Орчин үеийн дэлхийн дэг журам хувьсан өөрчлөгдөх нь

🕔 2022/11/16 10:35

Өдгөө орчин үеийн ертөнцөд маш ноцтой, том том өөрчлөлтүүд гарч, хамтын аюулгүй байдлын зарчмууд алдагдаж, харин олон улсын эрх зүй нь Барууныхны тогтоосон дүрэм гэгчээр солигдож байна. Тэд дэлхий ертөнц тэдний томьёолсон дүрмүүдэд нийцэн өөрчлөгдөх ёстой гэж үзэх болсон ба өөр хэн ч байсан өөрийн гэсэн хөгжлийн замаа сонгох эрхгүй болоод байна.
Барууны хамтын нийгэмлэг нь зөвхөн Барууны соёл, үнэт зүйлс болон ертөнцийг үзэх үзэл нь бүх нийтийн шинж чанартай байх ёстой бөгөөд олон улсын харилцааны бусад бүх оролцогчид аливаа болзолгүйгээр түүнийг нь хүлээн зөвшөөрөх ёстой гэж үздэг. Гэвч үүний цаана бас арилжааны ашиг сонирхол нуугдаж байдаг.
Барууны орнууд дэлхий ертөнцийг нэг хэлбэрт оруулж, өөрсдийн үнэт зүйлс болон хэрэглэгчдийн үзэл бодолд суурилсан хэвшмэл ойлголтуудыг бидэнд тулгахдаа өөрсдийн бүтээгдэхүүний зах зээлийг тэлэхийг хичээж байна.
Барууны "даяаршил"-ын гэх боловч мөн чанартаа бол нео-колоничлолын загвар нь дэлхий нийтийн бүх ялгааг арилган нэг хэлбэрт оруулах үзэл дээр, мөн санхүүгийн болон технологийн монополчлол дээр тулгуурласан юм. Дэлхийн эдийн засаг болон улс төрд Барууны үнэмлэхүй ноёрхлыг бэхжүүлэх, үүний тулд байгалийн ба санхүүгийн нөөцийг, мөн хүн төрөлхтний оюун ухааны, боловсон хүчний ба эдийн засгийн боломжуудыг ашиглах гэсэн зорилтууд нь илт байна.
Харин даяаршлын үр шимийг Барууны биш бусад, тэр дундаа Азийн томоохон улс орнууд хүртэж эхэлмэгц Барууныхан тэр дороо эргэж, өөрсдийн зохиосон ихэнх дүрмээ өөрчилж, эсвэл бүрмөсөн цуцалж, чөлөөт худалдаа, эдийн засгийн нээлттэй байдал, шударга өрсөлдөөн, тэр ч байтугай дархан халдашгүй өмчийн эрхийн зарчмуудынхаа тухай ор тас мартав. Олон жилийн турш Барууны үзэл сурталчид болон улстөрчид ардчиллаас өөр хөгжлийн зам байхгүй гэдгийг дэлхий нийтэд зарласаар ирсэн. Ингэхдээ тэд зөвхөн Барууны буюу ардчиллын либерал загварын тухай ярьж байсан. Ардчиллын бусад бүх хувилбар, загваруудыг тэд үл тоомсорлон үгүйсгэж байв.
Гэвч өнөөдөр дэлхийн хамтын нийгэмлэгийн үнэмлэхүй дийлэнх нь олон улсын харилцаанд ч мөн адил ардчилал хэрэгтэй хэмээн шахан шаардаж, аливаа улс орны, эсвэл бүлэг улсуудын аливаа хэлбэрийн дарангуйллыг хүлээн зөвшөөрөхөөсөө татгалзаж байна. Энэ чинь л ардчиллын зарчмуудыг олон улсын харилцааны түвшинд шууд хэрэгжүүлж буй явдал юм. Гэвч "ардчилсан" Барууныхан энэхүү эрмэлзлийг "дүрэм журамд суурилсан либерал дэглэмийг сүйтгэх гэсэн хүсэл" хэмээн нэрлээд, худалдаа, эдийн засгийн дайн, хориг арга хэмжээ, өнгөт хувьсгал, төрөл бүрийн төрийн эргэлт зэргийг зохион байгуулж байна. Ийнхүү барууныхны 2014 онд санхүүжүүлсэн төрийн эргэлт нь Украины хувьд үнэхээр эмгэнэлт үр дагавартай болсон.
