Уранаа хэрэглэвэл “унтраалга”-тай болно

🕔 2022/09/16 10:15

Уранаа хэрэглэвэл “унтраалга”-тай болно

 

Манайх чинь эрчим хүчний хэрэглээнийхээ ихэнх хувийг нүүрс түлж, маш их ус зарцуулдаг дулааны цахилгаан станцуудаас хангадаг. Бас нэлээд хэсгийг нь хоёр хөршөөсөө импортолдог. ОХУ-д гэхэд жилдээ хэдэн арван сая хүртэлх ам.доллар төлдөг. Цахилгаан эрчим хүч худалдан авсаны хөлс шүү дээ. Эрчим хүчний ийм хараат байдал нь Монгол Улсыг стратегийн маш эмзэг нөхцөл байдалд байлгасаар байна. Ялангуяа цар тахал, дайн дажны улмаас хямарсан геополитикийн нөлөөгөөр байдал улам хүндэрч болзошгүй. Тиймээс “...Энэ өвлийг лаа барьж өнгөрөөх үү” гэдэгтээ тулав.

 

Харин саяхан Эрчим хүчний шинэхэн сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн VII чуулганд Ерөнхий сайдын хамт оролцсон. Тэр үеэрээ Монгол Улсад цахилгаан эрчим хүч дутагдалтай үед импортын цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар ярьж тохиролцож чаджээ. Гэхдээ энэ бол өнөөх л хараат байдлын өрөвдөлтэй тал л даа. Манай тог цахилгааны  “унтраалга” Орост байна л гэсэн үг. Түүнээс гадна дарвал эсвэл дарахгүй бол Үүнээс гадна Дорнын эдийн засгийн VII чуулганы үеэр ОХУ-тай эрчим хүчний хэд хэдэн төслийг эхлүүлэх талаар ярилцсан байна.

 

Гэвч энэ бас л шийдэл биш. Эрчим хүчний түүхий эдүүдийн үнэ өсөж, эрэлт нь нэмэгдэж буй өнөө цагт ганц найдвартай гаргалгаа бол ураны ашиглалт юм. “...Мэдэхгүйд эрээн цоохор” гэдэг шиг “...Уран бол аймшиг” гээд бид ойлгочихсон. Фүкүшимагийн цахилгаан станцын сүйрэл энэ тэрийг яриад сүйд болно. Ер нь бол тэр сүйрлээс хойш дэлхий дахин нэг хэсэг цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан. Гэвч одоо дэлхий нийтээр цөмийн эрчим хүч рүү чиглэж байна.

Одоогоор дэлхийн 32 улсад 438 цөмийн цахилгаан станц ажиллаж байна. Эдгээр цөмийн цахилгаан станц дэлхийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэдэг. Ингээд зогсохгүй улс орнууд дахиад ч цөмийн реакторууд барьж эхэлжээ. Ердөө саяхны мэдээллээр дэлхий дахинд 56 цөмийн цахилгаан станц шинээр баригдаж байгаа аж. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээр Америк, Франц, Орос, Хятад зэрэг улс тэргүүлдэг байна. Ялангуяа Хятад, Орос улсууд сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчинд онцгой анхаарах болсон. Одоогоор Хятадад 53, Орост 37 цөмийн цахилгаан станц ажиллаж буй. Дахиад ч нэмж барьж байна. Хятад л гэхэд хамгийн олон буюу 17 цөмийн цахилгаан станц, харин Орос дөрвийг барьж байгаа аж. Мөн Герман улс хаахаар төлөвлөж байсан цөмийн цахилгаан станцуудаа үргэлжлүүлэн ажиллуулах гэж байгаа бол Япон  цөмийн станцуудаа дахин нээхээр болсон байна.

 

Тэгвэл энэхүү цөмийн эрчим хүчний түүхий эд нь уран болдог. Ураны ханш олон улсын зах зээлд өсөж байна. Хамгийн сүүлийн байдлаар нэг фунт буюу 450 орчим грамм ураны ханш 48 ам.долларт хүрчээ. Олон улсын цөмийн ассоциацийн тооцоогоор ураны эрэлт ирэх 20 жилд 160 хувиар өсөх төлөвтэй байна. Хамгийн гол нь дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цаашлаад өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд цөмийн эх үүсвэрийг барьж байгуулсаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, цөмийн цахилгаан станц нь нүүрстөрөгчийн ялгаруулалтаараа усан цахилгаан станцын дараа орох байгаль орчинд хохирол багатай эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог байна. Мөн нэг кг цэвэр уран нь 1000 тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний эрчим хүч ялгаруулдаг юм байна.

 

Гэтэл Монголд ураны нөөц байна. Эрдэмтэн судлаачдын тооцоогоор Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т ордог гэсэн мэдээлэл бий. Харин албаныхны мэдээллээр 2020 оны байдлаар Монгол Улсын ураны нөөц 192 мянган тонн гэж тогтоожээ. Энэ нөөц цаашид өсөх боломжтой гэж судлаачид үздэг. Түүнчлэн Монгол Улс “Алсын хараа 2050” хөтөлбөртөө “...2041-2050 онд ураны нөөцөө ашиглан хамгийн найдвартай, аюулгүй цөмийн станц байгуулна” гэж тусгасан. Үүнтэй холбоотойгоор олон улсын болон төрийн хөрөнгө оруулалттай ураны төслүүд ч хэрэгжиж байна.

 

Гэвч эдгээр төслүүд бодлогын гэхээсээ хэсэг бүлэг хүний нөлөөгөөр удаашрах хандлагатай байна. Яагаад гэхээр, дээр хэлсэнчлэн  “...Мэдэхгүйд эрээн цоохор” гэдэг шиг “...Уран бол аймшиг” гэсэн буруу ойлголттой холбоотой юм. Хэрвээ тийм бол өдийд уранаа хэрэглээд цөмийн эрчим хүч гаргаад байгаа Орос, Америк, Хятад, Япон, Герман улсууд сөнөж дуусч байгаа биз дээ. Тэгэхээр одоо “...Уран гэж юу вэ. Хор хохирол, ашигтай тал нь юу юм бэ” гэдэг дээр жаахан саатаж ойлгох нь зөв болов уу даа. Хэрвээ бид уранаа ашиглаж чадвал өөрсдөө “унтраалга”-тай болно. Эрчим хүчний хараат байдлаас гарах маш том алхам болно шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 179 (6911)

скачать dle 12.0

Санал болгох