Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн форумыг ирэх онд зохион байгуулна

🕔 2022/09/20 10:20

Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн  форумыг ирэх онд зохион байгуулна

 

МСНЭ-ийн урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй сэтгүүлчид манай улсад хүрэлцэн ирлээ. Хоёр орны сэтгүүлчид хэрхэн хамтран ажиллах талаар хамтарсан мэдээлэл хийлээ. Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Хоёр тал тодорхой асуудлаар санал солилцсон. МСНЭ, БНСУ-ын сэтгүүлчдийн холбоотой 2014 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Найман жил үргэлжилж буй хамтын ажиллагаагаа цаашид нэг шат ахиулах, улам гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. БНСУ-ын сэтгүүл зүйн салбараас Монголын сэтгүүлчид туршлага судлах, сэтгүүлч солилцоонд анхаарал хандуулах талаар бид хүсэлтээ илэрхийлсэн. Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг БНСУ-д 2023 онд зохион байгуулна. 25 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг форумд оролцоно. Аравдугаар сард багтааж МСНЭ-ийн төлөөлөл БНСУ-д айлчлахаар болсон" гэсэн юм.

 

Харин Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун "Бид 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Өмнөх хоёр удаад дулаан үед ирж байсан. Энэ удаа сэрүүн үе таарлаа. Гэсэн ч монголчуудын сэтгэл урьдын адил дулаан хэвээр байгаад талархаж байна. Хоёр байгууллагын удирдлага уулзаад харилцан хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийж, чухал асуудлуудыг хөндөж ярилцлаа. Олон улсын хамтын ажиллагаа манай сэтгүүлчдийн холбооны таван бодлогын нэг. Тиймээс манай холбооны хувьд харилцан хамтын ажиллагаа нь чухал асуудлуудын нэг мөн. Албан ёсны хэлэлцээрээр дамжуулан МСНЭ-тэй харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр санал солилцлоо. Цар тахлын улмаас хамтын ажиллагаа зогсонги байдалд ороод байсан. Энэ удаагийн айлчлалаар гарсан шийдвэрүүд дээр үндэслэн хамтын ажиллагаагаа сэргээнэ гэж найдаж байна" гэлээ.

Мөн 2022-2023 оны хичээлийн жилд ЭЗҮИС, МСНЭ-тэй хамтран  Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад Бизнесийн удирдлагын магистрын зэрэг, эдийн засгийн мэдлэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаад байна. Суралцах хугацаанд 36 кредит цагийг судлана. Төгсөгчид сонгосон сэдвээр диплом бичиж хамгаална.

Тэтгэлгийн хэмжээ нийт төлбөрийн 75 хувь байх ба 25 хувийг суралцагч бүрэн хариуцах юм. Хичээлийг МУИС, СЭЗИС, ХААИС болон өөрийн сургуулийн эрдмийн цол, зэрэгтэй шилдэг багш нараас баг бүрдүүлж, тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу ордог. Мөн сэтгүүлчдийн мэргэжлийн онцлогт тохируулан хичээлийн цагийн уян хатан нөхцөл, сургалтын  шинэлэг арга барилыг нэвтрүүлсэн тул суралцах үйл явц сонирхолтой. Төгсөгчдөд ажлын хажуугаар өөрийн мэргэжилтэй уялдуулан сэдвийг судлах боломжийг олгодог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 181 (6913)

скачать dle 12.0

Санал болгох