Залуусаа хүлээж буй Ардчилсан нам
Эрх биш улс төрийн фронтод дарийн утаа үнэртсэн Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, гудамжны тоосонд булуулж өндийсөн О.Магнай, эрдэм номын мөрийг улс төрийн талбарт гаргаж буй доктор Н.Тэгшбаяр, С.Эрдэнэболд, бизнесийн талбарт бүдэрч боссон, өдгөө парламентад ажиллаж байгаа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, улс төрийн шарх олон авсан хуульч О.Баасанхүү, намын байгуулалтад ажиллаж зовлон жаргал туулсан Ц.Баатархүү гээд бүх талаараа бяд сууж, амьдрал үзсэн ид насны залуус байхад АН-ыг өөд нь татчихмаар санагдах юм.
Зөвхөн нэр дурдаад байгаа хэд ч биш, эдгээрээс гадна олон сайхан залуус бий. Зориг зүрх дутаад байна уу, өөр шалтгаан байна уу. Энд би аль нэг улс төрийн хүчинд хайртайдаа биш, Монгол Улсад байх ёстой томоохон хүчин зүйл нь баруун төвийн үзэл баримтлал бүхий АН байх ёстой учраас хэлж байгаа юм. Дээр дурдаж буй залуусын хувьд нэг намыг бүү хэл улс орныг аваад явах хэмжээнд бэлтгэгдсэн хүмүүс гэж болно. Яагаад ийн хэлэх болов гэхээр АН-ын данстай залуусын эгнээнд Л.Гантөмөрөөс эхлээд УИХ-ын гишүүнээр хоёр, гурван удаа сонгогдож, сайдаар ажиллаж байсан туршлага бүхий улстөрчид байгаа гэхээр улс төрийн ямар ч түвшинд ойлголцож чадна.
Дээр нь өдгөө парламентад бүлгээ тэргүүлж байгаа О.Цогтгэрэл гэх эрх бүхий нөхөр ч байна. Түүнийг парламент дахь АН-ын залуусын дуу хоолой гэж ойлгож болох байх. Мөн Н.Тэгшбаяр нарын агентлаг, газрын даргаар ажиллаж байсан туршлага бүхий эрдэмтэн доктор ч байна. Тэд бол намын түвшний асуудалд шинжлэх ухаанчаар хандаж чадна. Өдгөө улс төр ч бай, урлаг соёл ч бай аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах шаардлага нэгэнт үүссэн учраас яах аргагүй хэрэгтэй байж таарна. О.Магнай нарын гудамжинд тэмцэл хийсэн, иргэний нийгмийн байгууллагын туршлагатай нөхдийн хувьд олон нийтэд намын зүгээс хандах хандлагыг жинхэнэ утгаар нь байршуулж чадна. Намын бодлогыг олон нийтэд ойлгуулж, гишүүд дэмжигчдийн итгэлийг ийм л хүмүүс сэргээж чадна. О.Баасанхүү нарын нам дамжиж туршлага суусан хуульчдын хувьд аливаа асуудлыг эрх зүйн орчинд эрх биш зохицуулаад явчихна. Ц.Баатархүү нарын намын байгуулалтад ажиллаж, хат суусан нөхөд ч дотоод зохион байгуулалтаас эхлээд олон зүйлд алзах юмгүй. Яав ч дутах юмгүй нэгэн үе өсөж өндийснийг зөвхөн эдгээр залуусаас харж болно. Чухам АН гэх улс төрийн хүчин яагаад Монгол Улсад хэрэгтэй юм, яагаад үүнийг залуус өөд нь татаж, авч явах хэрэгтэй юм гэхээр олон салаа зүйлийг дурдах хэрэг гарна. Энэ бол нэн тулгамдсан асуудал болоод байна.
Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд төрийн тогтолцоонд гарч байгаа өөрчлөлт гэх мэт бүхий л зүйлийг эрх баригчид дангаараа шийдэж байна. Энэ нь ардчилсан тогтолцоонд шилжээд 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй улс орны нийгэмд харшлах болсныг судлаачид дуулгах болов. Тэгэхээр бид юуны өмнө сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ингэхийн тулд ард түмний хүсэл болон олон намын үзэл санаанд тулгуурласан суурь зарчмаар тогтолцоог өөрчлөх шаардлага зүй ёсоор тулгарч байгааг хаа хаанаа дуулгах болов. Гэтэл бид парламентын хэмжээнд сөрөг хүчин ч үгүй ажиллаж байна. Тухайлбал, АН-ын олон жил үргэлжилж буй “зодоон”-ыг нэг талд нь гаргаж, шинэ залуу үеэ дэмжихээс өөр сонголт үлдээгүйг эрх биш ойлгосон байх. Цагтаа улс төрийн баруун жигүүрийг дүүрэн эзэлж байсан АН-ыг аврах нь зөвхөн хэдэн гишүүд дэмжигчдийн хэрэг биш Монгол Улсын хэрэг болчихсон. Ардчилсан Монголын улс төрд зөвхөн зүүнтнүүд ноёлоод байна гэдэг утгагүй. Парламентын ардчилал байхгүй боллоо. Эрх баригчид хүссэнээ л хийж байна.
Ямар ч эрх мэдэлгүй, хэзээ мөдгүй дээлээ нөмрөх гэж байгаа Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарыг одоо болтол шүтэж, өнөөдрийг хүртэл тэднээс айж сууна гэж баймгүй юм. Уг нь тэр хэдэн өвгөд нь төр, түмнээс хулгайлж авсан хөрөнгө мөнгөө хэрхэн яаж нуух, хэрхэн яаж ял зэмгүй үлдэх вэ гэж зовж яваа хүмүүс шүү дээ. Тийм ч учраас эрх мэдлийн төлөө ийн үсээ цайтал зүтгэдэг байх. Нөгөө талаар АН-ын залуус ч зоригтой зүрхтэй байх шаардлага зүй ёсоор тулгарсан. Одоогийн байдлаар АН-д сарниж задраагүй фракц гэж үлдсэнгүй. Сүүлээ хавчаад зугтсан Н.Алтанхуяг “Алтангадас”-ыг, төвийг сахисан Д.Дорлигжав нар МҮДН-ыг, сураг алдарсан З.Энхболд “Шонхор”-ыг, Э.Бат-Үүл нар “Зүүн хойд Ази”-ыг гээд бүгдийг самарсан, эднээс юу ч үлдээгүй. Эдгээр нөлөө бүхий фракцууд алга болохоор Д.Нямхүү нарын “Кроун” мэт жижиг бүлэглэл ч амь тавьчихаж. Анхнаасаа сүрхий зүйл ч байгаагүй. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад эрх биш амьсгалж байсан МоАХ-ыг “Үндэсний хэмжээний зөвлөгөөн” нэрийн дор С.Эрдэнэ, Д.Сосорбарам нарын нөхөд самарчихсан. Өнгөрөгч хугацаанд АН-ын хэдэн өвгөд л хоорондоо тэмцэж байгаагаас нэг ч залуусын түүчээ нийгмийн индэрт гарч ирсэнгүй нь хэний ч сонирхлыг татаж байгаа. Нэг утас барьсан галзуу солиотой Д.Мөнх-Эрдэнэ гэх нөхөр хоосон хашхирахаас өөр юу ч алга. Одоо залуус сэрцгээх цаг нь болсон.
Арга ядсан л хэрэг байх, МАН-аас УИХ-ыг удирдаж байгаа Г.Занданшатар “Бид Үндсэн хууль дээр гараа тавьж, төрийн сүлдэндээ тангараг өргөж, монгол төрийн далбаанд мөргөсөн монгол төрийн төлөөлөгчид. Ийм учраас парламент нь аливаа асуудлыг олон ургальч үзлээр үзэл бодлоо чөлөөтэй хэлэлцэхийн тулд сөрөг хүчин зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Цэрэггүй жанжин байж болохгүй. Бид нэгдэж байж парламентаа төлөвшүүлнэ. Тэгэхгүй бол ард түмэн сөрөг хүчин болно. Парламентын зарчим нь цөөнхөө хүндэтгэх байдаг. АН хуваагдах хэрэггүй, жижиг эрх ашиг, амбицаа хойшоо тавьж, намаа, бүлгээ нэтгэж, ард түмэн Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө асуудлаа шийдэхийг хүсэж байна” хэмээн чуулганы индэр дээрээс онцолсон. Өрсөлдөгч намынх нь нэг том дарга ийн гуйж байна гэхээр АН доторх нөхцөл байдалд хаа хаанаа санаа чилээж байгааг харуулсан хэрэг. Гэтэл МАН-ыг өнөөдөр наяад оныхон удирдаад явж байх жишээтэй. АН-ыг үүсэн байгуулагдаж ахуй 1990 оноос хойш аваад үзье. Тухайлбал 1990 онд МАН-ын даргаар 1940-өөд онд төрсөн Г.Очирбат, Б.Даш-Ёндон нар ажиллаж байсан бол 1996 онд гэхэд 1950-иад оны Н.Энхбаяр, С.Баяр нар намын удирдах албанд ороод ирчихсэн байв. Ийнхүү 2005 он гэхэд М.Энхболд тэргүүтэй 1960-аад оныхон намын толгойд гарч, 2013 он гэхэд Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнхбат тэргүүтэй 1970-аад оныхон, 2016, 2020 он гэхэд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй 1980 оныхон энэ намыг удирдаж байна. Магадгүй 2028 он гэхэд ерээд оныхон ороод ирж таарна. Намын шинэчлэл, залуусын дуу хоолой гэдэг энэ юм.
Гэтэл АН-ынхан 1950 оны төлөөллөөс эхлээд 1960-аад оны төлөөлөлтэйгөө бүтэн гурван үеийг барахаар яаж нам хөгжиж дэвшиж, ялалтад хүрэх юм бэ. Одоо бүр нам ч үгүй боллоо. Сүүлийн жилүүдэд АН-д өрнөсөн үйл явцаас харж байхад яах аргагүй залуусын дуу хоолойг нам нь өөрөө хүлээж байна. Анх бууриа засахад нь байж л байсан өвгөд дэндүү хол үлдсэн гэдгийг нийгэм өөрөө, нам нь өөрөө сануулаад байхад мухайрлаад байгааг ойлгох юм алга. Тэгэхээр залуус урагшаа давшиж, АН-ыг дахин шинээр зохион байгуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Дээр дурдсан залуус л энэ шинэчлэлийг хийж магадгүй учраас нийгэм ч тэднийг хүлээж буй.
Эх сурвалж: Өглөөний сонин