Сургууль бүрд суурин утас байршуулснаар ухаалаг утасны хэрэглээ багасна
Богд хаант Монгол Улсын төр, засгийн дээд хэмжээний төлөөлөгчид 1914 онд Орос улсад анх удаа айлчлахдаа тэдний талд хүсэлт тавьж нийслэл хүрээнд хоёр ширхэг телефон утас авчирсан байдаг. Түүний нэгийг нь Богдын ордонд, нөгөөг нь Гадаад яамны сайд Чин ван Ханддоржийн өргөөнд суурилуулж байжээ.
Өдгөө хүүхэд, хөгшидгүй ухаалаг утас ашиглаж, суурин утас хэрэглээнээс гарсан мэт боловч хэрэгтэй газраа хамгийн чухал болохыг саяхны нэгэн үйл явдал харууллаа. Учир нь, Монголын цахилгаан холбоо компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх операторуудын дугаар руу дуудлага хийх боломжтой суурин утсыг төв салбарынхаа гадна болон Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиуд дээр хэдийнээ байршуулсан билээ.
Тэгвэл энэхүү утсаа орон нутгийн сургуулиудад байршуулж эхэлсэн бөгөөд анхны үнэгүй ярьдаг суурин утсыг Дархан-Уул аймгийн Дөрөвдүгээр сургуулийн бяцхан сурагчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс байршуулсан байна.
Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургууль дээр суурин утсаа туршилтаар байрлуулсан нь цахим сүлжээнд олны талархлыг хүлээгээд буй. Нийгэмд болж буй эерэг үйл явдлыг энэхүү сурвалжилгаараа хүргэж байна.
ӨДӨРТ ДУНДЖААР 30-40 ХҮҮХЭД СУУРИН УТСААР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургууль дээр 12 цагийн үед ирэхэд өглөөний ээлжийн бага ангийн сурагчид тарж байв. Сургуулийн үүдээр ороход хүүхдүүд шуугиж, нэг зүйл дээр төвлөрсөн нь анхаарал татав. Жижүүр эмэгтэй тэднийг эмх цэгцэд оруулахыг хичээх ч хүүхдүүд нэмэгдсээр бөөгнөрөл үүсгэх аж.
Сурагчид хичээлээсээ тараад эцэг, эх, асран хамгаалагчаа үүдэнд ирсэн байна уу гэж шалгаад, ирээгүй байвал суурин утсаар залгадаг гэнэ. Аав, ээжийнхээ ирж байгаа эсэхийг асуух сурагчид олон байсан ч сургууль дээр болсон явдлаа ярьж дараалал үүсгэх сурагчид ч цөөнгүй байв.
Тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч “Охин нь байна, аав аа. Би сургуулийнхаа утсаар залгаж байна. Та ирж байна уу. Охин нь сургуулийнхаа хаалгаар гарна. Би найзтайгаа сургуулийн хашаанд тоглож байя” гээд утсаа сууринд нь хийв. Сурагчид тараад л шууд аав, ээж рүүгээ залгаж байгаа нь ганцаараа дур мэдэж явах, танихгүй хүнээс утсыг нь гуйх зэрэг эрсдэлээс хамгаалах ажээ.
Тус сургуулийн захирал Ц.Цолмонбаатар “Хичээл тарсны дараа сурагчид эцэг, эхтэйгээ холбогдож байршил, мэдээлэл өгөхөд хүндрэлтэй байсан. Бага ангийн хүүхдүүд гар утастай явах нь зохимжгүй. Монголын цахилгаан холбоонд хүсэлт илгээсний үндсэн дээр үнэгүй суурин утсыг байршуулаад 14 хонож байна. Хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд бол хамгийн чухал асуудал” гэв. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн бага бүлэг 1400 гаруй сурагчтай. Өглөө, өдөр гэсэн хоёр ээлжээр хичээл нь ордог байна. Өдөрт дунджаар 30-40 хүүхэд суурин утсаар үйлчлүүлж байна гэсэн тооцоолол гарчээ.
МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО КОМПАНИ 2023 ОНД ОРОН ДАЯАР “ИТГЭЛТЭЙ УТАС”-ЫГ БАЙРШУУЛНА
Монголын цахилгаан холбоо компани нь Нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ хоёр минут үнэгүй ярих, гар утсаа цэнэглэх боломжтой суурин утасны бүхээгийг 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн Төв шуудангийн зүүн талд байршуулан иргэдэд үнэгүй үйлчилгээг үзүүлж эхэлсэн билээ. Энэхүү үйлчилгээнийхээ талаар иргэдээс судалгаа авсан бөгөөд судалгааны дүн, олон нийтийн сүлжээгээр хандсан сэтгэгдлээс харахад бүгд сайшаан цаашид олон нийтийг хамарсан сургууль цэцэрлэг, эмнэлэг, захуудаар байршуулах санал хүсэлт, сэтгэгдэл оруулсан нь уг үйлчилгээний хэрэгцээ байгааг илэрхийлсэн байна.
Иймд анхны суурин утсаа Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль дээр байршуулсан байдаг. Одоогийн байдлаар Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 23 дугаар сургууль, Монгени цогцолбор сургууль, Шинэ эрин гэх мэт сургууль дээр 10 гаруй суурин утсыг байрлуулаад байгаа ажээ.
Энэ талаар Монголын цахилгаан холбоо компанийн Маркетингийн менежер М.Наранцацралаас тодрууллаа. Тэрбээр “Монголын цахилгаан холбоо компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийг аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо барих, шаардлагатай үед холбогдох хэрэгцээ шаардлагыг дэмжих үүднээс “Итгэлтэй утас”-ыг сургуулиуд дээр байршуулж байна.
Орон нутагт суурин утсыг байршуулах ажлыг Дархан-Уул аймгийн Дөрөвдүгээр сургууль дээр эхлүүллээ. Тус сургууль нь аймгийн төвөөсөө хол байдаг захын сургууль юм. Манай компани ирэх онд орон даяар энэхүү “Итгэлтэй утас”-ыг байршуулахаар төлөвлөж байна. Гэхдээ бүх сургууль дээр байршуулна гэвэл нэг жилийн хугацаа бага. Тиймээс нэн түрүүнд алслагдсан бүс нутгийн сургуулиудаас судалгаа авч байршуулна. Энэхүү таксофон нь картаар цэнэглэж ярьдаг байсан үеийнх юм. Эвдэрсэн, гэмтсэн асуудлыг нь засаж, сайжруулаад байршуулсан. Ярианы төлбөр, тоног төхөөрөмж суурилуулалт гэх мэт бүх зардлыг манайхаас 100 хувь төлнө” гэсэн юм.
“СУУРИН УТАСНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ” ГЭВ
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн бага ангийн Заах арга нэгдлийн ахлах багш В.Алимаа суурин утас байршуулж өгсөнд сэтгэл хангалуун байгаа гэв. Тэрбээр “Миний хувьд суурин утас байршуулсан нь зөв алхам гэж үзэж байна. Яагаад гэвэл эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ холбоо барихын тулд л гар утас сургуульд нь бариулдаг. Харин суурин утсыг сургууль дээр байршуулснаар хүүхдийн эрхийг хамгаалж буй хэлбэр юм. Цаашдаа гар утасны хэрэглээг хориглох юм бол суурин утасны ачаалал ихэснэ. Одоогоор гар утастай сурагч олон байна. Суурин утас байршуулаагүй байх үед хүүхдүүд “Утсаараа яриулаач, багш аа” гэж маш их асуудаг байсан. Багш, эцэг, эхчүүдийн зүгээс суурин утас байршуулж өгсөн Монголын цахилгаан холбоо компанид талархаж байна, баярлалаа” хэмээв.
Хүүхдээ сургуулиас нь авахаар ирсэн нэгэн ээжээс суурин утасны талаар сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Миний охин гуравдугаар ангийн сурагч. Хүүхдэдээ хичээл нь тарахаар яриарай гээд гар утас авч өгсөн. Өнгөрсөн хавар гар утсаа гээж байсан. Харин суурин утас байршуулснаар хүүхэд хичээлдээ утас авч явах шаардлагагүй болж байна. Гар утас бариулахгүй, хориглох тал дээр удахгүй арга хэмжээ авах байх. Төр, засгийн зүгээс ч гэсэн энэхүү санаачилгыг дэмжиж гэр хорооллын сургуулиудад хүрэлцээтэй байршуулж өгөх нь зүйтэй л гэж бодож байна” гэлээ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд гар утсанд донтсон 100 гаруй хүүхэд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хандсан байна. Иймд хүүхдүүдийг ухаалаг утаснаас холдуулж, гэр бүлтэйгээ холбоо барих суурин утсыг байршуулж өгөх нь чухал асуудал. Үүнийг төр, засаг анхааралдаа авч үзэхийг багш, эцэг, эх асран хамгаалагчийн зүгээс хүсэж байгаа юм.
Эх сурвалж: Өглөөний сонин