Цар тахлын дараах Нобелийн шагналтнууд тодорлоо
Шинжлэх ухааны салбарт гаргасан нээлт нь хүн төрөлхтний амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг эрдэмтнийг тодруулдаг Нобелийн шагналын долоо хоног даваа гарагт дууслаа. Ийн цар тахлын дараах үеийн буюу 2022 оны Нобелийн шагналтнуудыг тоймлон хүргэе. Шагнал тус бүрийг дагалддаг 10 сая швед кроныг арванхоёрдугаар сарын 10-ны өдөр буюу А.Нобелийн 1896 онд таалал төгссөн өдөр гардуулдаг уламжлалтай юм.
ЭДИЙН ЗАСАГ: ХЯМРАЛЫГ СУДАЛСАН АМЕРИКИЙН ГУРВАН ЭДИЙН ЗАСАГЧ ХҮРТЛЭЭ
Эдийн засгийн салбарын энэ оны шагналыг банкуудын эдийн засагт гүйцэтгэх үүргийн талаарх олны ойлголтыг дээшлүүлж, банкуудыг дампууруулахгүй байх нь ямар үр ашигтай талаар судалсан АНУ-ын гурван эдийн засагчид олголоо. Тодруулбал, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн асан Бен Бернанке, Чикагогийн их сургуулийн профессор Дуглас Даймонд, Сент-Луис хот дахь Вашингтоны их сургуулийн профессор Филип Дибвиг нар энэ нэр хүндтэй шагналын эздээр тодорсон юм.
ЭНХТАЙВНЫ ШАГНАЛЫГ ОХУ, БЕЛАРУС, УКРАИНД ОЛГОЛОО
Нобелийн энхтайвны шагналыг ОХУ-ын “Мемориал” хүний эрхийг хамгаалах төв, Беларусийн идэвхтэн Алесь Беляцкий болон Украины “Иргэний эрх чөлөөний төв”-д олголоо. Хоёр орны хооронд хурцадмал байдал үүссэн үед энэ шагналыг олгосон нь анхаарал татаж байна. Харин Нобелийн хороо “Тэд эрх баригчдыг шүүмжлэх, иргэдийн үндсэн эрхийг хамгаалахын төлөө олон жил зүтгэсэн. Дайны гэмт хэрэг, хүний эрхийн зөрчил, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг баримтжуулахад их хүчин чармайлт гаргаж хамтдаа энхтайван, ардчиллын төлөө иргэний нийгэмд чухал болохоо харуулж байна” гэж мэдэгдэв.
УТГА ЗОХИОЛЫН САЛБАРЫГ ФРАНЦЫН ЗОХИОЛЧ АННИ ЭРНО МАНЛАЙЛАВ
Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Францын зохиолч Анни Эрно хүртэв. Тэрбээр 20 гаруй ном бичсэн агаад анхны роман нь 1974 онд хэвлэгджээ. Эрногийн бүх бүтээлд бага нас, нийгмийн карьеер, гэрлэлт, ээж болсон, бэлгийн амьдрал, үр хөндөлт, хөхний хорт хавдар гэсэн намтар түүх нь тусгагдсан байдаг. Энэ тухайгаа зохиолч “Уламжлалт төрлөөр бүтээл туурвихыг зорьдоггүй. Харин өөрийгөө илэрхийлэх өөрийн гэсэн хэлбэрийг хайхыг эрмэлздэг” гэж ярьжээ. Өнгөрсөн оны утга зохиолын Нобелийн шагналыг орчин үеийн Танзани улсын бүрэлдэхүүнд ордог Занзибар арлын зохиолч Абдулразак Гурна хүртсэн билээ.
ХИМИ: БЭРРИ ШАРПЛЕСС ХОЁР ДАХЬ УДААГАА НОБЕЛЬ ХҮРТЭВ
Химийн салбарын Нобелийн шагналтнаар Америкийн эрдэмтэн Каролин Р.Бертоззи, К.Бэрри Шарплесс, Данийн химич Мортен Мелдал нар тодорлоо. Тэдэнд “Клик-хими ба биоортогональ химийн шинжлэх ухааныг хөгжүүлснийх нь төлөө” энэ шагналыг олгожээ. Клик-хими бол ангид тусдаа жижиг нэгдлүүдийг нэгтгэн хэрэгтэй химийн бодисыг гарган авдаг химийн урвалыг судалдаг салбар юм. АНУ-ын эрдэмтэн Бэрри Шарплесс Нобелийг хоёр дахь удаагаа хүртлээ.
ФИЗИК: КВАНТ МЭДЭЭЛЭЛ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛСЭН ЭРДЭМТЭД ШАГНУУЛЛАА
Физикийн салбарын Нобелийн шагналын эздээр квант механикийн чиглэлээр судалгаа хийсэн Францын эрдэмтэн Ален Аспет, Америкийн физикч Жон Клаузер, Австрийн эрдэмтэн Антон Зейлингер нар тодорлоо. Тэдэнд “Беллийн тэнцэтгэл бишийн зөрчлийг нотолсон сүлэлдсэн фотонууд бүхий туршилт хийснийх нь төлөө мөн квант мэдээлэл зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж" энэ нэр хүндтэй шагналыг олголоо гэж Шведийн эзэн хааны академийн Нобелийн хороо мэдэгджээ.
АНАГААХ УХААН: ЭРТНИЙ ХҮНИЙ ШИНЭ ТӨРӨЛ ЗҮЙЛИЙГ НЭЭСЭН ЭРДЭМТЭНД ОЛГОВ
Энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Шведийн биологич Сванта Паабо хүртэхээр боллоо. Энэ шагналыг түүнд устаж үгүй болсон хоминидуудын ген болон хүний хувьслын талаар хийсэн судалгааных нь төлөө олгожээ. Энэ талаар Нобелийн хороо "Паабо шинжлэх ухааны ертөнцөд боломжгүй мэт байсан зүйлийг гүйцэлдүүлж, неандерталь хүний генийн дарааллыг тогтоосон юм. Тэрбээр мөн Денисовын хүн гэгддэг эртний хүний төрөл зүйлийг нээж, шуугиан тарьсан билээ” гэж Нобелийн хороо онцолсон байна. Паабо бол шинжлэх ухааны цоо шинэ салбар болох археологи, палеонтологийн олдвороос генийн дарааллыг тогтоодог палеогенетикийг үндэслэгчдийн нэг юм.
Дашрамд дурдахад, Альфред Нобелийн гэрээслэлд эдийн засгийн салбарын шагналын талаар тусгаагүй байсан. Харин Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төвбанкны шагнал гэж албан ёсоор нэрлэдэг энэ шагналыг тус банк 300 жилийн ойдоо зориулан 1968 онд санаачилж, анхны шагналыг 1969 онд гардуулсан түүхтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин