Аксель Никэйз: Монголд ногоон хөгжлийг түлхүү хөгжүүлэхийг зорьж байна

🕔 2022/11/15 09:30

“Элчин сайд ярьж байна” булангийн энэ удаагийн зочноор Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Аксель Никэйзийг урьж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
 
-Та жил гаруйн өмнө Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Энэ хугацаанд эх оронтой минь хэр танилцав. Уур амьсгалд хэр дасаж байна. Монголын өвөл хүйтэн санагдаж байна уу? 
-Сайн байна уу, уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе! Монголд ирээд хэдийнэ жил гаран болжээ. Маш завгүй, ажил ид өрнөсөн жил өнгөрсөн байна. Би Монголд гурван жил ажиллана. Энэ хугацаандаа Монголын бүхий л аймгаар аялна гэж зорьж байна. Ирснээсээ хойш нэг жилийн хугацаанд 10 гаран аймгаар аялсан байна. Өнгөрсөн амралтын өдрөөр гэхэд л морин аялал хийсэн. Уур амьсгалын хувьд хүйтэн гэхээсээ илүү хуурай уур амьсгал нь миний хувьд сорилт шиг санагдаж байна. Би Монголд ирэхээсээ өмнө Вьетнамд ажиллаж байсан. Тэндхийн цаг агаар Монголоос тэс өөр, маш чийглэг уур амьсгалтай. Нөгөө талаар Монголын хуурай байдал нь энэ хүйтнийг даван туулахад илүү нэмэртэй юм байна. Хүйтэн нь тийм ч хэцүү санагддаггүй. Нэг өвлийг ямартай ч төвөггүй давсан.
 
-Монголын хувьд хамгийн их таалагдаж байгаа гурван зүйлээ нэрлэж болох уу? 
-Нэгдүгээрт, Монголын байгаль надад үнэхээр гайхалтай санагддаг. Баруун тийш өндөр сүрлэг уулс байхад, зүүн зүгт тал нутаг байна. Өмнө зүгт говь цөл, хойд талд ой хөвч гээд маш олон байгалийн үзэсгэлэнг нэг дор цогцлоосон нь үнэхээр гайхалтай. Гэхдээ нөгөө талаар Монголын байгаль уур амьсгалын өөрчлөлтөд маш ихээр өртөж байгаад эмзэглэж явдаг. Тийм учраас бид Ногоон хөгжлийг Монголд түлхүү хөгжүүлэхийг зорьж байна. Хоёрдугаарт, ард түмний энгийн нээлттэй, зочломтгой байдал их сэтгэл хөдөлгөсөн.  Эгэл жирийн малчин хүнээс эхлээд төр тэргүүлж байгаа түшээд ч энгийн сайхан харилцаатай, бие биенээ таньдаг юм шиг сайхан сэтгэгдлийг төрүүлж чаддаг нь надад үнэхээр онцгой санагддаг. Гурав дахь нь мэдээж Монголын агуу түүх. Тэртээх XIII зууны үед ч номлогчид Чингис хааны өргөөнд ажилладаг байсан тухай охин минь надаас асууж байсан. Дэлхийд гайхагдсан их түүхийн эзэд учраас Монголын түүхээр би маш их бахархдаг. 
-Монголд ирэхээс өмнө Вьетнамд Төлөөлөгчийн газар ажиллаж байсан гэсэн. Өөр ямар улсуудад томилогдон ажиллаж байв? 
-Би Монголд ирэхээсээ өмнө Вьетнам, Энэтхэг, Украйн, Киргызстанд ажиллаж байсан. Манай хамтран ажиллагч, найз нөхөд намайг зүүн тийшээ л яваад байгаа гэж хошигнодог. Нэг өдөр Номхон далайн орчмын улс орнуудад ажиллах байх. /Инээв/ Саяхан би Баян-Өлгийд ажиллах үеэр Киргызэд ажиллаж байсан дурсамжууд маань сэргэж сайхан санагдаж байлаа. Монгол түүх соёл, ахуй хэв маяг, үндэстэн угсаатан, байгаль гээд маш баялаг шүү.
 
-Манай улсад ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн тэртээх 1989 онд Монгол Улс Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй юм билээ. Монгол Улсад Европын Холбоонд харьяалдаг хэд хэдэн Улсын ЭСЯ үйл ажиллагаа явуулдаг. Харин Европын Холбооны Төлөөлөгчийн газар ямар үүрэгтэй вэ, голлон ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ? 
-Монгол Улс, Европын Холбоо дипломат харилцаа тогтоосноос хойш 33 жилийн хугацаа өнгөрсөн байна. Харин Европын Холбооноос Монголд Төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яамыг нээх шийдвэр 2017 онд гарсан байдаг. 2018 оны арваннэгдүгээр сард албан ёсоор Төлөөлөгчийн газрыг нээсэн. Мэдээж үүнээс өмнө ч бид олон салбарт хамтын ажиллагаатай, төсөл хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлдэг байсан. Төлөөлөгчийн газрыг нээснээс хойш Европ Монголын хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, үйл ажиллагаа илүү нээлттэй болсон.
 
-Иргэдийн хувьд Европын улс орнууд руу аялах, жуулчлах суралцах зэргээр виз мэдүүлэхэд танай Төлөөлөгчийн газарт хандах боломжтой юу. Ялангуяа ЭСЯ нь Монголд байдаггүй улс орнуудын виз, консулын асуудлыг танайх хамаардаг уу? 
-Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар нь бусад Элчин сайдын яамдтай адил дипломат төлөөлөгчийн газар боловч виз болон консулын асуудал эрхэлдэггүй. Харин гишүүн орнуудын Элчин сайдын яамд хариуцдаг. Аль улс руу хэр хугацаагаар зорчихоос шалтгаалаад тухайн улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлнэ гэсэн үг юм. Дашрамд дурдахад, Европын Холбооны хувьд Шенгений визийн зөвлөлдөх систем гэж байдаг. Энгийнээр хэлэхэд, аль нэг улсын иргэдэд Шенгений виз олгох эсэхийг тухайн системийн хүрээнд авч үзэж,  гишүүн улс орон зөвлөлдөж шийддэг учраас тодорхой хугацаа шаарддаг. Виз мэдүүлсний маргааш шууд хариу хэлэх боломжгүй байдгийг нэмж хэлмээр байна.
 
-Анх дипломат харилцаа тогтоосноос хойшхи энэхүү 30 гаруй жилийн хугацаанд Европын Холбооноос олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, сайхан сэтгэлийн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Дүгнэж хэлэхэд, одоогийн байдлаар ямар, ямар хөтөлбөр хэрэгжээд байгаагийн дотор таны хувьд онцолж үздэг ямар төсөл байдаг вэ? 
-Одоогийн байдлаар Монгол Улсад Европын Холбооны санхүүжилттэйгээр нийт 149 сая еврогийн 30 гаран төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр нь бүгд буцалтгүй тусламж учраас Монголд томоохон дэмжлэг болсон болов уу гэж боддог. Хөтөлбөр бүр зорилго чиглэлтэй, тодорхой салбарт эсвэл бүхэлд нь дэмжлэг үзүүлж байгаа учир өөр өөрийн онцлогтой.
 
Гэхдээ миний хувьд Тогтвортой ноос ноолуурын төслийг нэлээн өндөр ач холбогдолтой хэмээн тодотгомоор байна. Энэ төслийн ачаар Монгол Улсад анх удаа үндэсний хэмжээний стандарт бий болгож байна, эдийн засгийн хувьд алсдаа үр өгөөж өндөр,  монголчуудын хэрэгцээ шаардлагад нэн тохирсон гэж үзэж байна.
 
