BА4, BА5 давалгаа вакцины нөлөө буурсан үетэй давхцаж байна

🕔 2022/07/28 09:34

BА4, BА5 давалгаа вакцины нөлөө буурсан үетэй давхцаж байна

 

Монголчуудын найр наадамтай зэрэгцээд цар тахлын тав дахь давалгаа эхлэв. Омикроны BА4, BА5 хувилбар дан ганц манайх гэлтгүй бусад улс орнуудад эрчимжиж буйг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа. Омикроны BА4, BА5 хувилбар анх гуравдугаар сард  ӨАБНУ –д бүртгэгдэж томоохон давалгаа үүсгэсэн нь өнөөг хүртэл намжаагүй байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Сүүлийн өдрүүдэд Япон, БНСУ, Хятадад халдварын  тохиолдол хэд дахин нэмэгдэж,  Шанхай, Бээжин хотуудад масс тестингээ дахин сэргээж эхэлжээ.

Эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар омикроны BА4 ба BА5 өмнөх хувилбаруудаас онцлогтой. BА4, BА5 хувилбараар өвдсөн бол дахин халдвар авах хугацааг гурван сар гэж үзэж байсан ч 28 хоногийн дараа дахин өвдөх эрсдэлтэйг Австралийн судлаачид нотолсон. Цаашдаа ч омикроны дараагийн хувилбарууд гарч ирэх магадлалтай байгаа гэж эрдэмтэд үзэж байгаа аж.

BА4, BА5 хувилбарын шинж тэмдэг хүнд. Одоогоор ХӨСҮТ дээр хийж буй генийн дараалал тогтоох шинжилгээний үр дүнгээс харахад нийт тохиолдлын 10 орчим хувь нь омикроны BА4 ба BА5 хувилбар эзэлж байгаа. Гэвч 14 хоногийн дотор 80-95 хувийг энэ хувилбар эзлэх болно гэсэн тооцооллыг  эрдэмтэд гаргасан байна.

 

Энэхүү хувилбар нь дархлаа хэвийн, вакцинтай хүмүүст хатгаа үүсгэхгүй бол дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүст хатгаагаар хүндрэх эрсдэлтэй. Хамраас шингэн нус гоожих, хоолой өвдөх, хорсох мөн тасралтгүй ханиалгах зовиур илэрнэ. Ядарч, булчин, шөрмөсөөр өвдөн, халуурч гурав дахь өдрөөс цээжээр өвдөж их ханиаснаас болж жижиг нарийн судсууд гэмтэж цустай ханиах  шинж тэмдэг голлож байна. Хүүхдэд халуурах, ханиах шинж тэмдэг түлхүү илрэхээс гадна хавсарсан өвчтэй бол илүү эрсдэлтэй. Хүүхдүүдэд мөн ходоод гэдэсний замын шинж тэмдэг болох хэвлийгээр өвдөх, бөөлжих гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрч байна.

Энэ  хувилбар нь тухайн улсад хэр том давалгаа үүсгэх бэ гэдэгт тухайн улс орны вакцины хамралт, ямар төрлийг тарьсан, дархлаа сэргээх тунд хэдэн хувь нь хамрагдсан, урьд нь ямар хувилбараар үүсгэгдсэн давалгаанууд хэдий хугацаанд явагдсан. Хүн амын насны бүтэц тухайлбал, дийлэнх нь хөгшин эсвэл залуу эсэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Ийм шалтгаанаар зарим улс оронд хүн амын таван хувь нь халдвар авсан байхад зарим оронд 15 хувь хүртэлх хувь нь халдвар авч байна. Манай улсын хувьд вакцины нэг, хоёр, дархлаа сэргээх тунгийн хамралт сайн байгаа зэрэг нь давуу талыг олгож байгаа. Гэхдээ судлаачид вакцины үр нөлөө 4-5 сарын дараа буурч байгааг анхааруулж байна. Энэхүү давалгаа манайд огцом нөлөөлж байгаа нь  иргэд сүүлийн тунгаа хийлгэснээс хойш зургаан сар өнгөрч вакцины дархлааны нөлөө буурсан үетэй давхцаж байна  гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яам өгсөн.  Тиймээс халдварын огцом дэгдэлтийн үед иргэдийг маскаа зүүхийг зөвлөлөө. Энэ нь ч өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эрсдлээс сэргийлэх хамгийн чухал арга болно.

 

Коронавирусын өсөлтийг тоймлож харвал наадмын өмнө долдугаар сарын 10-нд 71, наадмын үеэр буюу 13-нд 64, 14-нд хоногт 75 тохиолдол илэрч байсан бол сүүлийн долоо хоногт 400 руу дөхлөө. Улмаар энэ сарын 19-нд 181, 21-нд 323, 23-нд 375 шинжилгээний хариу эерэг гарч даруй 20 хувь өсчээ. Орон нутагт ч мөн адил алаг цоог тархаж хурдацтай өсөж байв. Гэтэл өнгөрсөн хоногт аймгуудын  халдварын тохиолдол нийслэлийнхийг давлаа. Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр 367 тохиолдол шинээр батлагдсан нь өмнөх өдрөөсөө 20-иор нэмэгдсэн үзүүлэлт юм. Илэрсэн халдварын 178 нь Улаанбаатар хотод, 189 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 940726 болж нэмэгдэв. 

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд 17, Баян-Өлгийд долоо, Баянхонгорт ес, Дархан-Уулд 13, Дорноговьд 37, Орхонд 10, Өмнөговьд 59, Сүхбаатарт найм, Сэлэнгэд нэг, Төв аймагт хоёр,  Увсад ес, Ховдод 17 бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 571 хүн эдгэрсэн бол 8965 хүн хяналтад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 143 (6875)

скачать dle 12.0

Санал болгох