Монгол Улс Шри Ланкын араас орох уу?
ОХУ-аас 100 хувь хараат шатахууны үнэ байтугай дотоодынхоо хэрэглээг асуудалгүй хангачихдаг хүнсний ногооны үнэ тэнгэрт хадчихлаа. Аргаа барсан Засгийн газар салбар яаманд үүрэг өгч, эрт ургацын ногоо гаргаж, үнийг нь 1000-2000 төгрөгөөр буулгаад байна. Үүнээс гадна бид 91 сая малтай болчихоод, кг нь 20 гаруй мянган төгрөгийн үнэтэй мах иддэг улс.
Эдгээр үнийн хөөрөгдлөөс шалтгаалж инфляцын түвшин 16.1 хувьд хүрээд буй. Үүнд хүнсний ногооны үнийн өсөлт 70.5 хувь, шатахууны үнэ 62.9 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Зүүн өмнөд Азийн Шри Ланка улс дефолт зарлаад удаагүй байгаа бол Монгол Улсыг удахгүй тус улсын араас орох өндөр эрсдэлтэй гэж Тайванийн EBC агентлаг зарлав. Дефолт гэдэг нь тухайн улс гадаадын орнуудад зээлээ төлөх чадамжгүй болсныг илтгэж байгаа аж. Нэг агентлагийн дүгнэлтээс гадна дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллагууд дараагийн дефолт зарлах эрсдэлтэй улсуудын жагсаалт гаргахдаа манай улсыг оруулсан нь эдийн засгийн хүндрэл тулгарах нөхцөл бүрдсэнийг харуулж байна.
Тодруулбал, ОУВС-гаас Азийн орнуудын өр өсөж, үүнийгээ төлөх боломж хумигдаж буйг анхааруулсан байр суурь илэрхийлжээ. Лаос, Мьянмар, Мальдив, Папуа Шинэ Гвиней, Монгол зэрэг орны нэр дурьдагдсанаас Лаос, Монгол хоёрыг хамгийн хүнд байдалтай нь гэж тодотгосон байв.
Дотоодын эдийн засагч нар ч үүнийг хүлээн зөвшөөрч Засгийн газар, Монголбанк зэргийг яаралтай зөв арга хэмжээ авахгүй бол ирэх IX-X сар гэхэд инфляцын түвшин дахин нэмэгдэж, байдал хурцдаж болзошгүйг анхааруулаад байгаа юм. Манай улс БНХАУ-аас авч буй юанийн зээл төлөлтийг нэг жилээр хойшлуулж, гадаад өрнөөсөө хасаж тооцуулснаар зээлжих зэрэглэлээ авч үлдсэн. Олон улсын зээлээ төлөх гол баталгаа болсон Монголбанкны гадаад валютын албан нөөц оны эхэнд 4.366 тэрбум ам.доллар байсан бол зургаан сарын дотор 3.097 тэрбум ам.доллар болж, 29.06 хувиар буурчээ. Энэ талаар зарим эдийн засагчид хэвлэлд байр сууриа хэрхэн илэрхийлснийг хүргэе.
ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛАКШМИ: ЗЭЭЛИЙГ ЗЭЭЛЭЭР СОЛИОД БАЙНА
Тэрбээр "itoim.mn"-сайтад өгсөн ярилцлагадаа “Том, том хаадынхаа нэрээр нэрлэсэн бондын өрийг бид өрөөр солиод л яваад байгаа. Өмнө нь зөвхөн хүүгийн төлбөрийг төлж байсан бол энэ жилээс үндсэн төлбөрийг төлөхөөр байгаа. Эдийн засаг муудсан энэ үед гадаад өр том асуудал болно. БНХАУ-ын Төвбанктай байгуулсан своп хэлцэл бий. Хоёр Засгийн газар хооронд гэрээгээр олгосон өр зэрэг олон өрийн эргэн төлөлт тулж ирлээ. Нэг талаас эдийн засаг хангалттай хэмжээнд өсөж байх үед зээл, өр бол асуудалгүй. Гол нь эдийн засгийн өсөлт саарсан, экспорт саарсан, төсвийн зарлага нь байнга тэлж, валютын нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаа үед энэ нь том хүндрэл болно.
Нэгдүгээрт, Чингис бондыг анх доллароор 2012 онд авч байсан. Түүхэндээ хамгийн өндөр дүнтэй авсан өр гэж хэлж болно. Тухайн үед доллар хямд байлаа шүү дээ. Тэгэхээр бид долларын ханшийн алдагдал хүлээж байна. Алдсан боломж, алдагдал нь өндөр байгаа болов уу.Хоёрдугаарт, бид зээлийг зээлээр солиод байна. Олон улсын зах зээл дээр бонд босгоход өндөр зардалтай.Гуравдугаарт, бид өр авснаараа үр өгөөж нь хаана байна вэ гэдгийг асуух хэрэгтэй. Томоохон үйлдвэр барьж чадсан уу, хэчнээн ажлын байр бий болгосон бэ, эдийн засагт ямар үр нөлөө үзүүлсэн бэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Ийм тооцоо бараг байхгүй дээ. Айл өрх зээл авлаа гэхэд үл хөдлөх худалдаж авах, байрны урьдчилгаа хийх зэргээр ямар нэг зүйл хийнэ гэж төлөвлөдөг. Гэтэл улсын түвшинд зээл авснаар үр өгөөж нь хаана байна, юу болов гэдэг нь сонирхолтой. Бид зээлээ бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй.
ЭДИЙН ЗАСАГЧ: Ж.ДЭЛГЭРСАЙХАН: АЖ ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРААС БУСАД НЬ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
-Монголын эдийн засаг ерөнхийдөө хүндхэн дүр зурагтай харагдаж байна. Учир нь эдийн засгийн өсөлт оны эхэнд хасах үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн жилийн өдийд 15 гаруй хувийн өсөлттэй байсныг бодвол маш доогуур үзүүлэлт. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан VI сарын эдийн засгийн үзүүлэлтээс харахад аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбараас бусад нь нэлээд сөрөг байдалтай харагдсан. Тиймээс II улирлын эдийн засгийн үзүүлэлтээс сайн үр дүн хүлээгээд хэрэггүй болов уу. Тэгэхээр Засгийн газрын зүгээс халамжийн бодлогоос илүүтэй, өөр зөв зүйтэй арга хэмжээ авсан нь үр дүнтэй гэж дүгнэж байна.
Б.ДарьсүрэнЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин