НӨАТ-ын сугалаа "эргэн ирнэ"

🕔 2022/08/29 14:40

НӨАТ-ын сугалаа "эргэн ирнэ"

 

Б.ДАРЬСҮРЭН

 

Монголчууд И-баримттай амьдралаа холбоод, зургаан жилийн нүүр үзжээ. Тодруулбал, 2016 онд буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үеэс хэрэгжиж эхэлсэн. НӨАТ 1998-2005 он хүртэл 15 хувиар үргэлжлээд 2006 оноос дөрвөн 10-ын зарчим буюу 10 хувьд шилжсэн бол 2016 онд татварын системийг шинэчлэхдээ урамшууллын системийг бий болгосон. Нэг талдаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвар илүү нээлттэй болж, төлсөн НӨАТ-ынхаа хоёр хувийн буцаан олголтыг жилийн эцэст аваад зогсохгүй, “ёндоорч” чадвал сар тутамд азтан болох боломж бүрдсэн. Гэвч сугалаа нь иргэдэд хүртээлгүй, Сангийн яам, Татварын ерөнхий газрын ажилтнуудын хамаарал бүхий хүмүүс өндөр дүнгээр хонжвор авч байна гэх гомдол тасраагүй. Энэ нь ч 2021 оны хоёрдугаар сард ШӨХТГ-аас хийсэн шалгалтаар нотлогдож, тухайн үеийн дарга Б.Бат-Эрдэнэ “НӨАТ-ын сугалааны IT ажилтан 36 удаа азтан болсон гэх мэдээ гарсан. Тиймээс бид шалгалт хийлээ. Нэгдүгээрт, сугалааны бөмбөгийг гаргаж буй төхөөрөмжид зөрчил илрээгүй. Хоёрдугаарт, гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн газрын өмнө ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3.8 сая төгрөг хожжээ. Хамгийн ихдээ нэг ажилтан нийлбэр дүнгээр 310 мянган төгрөг хожсон. Тэдний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс дунд зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөг хожсон нь тогтоогдлоо” хэмээн мэдэгдэж байлаа. Үүнээс гадна жилийн эцэст өгдөг байсан буцаалтаа улирал бүр олгодог болсон. 


Иргэдийн зүгээс “Сугалаагаа болиод, буцаан олголтын хувийг 10, үгүй гэхэд таван хувь болго” гэх шаардлагыг байнга тавьдаг. Энэ оны дөрөвдүгээр сард Д.Сүхбаатарын талбайд болсон “Ажлаа хий” жагсаалын үеэр ч энэ шаардлагыг тавьж байв. Гэтэл үүний хариуд сугалааг нь зогсоочихов. “Буцаан олголтын хувийг нэмэх нь үү” гэж байтал Сангийн сайд Б.Жавхлан “Буцаан олголтыг нэмэх боломжгүй, харин сугалааг зогсоож байна” гэж олны эгдүүцлийг хүргэв. Өнгөрсөн хугацаанд сугалааны тохирлоор 1.6 сая хүн 81 тэрбум төгрөгийн хонжвор авсан талаар Сангийн яам мэдээлэв. Харин наймдугаар сар гарснаас хойш НӨАТ-ын сугалааг сэргээн явуулна хэмээн албаныхан мэдээлсэн. Тухайлбал, ирэх сараас сугалааны зарчимд дөрвөн төрлийн шинэчлэл хийж, явуулахаар болжээ. Сангийн яамны Татварын бодлогын газрын Б.Тэлмүүн “Өмнө нь зөвхөн “Боловсрол суваг” телевизээр сугалааны тохирлыг шууд дамжуулж байсан. Цаашид Номин, И-март болон бусад худалдааны төвд олон нийтийн хяналт дор явуулна. Мөн хэдий чинээ олон баримт уншуулна, тэр хэмжээгээр сугалаанд хожих магадлал өснө” гэв. Өөрөөр хэлбэл, өмнө татварын системд үүссэн бүх баримт сугалаанд оролцдог байсан бол шинэчилсэн журмаар зөвхөн “И-баримт” системд бүртгүүлсэн баримтаар л сугалаанд оролцох аж.

 

Сугалаа зогссоноор баримт бүртгэлт буурчээ

Иргэд аминдаа л “ёндоорчих” гээд баримтаа сайн бүртгүүлж байсан бололтой. Татварын ерөнхий газрын дарга Г.Заяабал “НӨАТ-ын баримтыг бид сар бүр бүртгэн дүгнэлт гаргадаг. Иргэд худалдан авсан барааны баримтаа бүртгүүлэхээс гадна бизнес эрхлэгчдийн хоорондоо хийдэг худалдааг ч судалдаг. Сүүлийн дөрвөн сард юу болсон бэ гэхээр и-баримтаа баталгаажуулах нь 50 хувиар буурсан. Ингэснээр НӨАТ-ын татвар буурч, иргэдийн баримтаа худалдагчаас нэхдэг хандлага ч суларсан. Иймд бид 50 хувь нь л баримтаа уншуулж буй дадал хэвшлийг өсгөх шаардлагатай. НӨАТ-ын сугалаа ихээхэн ач холбогдолтой байсан. Хүн бүр хуулиа биелүүлдэг болгохын тулд сугалааг үргэлжлүүлэх нь зөв” хэмээв. Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр долдугаар сард НӨАТ-ын орлогын төлөвлөлт 95 хувиар буурсан. 2015 оны татварын хамрагдалтыг авч үзэхэд НӨАТ 45 хувьтай байв. Харин 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш 45 хувь нь өссөөр 70 хувьд хүрчээ. Үүнээс, сугалаагаар панаалдан татварын орлогоо бүрдүүлэх хандлага харагдаж байна. Уг нь иргэд “сугалаагаа болиулаад, буцаан олголтын хувиа нэм” гэх шаардлагыг тавьсаар байгаа. Гэвч энэ нь орлого өндөр, тансаг хэрэглээтэй бүлэгт л хүртээлтэй гэсэн тайлбарыг Татварын ерөнхий газраас өгсөн. Яагаад төлсөн хэмжээгээрээ буцаан авч болохгүй гэж?

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

скачать dle 12.0

Санал болгох