Өндөр хөгжилтэй орнууд хэлсэндээ хүрч амлалтаа биелүүлэх хэрэгтэй...

🕔 2022/11/23 18:41

"НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид" оролцогч талуудын хорин долдугаар бага хурал энэ сарын 20-ны өдөр Египетийн Шарм-эль-Шейх хотноо хаалтаа хийн, өндөрлөлөө. Хурлаар олон арван тогтоолыг баталсан бөгөөд эдгээрийн дотроос уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртсөн хөгжиж буй орон болон буурай хөгжилтэй орнуудад тусламж үзүүлэх зорилгоор алдагдал, хохирлын сан байгуулахыг баталсан нь хамгийн онцлох үйл явдал байсан юм.
 
Энэ шийдвэр амархан гараагүй ба хөгжиж буй орнуудын тулгамдсан шаардлагад нийцсэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл явцад эерэг нөлөө авчрах үйлдэл боллоо. "Энэ бол түүхэн ахиц дэвшил" гэж дэлхийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгүүлж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл хийн, "Энэхүү хурал нь шударга ёсыг тогтоохын төлөө чухал алхам хийлээ" гэж онцолсон бол "энэ амжилт нь хөгжиж буй орнуудын эв нэгдлийг харуулсан төдийгүй өнгөрсөн жилүүдийн хуралтай харьцуулахад илүү их эерэг үр нөлөө үзүүллээ" хэмээн  CNN  тэмдэглэжээ.
 
Энэ онд "НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц"-ийн гэрээ байгуулсан 30 жилийн ой, мөн "Парисын хэлэлцээр"-ийн хэрэгжилт зорилтоо биелүүлсний дараах эхний жил тохиож байгаа ч хүн төрөлхтөн өдөр ирэх тутам уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ноцтой сорилттой тулгарсаар байна.
 
Дэлхийн цаг уурын байгууллагаас энэ оны тавдугаар сард гаргасан тайлангаас үзвэл 2021 онд хүлэмжийн хийн агууламж, далайн түвшний өсөлт, далайн дулааны хэмжээ, далайн хүчиллэгжилт зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн дөрвөн үндсэн үзүүлэлт шинэ дээд хэмжээндээ хүрсэн. Энэ оны зургадугаар сараас хойш Пакистанд урьд өмнө байгаагүй үер усны гамшиг болж, газар нутгийнх нь гуравны нэг  усанд автаж, олон арван сая хүн гамшигт өртсөн нь уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлыг зохицуулахгүй байхын аргагүй гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт мэдрүүлсэн юм.
 
2009 онд Копенгагенд болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын үеэр өндөр хөгжилтэй орнууд 2020 он гэхэд хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход нь туслах зорилгоор жил бүр 100 тэрбум ам. долларын тусламж үзүүлэхээ амласан. Гэвч энэ амлалт өнөөг хүртэл биелээгүй байна. 
 
 COP27-д хөгжиж буй орнууд нийтээрээ өндөр хөгжилтэй орнуудаас амлалтаа биелүүлж, нөхөн олговор олгохыг шаардсан юм. Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари саяхан "Вашингтон пост" сонинд нийтлэл бичиж, барууны орнуудын хөгжил Африкт цаг уурын гамшиг учруулж байна, Африкт барууны орнуудаас "уур амьсгалын нөхөн олговор" шаардах эрхтэй хэмээн онцолжээ. 
 
 2012-2021 он хүртэл Хятадын эрчим хүчний хэрэглээний жилийн дундаж өсөлт 3% байсан нь эдийн засгийн дундаж өсөлтийн хурдыг 6.5%  болгож чадсан юм. 2021 онд Хятадын ДНБ-д ноогдох нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2012 онтой харьцуулахад ойролцоогоор 34.4%-иар буурсан бөгөөд энэ нь 3.7 тэрбум тонн нүүрсхүчлийн хийг бага ялгаруулсантай тэнцэж байна. Мөн  Хятадын сэргээгдэх эрчим хүчний нийт хөрөнгө оруулалт 380 тэрбум ам. долларт хүрч, ерөнхий хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт оржээ.
"Манай гараг ертөнц яаралтай тусламж шаардсаар байна" гэсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн хэлсэн үг хүмүүст нэгийг бодогдуулах нь дамжиггүй. "Парисын хэлэлцээр"-ийн зорилт урилгад тайвшрах биш харин бодитой үйл ажиллагаа нь чухал. COP27 тодорхой үр дүнд хүрч буй боловч олон сорилтуудтай тулгарсаар байгаа бөгөөд цаашид хийх ч  ажил их байна. Давын өмнө өндөр хөгжилтэй орнууд хэлсэндээ хүрч амлалтаа хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. 
н.Ренчинсоо
скачать dle 12.0

Санал болгох