Олон туйлт ертөнц дэх жинхэнэ ардчилал нь юуны түрүүнд аливаа үндэстэн, аливаа соёл иргэншил нь өөрийн гэсэн хөгжлийн зам мөр, нийгэм-улс төрийн тогтолцоогоо сонгох боломжтой гэсэн үзэл дээр суурилагдсан байх ёстой. Хүн төрөлхтний хөгжил нь хүмүүний эрхэм дээд чанар ба оюун санааны мөн чанарыг хүлээн зөвшөөрөх үзэлд тулгуурласан оюун санааны болон ёс суртахууны үнэт зүйлс дээр суурилсан соёл иргэншлүүдийн яриа хэлэлцээний замаар явах ёстой. Уламжлалт үнэт зүйлс гэдэг нь хүн бүр дагаж мөрдөх ёстой хэвшмэл хэдхэн сургаалуудын багц биш юм.
Барууныхны сурталчилж буй нео-либерал үзэл суртлын үнэт зүйлсээс ялгаатай нь энэхүү уламжлалт үнэт зүйлс нь тухайн нийгэм, ард түмний соёл, уламжлал, түүхэн туршлагаас улбаатай байдаг тул өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогуудтай. Тиймээс уламжлалт үнэт зүйлсийг хэн нэгэнд хүчээр тулган хэвшүүлэх ямар ч боломжгүй. Уламжлалт үнэт зүйлсийг зөвхөн хүндэтгэж, үндэстэн бүрийн олон зууны турш сонгон, өөрийн болгосон зүйлсэд анхааралтай хандах л ёстой. Хорвоо алаг бөгөөд түүнийг нэг хэвд оруулах гэсэн Барууны оролдлогууд нь яагаад ч бүтэхгүй.
Дэлхий дахинд өөрийн дарангуйллыг тогтоох гэсэн бардам оролдлогууд нь үнэн хэрэгтээ Барууны, тэр дундаа АНУ-ын удирдагчдын олон улсын тавцан дахь нэр хүнд буурч, аажимдаа тэдний яриа хэлэлцээ хийх чадварт итгэх итгэл сулрахад хүрч байна. Хэрэв өмнө нь цөөхөн хэдэн улс АНУ-тай маргалддаг байсан бол өдгөө улам их улс орнууд тэдэнд дарамт шахалт үзүүлэхийг хичээсээр буй Вашингтоны үндэслэлгүй шаардлагуудыг эсэргүүцэн татгалзах нь хэвийн үзэгдэл болжээ. Дэлхийн ард иргэд бүтэшгүй гэдэг нь аль хэдийн тодорхой болсон албадлагын бодлогыг нүдээ аниад өнгөрөөхгүй бөгөөд Барууны орнууд нь өөрсдийн ноёрхлоо хадгалан үлдэх гэсэн оролдлого бүрийнхээ төлөө улам их төлөөс төлөх болно.
Асуудлын гол нь хоёр өөр янзын Барууны ертөнц байгаад оршиж буй юм. Уламжлалт, үндсэндээ христийн, харин өдгөө бол исламын үнэт зүйлс, эрх чөлөө, эх оронч үзэл болон баялаг түүх, соёлтой Барууны нэг ертөнц байхад түрэмгий, космополит, нео-колоничлол ба нео-либерал элитүүдийн хэрэгсэл болж хувирсан өөр нэгэн Барууны ертөнц байна. Чухам энэхүү хоёр дахь Барууны ертөнцийн дарангуйлалтай яав ч эвлэрч болохгүй. Уг Барууны ертөнц нь өөрийн зорилгодоо хүрэхийн тулд хүн бүрийг өөрийн хэрэгсэл төдий болгон ашиглахыг оролдож байна. Харин ийнхүү хэрэгсэл болж ашиглуулахыг зөвшөөрөхгүй байгаа хэн бүхний эсрэг эдийн засгийн бүх төрлийн хязгаарлалт, хориг арга хэмжээнүүдийг авч, төрийн эргэлтүүдийг бэлтгэж байна. Гэвч хөгжил дэвшил нь барууны хамтын нийгэмлэгийн тулган шаардаж буй шиг бүгд нэг чиглэлд нэгэн зэрэг алхахад бус, харин улс орон бүр өөрийн замаар явахад оршино. Аливаа соёл иргэншил нь өөрийгөө хөгжлийн оргил хэмээн бардамнах ёсгүй. Өнөөдрийн түүхэн цаг мөчийн утга учир нь бүх соёл иргэншил, улс орнууд болон тэдгээрийн нэгдэл холбоод нь өөрийн замыг сонгох бүрэн боломж жинхэнэ утгаараа нээгдэж буйд оршиж байгаа юм. Түүнчлэн олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа ч илүү шударга, нээлттэй болох ёстой. Олон улсын санхүүгийн шинэ тавцангууд, түүний дотор олон улсын төлбөр тооцооны шинэ тогтолцоонууд үүсэх нь зайлшгүй юм. Ийм тавцангууд нь аливаа улс үндэстний эрх мэдлээс гадуур, улс төрөөс ангид бөгөөд аливаа хяналтын төвөөс хамааралгүй байх ёстой. Дэлхийн бүх улс орнууд шударга болоод нээлттэй шинжлэх ухаан, технологийн солилцоог өрнүүлэх нийтлэг, нэлээд прагматик сонирхолтой байгаа нь ойлгомжтой. Хамтран ажиллаваас бүх талууд хожно.