Мөн хоёр дахь онцлох төсөл бол Төсвийн шууд дэмжлэг. Товчхондоо бол Монгол Улсын төсөвт 50.8 сая еврог буцалтгүй тусламж хэлбэрээр шууд олгож буй юм. Ингэхдээ Монгол Улсын Засгийн Газрын урт хугацааны зорилготой уялдсан тодорхой салбаруудыг хөгжүүлэх, чадавхжуулах нөхцлийг тохиролцсон гэсэн үг юм. Тухайлбал, ажлын байрыг нэмэгдүүлэх, МСҮТ-үүдийн хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэх, суралцагчдыг дэмжих, төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой олон нөхцөл бий.
 
-Хэрэгжсэн төслүүдийн үр дүнгийн талаар ярилцъя. Ялангуяа Монгол Улсын төсөвт шууд дэмжлэг үзүүлсний хариуд Засгийн газар хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэр биелүүлж байна,  ямар үнэлгээтэй байгаа вэ? 
-Үр дүнг нь хэмжихэд ойлгомжтой бас амар хөтөлбөр гэвэл Төсвийн дэмжлэгийн хөтөлбөр юм. Тодорхой шалгууруудыг хэрхэн хангасныг, амлалтандаа хэрхэн хүрч байгааг тусгай экспертүүдийн баг ирээд, үнэлгээ хийж үнэлэлт дүгнэлт өгдөг. Үүн дээр үндэслээд санхүүжилт олгогдоод явдаг. Өөр нэг амжилттай хэрэгжсэн төсөл бол туслах малчныг дэмжих хөтөлбөр байсан.
 
Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтарч хэрэгжүүлсэн энэ төслийн хүрээнд туслах малчны хөдөлмөрийг үнэлэх, нийгмийн хамгаалал зэргийг эрх зүйн орчинд бий болгож чадсан. Шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчинтай холбоотой хоёр заалт нэмэгдэж орсон юм.
 
Үүний нэг нь туслах малчнаар албадан хөдөлмөр эрхлүүлэхгүй байх талаар зохицуулалт хийсэн нь маш чухал үр дүнтэй гэж үзэж байна. Мөн Агаарын бохирдлыг бууруулах төслийг дурдмаар байна. Зарим гэр хорооллын байшингуудыг дулаалах төслийг амжилттай хийж чадсан. Энэ байшин дулаалгын төслийн хувьд инновацлаг, технологийн хувьд шинэлэг байх эсэх нь цаг хугацааны асуудал ч гэлээ урт хугацаандаа агаарын бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмэр оруулсан байх гэж бодож байна.
 
-Эрчим хүч, байгаль орчин боловсрол гээд олон салбарт сайн харилцаатай байдаг. Цаашид ямар салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд нээлттэй гэж та үзэж байна вэ? 
-Европын Холбоо, Монгол Улс хоорондын 2021-2027 онд хэрэгжих Дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөр өнгөрсөн онд батлагдсан. Энэ долоон жилийн хугацаанд хоёр үндсэн чиглэлд ажиллана.
 
Нэгдүгээрт “Тогтвортой ногоон хөгжил”. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжихэд чиглэнэ. Нэмээд хэлэхэд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Европын Холбооны тэргүүн Урсула Фон дер Лайен нар Ойн түншлэлийн санамж бичгийг үзэглэсэн. Монгол Улсын хувьд Европын Холбоотой энэ чиглэлд санамж бичиг байгуулж байгаа Азийн анхны улс боллоо. Энэ бол улс төрийн болоод гадаад харилцааны хувьд маш эерэг сайхан мэдээ. Ойрын ирээдүйд Ногоон бонд гаргахаар зорьж байна. Монгол Улсын хувьд аль нь ногоон байх юм, аль нь ногоон бус юм гэдгийг тодорхойлсон “ногоон ангилал зүй” гаргасан нь сайшаалтай. Хоёр дахь гол хамтран ажиллах чиглэл бол “эдийн засаг, ардчиллыг дэмжих” юм. Уул уурхайгаас хамааралтай байдлыг аль болох багасгах, эдийн засгийг төрөлжүүлэхэд тусгайлан анхаарч байгаа гэж ойлгож болно. Ардчиллыг дэмжих гэдэгт шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна. Нээлттэй, ил тод шүүхийн системтэй байна гэдэг маш чухал юм. 
-Таны өмнө ажиллаж байсан Украйн улс одоогоор дайн самуунтай, маш амаргүй цаг үеийг туулж байгаа. Мэдээж олон улсын байдал ээдрээтэй байгаа энэ үед өмнө нь ажиллаж, амьдарч байсан ард түмнийхээ сайн сайхны төлөө санаа зовниж байгаа байх...? 
-Тэгэлгүй яахав. Би тэнд цөөнгүй жил ажиллаж байсан. Олон найз нөхөд, хамтран ажиллагсад минь байдаг учраас хувь хүний хувьд надад маш хүнд тусаж байгаа. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европын газар нутагт болж байгаа хамгийн хор хөнөөлтэй, хямралт байдал үүссэн гэж хэлж болно. Энэ бол хувь хүн талаасаа бодож байгаа үзэл бодол минь. Нөгөө талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр батлагдсан Энх тайвны үзэл баримтлал, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг дүрэм журмыг зөрчсөн явдал нь үнэхээр дэлхий нийтийн өмнө аюулгүй байдлын онцгой асуултуудыг тавьж байна.  
 
-Монгол Улсын хувьд бид дэлхийд тэргүүлэгч хоёр том гүрний дунд оршдог, газар нутаг, байгалийн баялгийн асар их нөөцтэй ч хүн ам цөөтэй өвөрмөц онцлогтой ард түмэн. Хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байхыг чухалчлан үзэхийн зэрэгцээ дэлхийн бүх улс орнуудтай гуравдагч хөршийн найрсаг харилцааг ижил төвшинд үзэж эрхэмлэдэг. Үүнийг маань ч гуравдагч хөрш гэгддэг бусад улс орнууд маань бүрэн ойлгодог гэсэн итгэл байдаг. Та 29 орныг туган дороо нэгтгэсэн Европын холбоог төлөөлөн сууж байгаагийн хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ? 
-Европын Холбооны зүгээс хэлэхэд, Монгол Улсын нөхцөл байдал байр суурийг бүрэн дүүрэн ойлгодог. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй. Түүнтэй адил аливаа улс орон газар зүйн нөхцөл байрлалын хувьд хөршөө сонгох боломж байхгүй. Монгол Улсын хувьд Солонгосын хойгийн болон гуравдагч хөршийн асуудалд гадаад бодлогоо улам эрчимжүүлж, маш ухаалаг бодлого явуулж байгаа нь сайшаа
 
Жишээ нь, өнгөрсөн наймдугаар сард болсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн айлчлал үүнийг харуулсан нэгэн том нотолгоо гэж харж болно. Мөн Монгол, Америк, Японы гурван талт уулзалт болж харилцан бие биенээ дэмжихээ илэрхийлсэн нь их чухал үйл явдал болсон.
 
Монгол Улсын хувьд газар зүйн байрлалаа үл харгалзан, НҮБ-ын идэвхтэй гишүүн төдийгүй ил тод, нээлттэй ардчилсан улсын хувьд хоёр хөрштэйгөө эвтэй найртай байхын зэрэгцээ бусад улс орнуудтай гуравдагч хөршийн стратегийн бодлого хэрэгжүүлж байгаад би маш их баяртай байна. Мөн нэг зүйл нэмж хэлэхэд, олон талт хамтын ажиллагааны хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд улс орон болгон өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсын хувьд өөрийн саналын эрхээ бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна. Саяхан Цөмийн зэвсэггүй бүс гэдгээ дахин баталгаажуулсан нь олон талт хамтын ажиллагаагаа чадварлагаар хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл болсон.
 
 
Б.НямсүрэнЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох