Нянгийн үзүүлэлт өндөр гарсан 507 тонн махыг албадан хураав

🕔 2022/09/08 12:03

Нянгийн үзүүлэлт өндөр гарсан 507 тонн махыг албадан хураав

 

Монгол Улсад мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 үйлдвэр  үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь суурилагдсан хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа гэсэн үг. Сүүлийн таван жилд дунджаар 35.7 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар төхөөрсөн нь хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны 6.2 хувийг эзэлж байгаа аж.


Гэвч малын 90 хувийг нядалгааны өмнөх болон дараах үзлэг шалгалтад хамруулалгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд уламжлалт аргаар төхөөрч хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа нь хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, малаас хүнд халдварлах өвчний суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Мал төхөөрч боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах шатанд аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөл (PrP), ариун цэврийн стандарт ажиллагааны заавар (SSOP)-ыг багтаасан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг баталснаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монгол малын махны экспортын зах зээлийг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой талаар ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан энэ оны зургадугаар сарын 8-ны Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр хэлж байв.


Харин өчигдөр МХЕГ-аас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Энэ үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Мах экспортлох эрхгүй хэрнээ дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байна. Тухайлбал, "Үүлэн гөү", "БӨКТ", "Натурал грийн фүүдс", "Оргилон гүн" зэрэг аж ахуйн нэгжийн 541 тонн махыг МХЕГ-аас ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлсэн. Хуулийн дагуу энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэнэ.
Стандартын шаардлага хангаагүй 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул албадлагын арга хэмжээгээр хураалаа. МХЕГ-аас эдгээр махыг “Хүнсний тухай хууль”-ийн дагуу устгах шаардлагатай гэх дүгнэлт гарсан. Хяналт шалгалтын хугацаа яагаад хойшилсныг иргэд асууж байна. Үйлдвэрүүдэд гурван удаагийн шинжилгээ хийж, дээрх дүгнэлтийг гаргасан. Шалгалтын хүрээнд хэд хэдэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Тодруулбал, холбогдох дүрэм журам мөрдөөгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж хадгалсан, эрх бүхий албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй 23 аж ахуйн нэгжид шалгалт явуулснаас 22-ыг нь 71.5 сая төгрөгөөр торгож, мөн 16 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцалсан. Үүнээс гадна 49 аж ахуйн нэгжид хадгалагдаж буй 14037 тонн махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлжээ. Шалгалтаар БНХАУ-д мах экспортлох зөвшөөрөлтэй 12 байгууллагын 6590 тонн үхэр, хонь, ямааны мах нь стандартын шаардлага хангасан тул экспортын үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй ажлын хэсэгт танилцуулсан гэв. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 173 (6905)

скачать dle 12.0

Санал болгох