Казахстан улс бүс нутгийн ногоон эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх төв болоход бэлэн байгааг мэдэгдэв

🕔 2022/11/09 15:08

АСТАНА. /Kazinform/.
 Казахстан улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх бүс нутгийн төв болох боломжтой гэж тус улсын Ерөнхий сайд Алихан Смаилов Египетийн Шарм-эль-Шейх хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцод оролцогч талуудын 27 дугаар бага хурлын үеэр мэдэгдлээ.  
 
 
“Дэлхийн ногоон эрчим хүчний эх үүсвэрийн төвүүдийн нэг болох потенциал Казахстан улсад бий. Тиймээс бид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх бүс нутгийн төв болж, үндсэндээ Төв Азийг ногоон технологид шилжүүлэхэд түлхэц өгөхөд бэлэн байна" гэж Казахстаны Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн байна. 
 
 
 
Түүний хэлснээр, одоогоор тус улсын эрчим хүчний нийт үйлдвэрлэлд ногоон эрчим хүч 3 орчим хувийг эзэлж байна. 2030 он гэхэд ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг 7 ГВт-аар 15 хувьд хүргэж нэмэгдүүлэхээр, харин нүүрстөрөгчийн ялгаруулалтыг дор хаяж 15 хувиар бууруулахаар төлөвлөжээ. 
 
 
 
А.Смаилов Казахстан улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийг саармагжуулах том зорилт тавьсныг сануулаад “энэ хүрээнд оны эцэс гэхэд "Нүүрстөрөгч багатай хөгжлийн стратеги"-ийг батлахаар төлөвлөж байгааг мэдэгджээ. "Энэ нь Төв Азийн улс анх удаа ийм амбицтай баримт бичгийг батлах түүхэн мөч болно" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 
 
 
 
Казахстаны Засгийн газар ногоон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх арга хэмжээ авч байгаа бөгөөд “Астана” олон улсын санхүүгийн төвийг ногоон санхүүжилтийн бүс нутгийн өвөрмөц хөрөнгө оруулалтын төв болгон санал болгоход бэлэн байгааг тус улсын Ерөнхий сайд мөн онцоллоо.  "Бид мөн Байгаль орчны шинэ хуулийн хүрээнд ихээхэн хүчин чармайлт гаргаж, 2025 он гэхэд 2 тэрбум мод тарих амбицтай зорилтыг хэрэгжүүлж байна" гэж А.Смаилов хэлжээ.
Үүнээс гадна, Казахстаны эрх баригчид уур амьсгалын асуудлаар олон улсын бүх түнштэйгээ өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгааг мэдэгджээ.
 
Д.Жаргал 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох