Марк Цукерберг UFC тэмцээний бүх тасалбарыг худалдан авчээ
Энэ сарын 2-нд холимог тулааны UFC Fight Night 211 тэмцээн болж өнгөрлөө. Спорт сонирхогчдын анхаарлыг татсан том тэмцээн биш байсан ч Марк Цукерберг үзэхээр ирсэн нь олны анхаарлын төвд оруулсан юм. Тэмцээн үзэхийн тулд тэрбумтан цэнгэлдэхийн бүх тасалбарыг худалдан авч, эхнэртэйгээ цуг хоосон танхимд тухлан суусан.
UFC холбоо том зочны айлчлалыг олон нийтийн сүлжээнд пиар болгон ашиглах гэсэн боловч тамирчид, фэнүүдэд таалагдсангүй.
UFC Fight Night 211 тэмцээн үзэгчид, сэтгүүлчдэд хаалттай болно гэсэн мэдээлэл гарч, Дана Уайт мэдээллийг баталсан ч жинхэнэ шалтгааныг зарлаагүй. Тэрээр “Залуус аа, та нар завгүй байгаа болохоор амралт өгөхөөр шийдлээ. Гэртээ пицца идээд, зурагтаар тэмцээнээ үзээрэй” гэж тоглохыг оролдсон ч Марк Цукерберг бүх тасалбарыг худалдан авсан нь удалгүй ил болсон.
Цукерберг яагаад UFC холбооны жижигхэн тэмцээнийг үздэг билээ? Хөрөнгө мөнгөө харуулах гэв үү, гэргийгээ тухтай суулгахыг хүсэв үү? Магадгүй хамгийн том шалтгаан нь энэ үдэш Хятадын Янь Сяонань тулалдсан явдал байж болох. Хятадын тамирчид тэмцээний гол тулаанд гарах нь олон тохиолдох зүйл биш. Тэрбумтны гэргий хятад гаралтай бүсгүй. Вьетнамаас цагаачилсан хятад гэр бүлд төрсөн юм.
Цукерберг цар тахлын хөл хорионы үеэр холимог тулаанд дурласнаа ярьдаг. Тэр үед анх бэлтгэл хийж, найзуудаа урин, олон тулаанчтай нөхөрлөсөн юм. Гэвч тулаанчид түүнийг биеэ тоосон, ихэмсэг гэж шүүмжилсэн. Жирийн иргэдтэй хамт суухыг хүссэнгүй, жинхэнэ тулаан сонирхогчдыг тэмцээнд оруулсангүй гээд л олон яриа гарсан.
Ямар ч гэсэн Янь Сяонань ялалт байгуулж, Хятадын тулаанчдын нэрийг тахаллаа.