ч бай бүгд өөрийн түүхтэй. Байнга ширээний ард суугаад байдаг ажил биш учраас хөдөө гадаа машинтай, мориор, Хөвсгөлийн тайгад цаа бугаар ч явна. Монгол Алтайд мориор явж байсан гээд тэр болгон тухайн үедээ л том дурсамж шүү дээ. Хөдөө хээр явж байхад машин тэрэг саатах, бензин усгүй болохыг алийг тэр гэхэв дээ. Янз бүрийн сайхан муухай дурсамжтай үе их байсан. Гадаадын олон сайхан эрдэмтэдтэй явж байсан. Миний багш хүртэл Монголд ирж үзчихээд дахин ирж байсан. Оросын олон том эрдэмтэн, судлаачид үндэсний атлас хийгээд хөдөө гадаа явж байлаа. Экологийн атлас, эксистемийн атлас, байгалийн атлас гээд бүгдэд нь Оросын судлаачидтай ихэвчлэн явсан. Германаас олон судлаачид ирж, хамт явж байсан. Хамт бичсэн ном, зураг, шинжилгээ судалгааны ажлууд их бий. Польш, Унгараас Монголд ирж хамт судалгаа хийж байсан. Сүүлийн үед хятадууд, өмнөд монголчууд, япон, солонгосууд ирж байна. Манай орон нээлттэй болчихсон болохоор олон орны судлаачид сонирхон ирж байна. Тэр болгон өөрийн гэсэн өөр өөр дурсамжтай. Хамгийн сайхан дурсамж бол хамгийн анхны төсөл 1963 оны зургадугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Жаргалан сумын аж ахуй, Загдалын голын хойд дэнж дээр хийсэн хамгийн анхны төслийг хэзээ ч мартахгүй. Хоёр сайхан шавь маань хамт явж байсан. Хамт ажилладаг Южмаа гээд эмэгтэй хоёр шавьтайгаа бид дөрөв морьтой явж байсан. Хамгийн анхны төсөл гээд бэлгэшээгээд сүү ууж байсан юм. Монгол орондоо хийж байсан хамгийн анхны төсөл байлаа.
-Гадаадаас эрдэмтэд их ирж судалгаа хийдэг гэсэн шүү дээ. Монголын онцлог юу байдаг болоод тэр хүмүүс судлахаар ирдэг вэ?
-Монгол гайхалтай байгальтай орон шүү дээ. Дахин давтагдашгүй өөр хаана ч байхгүй Төв Азийн хамгийн өндөрлөг газарт байрласан. Өндөр уул нурууд, өргөн тал хөндий, өргөн говь цөл гээд Монголд байхгүй зүйлгүй. Дөрвөн улирал 40 градус халдаг зунтай, 40 градус хүйтэрдэг өвөлтэй. Хавар, намар дөрвөн улирал эрс тэс ялгаатай ийм орон манайхаас өөр байхгүй. Дэлхийн хамгийн хуурай цөл Монголд байна гээд бод доо. Жилдээ хур тунадас 50-иас доош байдаг. Тийм цөл Алтайн өвөр говьд байна. Гэтэл манай Хөвсгөлийн тайга бол яг л тайга шүү дээ. Тийм эрс тэс байгальтай ийм газарт судалдаг хүн явахад гайхалтай орон юм шүү дээ. Тэгээд л энэ гадаадаас ирсэн хүмүүс юм үзэж, нүд тайлах гэж ном бичих гэж шинжлэх ухаанд бас нэг шинэ юм нээчих гээд ирж байгаа. Хөрсийг өвөл судалдаггүй. Хавар тавдугаар сарын сүүлчээс аравдугаар сарын эхэн хүртэл явж судалдаг. Бусад үед нь лабораторидоо суугаад хөрснийхөө дээжид задлан шинжилгээг хийдэг. Тэгээд дараа хавар нь дахиад хөдөө рүүгээ явцгаадаг. Зун нь хөдөө явна, өвөл нь лабораторидоо суудаг. Хоёр том цогц ажил юм. Лабораторигүй бол ямар ч судалгаа шинжилгээ хийх боломжгүй шүү дээ. Ямар найрлагатай, ямар давсжилттай, урвалын орчин нь ямар байгаа гээд бүгдийг лабораторийн шинжилгээгээр гаргана. Бид дандаа хамтын бүтээл хийдэг. Би хамгийн сүүлд 2003, 2004 онд хөдөө явсан. Арван хэдэн жил хөдөө явсангүй ээ, 70 гарчихаад хөдөө яваад байлтай биш. Бэртэж гэмтээд өвдөөд шавь нараа зовооно шүү дээ. Хааяа ойрхон зуур газар явна. Өмнө залуу байхад хавар ногоо цухуйнгуут л байж ядаад л хурдан явах юмсан гээд л машин олдоосой, бензин олдоосой гэж боддог байлаа. Тэр үед ачааны машинаар л явна 63, 51, 66 л олдоно. Монгол Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц гэж байдаг. Иж бүрэн гэдэг нь тэр дотроо амьтны судалгаа, ургамлын судалгаа, усны амьтдын судалгаа, хөрсний судалгаа бүгд ордог. Тэрэнд би 1970 оноос хойш хамт судалгаа хийж ирсэн. Арай боломж сайтай, унаа машин сайтай оросуудтай хамт олуулаа явдаг байв. Тэр экспедицийн ачаар би их зүйл хийсэн дээ. Дангаараа ч явдаг оросуудтай ч явдаг байлаа.
-Шинжлэх ухааны салбарт сүүлийн үед тулгамдаж байгаа асуудлууд юу байна вэ?
-Хэцүү тулгамдсан асуудлууд бий, бий. Төсөв зардлаас эхлээд хээрийн зам хоногийн зардал, мөнгө гээд хариугүй юм. Манай хуучны оросуудтай хийдэг байсан шиг хоёр, гурван сараар явах арга байхгүй. Хоёр долоо хоног, гурван долоо хоног яваад ирэхээс биш их олон хоногоор явах боломж маш хэцүү. Төсвийн асуудал маш их байна. Оросуудтай хамтарч явж байсан олон улсын экспедици гээд илүү боломжтой байсан. Одоо тийм зүйл байхгүй болсон. Шинжлэх ухааны салбартаа хөрөнгө мөнгө зарцуулах нь Монголд бага байдаг. Яахав, ирэх жилээс жаахан нэмэгдэхээр юм ярьж байна. Хүрээлэн болон өөр өөр үндсэн чиглэлүүдийн, судалгааны чиглэлүүд, тэр чиглэлийнхээ дагуу судалгаа шинжилгээ хийвэл шууд хүрээлэнгийн санхүүжилтийг нь өгчихдөг. Ямар ч давхцал байхгүйгээр шүү дээ. Ийм чиглэл саяхан Засгийн газраас гарсан. Эрдэм шинжилгээний ажилчдын цалинг нэмэх зэрэг шинжлэх ухаанд улсаас зарцуулах хөрөнгө нэлээд нэмэгдэх сайхан мэдээ дуулдаж байна лээ.
-Ерөнхийлөгч танд “Чингисийн одон”-г гардуулж өгч байхдаа юу хэлж байв. Таныг тусад нь хүлээн авч уулзсан уу?
-Америкийн эрдэмтэнтэй хамт уулзсан. Олон юм хэлээгүй, баяр хүргэе гээд ажлын амжилт ерөөгөөд, шагналаа гардуулсан. Харин хамгийн сайхан хүндэтгэлтэй зүйл нь биднийг шагнал авсны дараа Их хурлын хүндэтгэлийн хуралдаан 40 минут гаруй болсон.
-Таныг Шинжлэх ухааны академи хүлээж авсан гэсэн үү?
-Би 40 гаруй жил багшилж байгаа хүн. Эрдэм шинжлэлийн ажлын хажуугаар хөрс судлалын хичээл, Монгол орны газарзүйн хичээлээ бас заана. Олон сайхан ахмад багш нар маань байхгүй болжээ. Би 1978 оноос хойш цагаар хичээл заадаг байсан. Сүүлдээ Монгол улсын Их Сургуулийн профессор багшаар зэрэг ажиллах болсон. Ажлынхаа хажуугаар 14-15 жил тэнхимийн эрхлэгч хийлээ. Их сургуулийн бас хамааралтай профессор хүн юм. Их сургуулийн хамт олон маань тав дахь өдөр намайг хүлээж авах гээд би очиж чадаагүй. Улсын багшийн их сургуульд бас багшилж байсан. Мөн манай академи өчигдөр хүлээж авсан. Хүрээлэн дээрээ бас очоогүй л байгаа. Хотын дарга баяр хүргэж хүндэтгэл үзүүлээд хоёр өрөө байрны батламж өгснийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан гардуулж өгсөн.
-Энд тэнд судалгаагаар явахад шавь нартайгаа хэр их таардаг вэ?
-Хөдөө зөндөө таарна. Би Өмнөговийн Ханбогд сум руу очиход байгаль орчны хүмүүс нь дандаа шавь нар минь байсан. Багшаа хэзээ ирэв ээ, хэлэхгүй яасан юм бэ гээд бүгд миний шавь нар тосч авч байсан. Одоо олон жил багшилчихлаа. Нас ч дээр гарч заримыг нь танихгүй будилна. Их л юм болно.
Эх сурвалж: Өдрийн сонин