Еврогийн бүсийн инфляцын түвшин 25 жилийн хамгийн дээд хэмжээнд хүрчээ
БРЮССЕЛЬ. /Anadolu/. Еврогийн бүсийн инфляц энэ оны 10 дугаар сард дээд үзүүлэлтийг эвдэж, өмнөх оны мөн үеийнхээс 10.7 хувиар өсжээ. Европын Холбооны /ЕХ/ Статистикийн газрын (Eurostat) урьдчилсан мэдээллээр, инфляц есдүгээр сард 9.9 хувиас хурдацтай өсөж, дээд хэмжээг дахин шинэчилжээ. Еврогийн бүсэд эрчим хүчний эх үүсвэрийн үнэ 41.9 хувиар өссөн бол хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхи 13.1 хувиар, аж үйлдвэрийн бараа 6 хувиар, үйлчилгээ 4.4 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Хамгийн өндөр инфляц Эстони (22.2 хувь), Литва (22 хувь) болон Латви улсад (21.8 хувь) бүртгэгдсэн бол Франц (7.1 хувь), Испани (7.3 хувь), Мальта (7.5 хувь), Финланд (8.3 хувь) болон Кипр дэх Грекийн нийгэмлэгт (8.6 хувь) инфляцын түвшин хамгийн бага хувиар өсжээ.
Дурдсан хугацаанд инфляц Нидерландад 16.8 хувь, Словакт 14.5 хувь, Бельгид 13.1 хувь, Итали 12.8 хувь, Германд 11.6 хувь, Австри 11.5 хувь, Португал 10.6 хувь, Словенид 10.3 хувь, Грект 9.8 хувь, Ирландад 9.6 хувь, Люксембургт 8.8 хувьтай байсан байна.
Ийнхүү еврогийн бүсийн инфляцын түвшин өнгөрсөн сард сүүлийн 25 жилийн хамгийн дээд хэмжээнд хүрчээ.
Одоогийн инфляцын түвшин нь Европын Төв банкны зорилтот 2 хувиас тав дахин их байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг