Төгрөгийг тавиад туучихлаа даа, Төвбанкны ерөнхийлөгч өө?!

🕔 2022/08/09 10:39

 

Саяхан даа, Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гуайн “...Монгол Улс одоогоор дефольтод орох эрсдэлээс хол байгаа” гэсэн гарчигтай ярилцлага тарав. Тэрбээр “...Инфляц зургадугаар сарын сүүлээр 16 хувьд хүрлээ. Өнөөгийн өндөр инфляцад чухам юу нөлөөлж байна вэ” гэсэн асуултад  “...Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 оны зургадугаар сард улсын хэмжээнд жилийн инфляц 16.1 хувь гарсны 57.1 хувь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалаад байна” гэв. “...Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал гэж их тайлбарладаг. Инфляцын өрнөлтэй мөнгөний бодлогоор хэрхэн тэмцэж байна вэ” гэхэд “...Ерөнхийдөө цаашдаа өсөх хандлагатай байсан инфляц болон ханш дээр өсөлт нь саарч тогтворжилт бий болсон гэж харж байна” гэжээ.  “...Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх, гадаад валютын нөөц буурахгүй байх боломж хэр байна вэ. Нүүрсний экспорт саатаж, төлбөрийн тэнцэл алдагдалтай, валютын нөөц буурсан талаар хэвлэлээр, сошиал орчинд ч их ярьж байна” гэхэд “...Төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ хугацаанд 10 хувиар л сулраад байна. Өнөөгийн хүнд сорилтын үед Төвбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа” гэв.


Товчхондоо “...Бүх асуудалд би буруугүй” , эсвэл “...Бүх юм сайхан байгаа” гэж хариулжээ. Үгүй л дээ. Тэр тусмаа Б.Лхагвасүрэнгийн удирддаг Төвбанк цорын ганц үндсэн үүргээ тавиад туучихсан шүү. Тэр үндсэн үүрэг нь төгрөгийн тогтвортой байдал байдаг юм. Үгчилбэл “...Төвбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Төвбанк ийм л ганц том зорилготойгоор оршдог. 


Гудамжинд гараад асууя. “...Төвбанкны үндсэн үүрэг хэр зэрэг хэрэгжиж байна вэ” гэе. “...Хуц” л гэнэ. Өнөөдөр төгрөгийн уналттай холбоотойгоор үнийн өсөлт яаж гаарч байгааг хүүхэд хүртэл мэдэрчихсэн байна, цаана чинь. Бод доо. Ам.долларыг бодъё. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2020 оны наймдугаар сарын 6-наас хойш 2847-2849 төгрөгт хэлбэлзэж байв. Зарим үед хэдхэн өдрийн хугацаанд 2853 төгрөгт хүрч байжээ. Харин 2022 оны нэгдүгээр сарын 31-нд 2850.26 төгрөгт хүрээд түүнээс хойш буусангүй. Дан өсөв. Уржигдрын хаалтын ханш нь 3177.32 төгрөг байлаа. 


Б.Лхагвасүрэн гуайд арай ойроор сануулъя л даа. Аль эсвэл бага ангийн хүүхдээр “..Сайн уу, муу юу” гэдэг бодлого болгож бодуулсан ч болно. Б.Лхагвасүрэн гэдэг хүн 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд Төвбанкны ерөнхийлөгч болжээ. Тэр өдөр нь ам.доллар 2706.68 монгол тэнцэж байв. Тэрбээр энэ албан тушаалд хоёр жил есөн сар ажиллав. Ам.доллар 3177.32 төгрөгт хүрлээ. Б.Лхагвасүрэн сайн ажиллаж байна уу, эсвэл...?!

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 151 (6883)

скачать dle 12.0

Санал болгох