Гэвч Барууны орнууд нь бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд нийлүүлэхдээ импортлогч улс орнуудын дотоодын үйлдвэрлэл бүрэн сүйрч, тэд өөрсдийн технологийн болон шинжлэх ухааны чадавхаа бүрэн алдахад хүргэх харилцаа холбоог тогтоодог. Гэтэл шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил нь дэлхийн улс орнуудын тэгш бус байдлыг нэмэгдүүлэх биш, харин ч эсрэгээрээ багасгах ёстой билээ. Хэрэв либерал даяаршил нь улс үндэстнүүдийн онцлогийг үгүйсгэж, дэлхий дахинд барууны загварыг тулгах явдал бол интеграци нь эсрэгээрээ соёл иргэншил бүрийн чадавхыг бүх нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн, нийтлэг ашиг сонирхлын үүднээс улам бүр хөгжин дэлгэрүүлэх явдал юм. Глобализм нь дарангуйлал бол интеграци нь бүх талуудад ашигтай нийтлэг стратегийг хамтын хүчээр боловсруулах явдал юм. Үүнтэй холбогдуулан эдийн засаг, нийгмийн тогтолцоо, нөөцийн бааз болон дэд бүтэц нь бие биеэ нөхөн оршиж байдаг хөрш улс орнуудын харилцан үйлчлэлд суурилсан томоохон орон зайг бий болгох механизмуудыг илүү идэвхтэй эхлүүлэх нь чухал байна. Ийнхүү томоохон орон зай нь олон туйлт дэлхийн дэг журмын эдийн засгийн үндэс болдог ба тэдний яриа хэлцлээс хүн төрөлхтний ээдрээтэй, өөрсдийн гэсэн онцлогтой ба олон талт шинж чанартай жинхэнэ эв нэгдэл үүсэн гарч ирнэ.
Лиссабоноос Владивосток хүртэлх өргөн уудам газар нутаг нь Их Евроазийн мэдээжийн нэгэн хэсэг болох боломж байлаа. Энэхүү орон зай нь ЕХ, ЕАЭЗХ, ШХАБ, "Нэг бүс, нэг зам", "Умард-Өмнөд тээврийн коридор" зэрэг санаачилга, байгууллагуудын чадавхыг нэгтгэж, Евроазийн хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлж чадах байлаа. Гэвч энэхүү өргөн цар хүрээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Европчуудын өөрсдийгөө бусдаас илүүд үзэх, аливаа ажил хэргийн эхлэлд бусадтай эн тэнцүү оролцох нь зохисгүй гэсэн итгэл үнэмшил нь саад болж байна. Ийнхүү тэд бусдад дээрэнгүй хандаж байгаа ч өөрсдөө аль хэдийн хэн нэгний үнэнч зарц, ихэнхдээ саналын эрхгүй захын алслагдсан бүс нутаг болж хувирснаа анзаарахгүй байна. Дэлхийн үйл хэрэгт Барууны ертөнц ганцаарчлан ноёрхож байсан түүхэн үе ерөнхийдөө шувтарч, нэг туйлт ертөнц түүх болон ард үлдэж байна.
Бид Дэлхийн II дайн дууссанаас хойшихын хамгийн аюултай, урьдчилан тааварлашгүйн хажуугаар маш чухал арван жилийн эхлэлийн түүхэн хил дээр зогсож байна. Барууны ертөнц хүн төрөлхтнийг дангаараа удирдаж чадахгүй боловч үүний төлөө улайран зүтгэж байна. Харин дэлхий нийтийн ихэнх ард түмэн үүнийг хүлээн зөвшөөрч, тэвчихийг хүсэхгүй байна. Чухам үүнд л шинэ эрин үеийн гол зөрчил оршиж байгаа юм. Эрин үеийн солилцоо нь өвдөлт ихтэй боловч ердийн бөгөөд зайлшгүй үйл явц юм. Дэлхий нийтийн ирээдүйн дэг журам бидний нүдэн дээр бүрэлдэж байгаа ба бид энэхүү шинэ ертөнцөд улс орон, ард түмэн, нийгэм, соёл, ертөнцийг үзэх үзэл санаа, бодлын тогтолцоо бүрийн саналыг сонсож, байр суурийг нь харгалзан үзэх ёстой. Аль ч тал нь хэн нэгэнд өөрийн үнэнийг тулгахгүйгээр, бүгд газар дэлхийн хувь заяаны өмнөх хариуцлагаа ухамсарлан, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хүн төрөлхтний соёл иргэншлийн симфони хөгжмийг бичиж, ирээдүйгээ бүтээн байгуулах ёстой.
 
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0

Санал болгох