Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлгийг доноруудын дунд зохион байгууллаа

🕔 2022/07/07 12:09

Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлгийг доноруудын дунд зохион байгууллаа

 

Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Ажлын хэсгээс Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлгийг цусны доноруудын дунд зохион байгуулж, санал солилцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийн талаарх танилцуулав.

Манай улсад анх 2000 онд Донорын тухай хууль батлагдсан бөгөөд 2012, 2014, 2015, 2021 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ хуулиар цусны донор болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний зохицуулалтыг нэгтгэж оруулсан байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад цус, цусан бүтээгдэхүүний 75 хувийг 65-аас дээш насны хүн амд хэрэглэдэг бол хөгжиж буй орнуудад 52 хувийг нь 0-5 насны хүүхдэд хэрэглэгдэг. Харин манай улсын хувьд цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэгч өвчтөнүүдийн 50.5 хувь нь 36-65 насны хүмүүс буюу идэвхтэй донорын насныхан бий. Түүнчлэн манай улсын хүн амын суваргын хэтийн төлөвөөр идэвхтэй донор /24-45 нас/-ын тоо дунджаар 2 дахин буурахаар байгаа бөгөөд энэ үзүүлэлт дунджаар 20 орчим жил үргэлжлэх цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах гол асуудал тулгарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Ажлын хэсгийн зүгээс өнөөгийн хууль эрх зүйн орчин шаардлага хангаж байгаа эсэх талаар эрүүл мэндийн ажилтнууд болон цусны доноруудын дунд судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн 80 орчим хувь нь Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийг салгаж, бие даасан хуулиудаар зохицуулах шаардлагатай гэж хариулсан бол цусны доноруудын 97 хувь нь Донорын тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй гэж үзжээ.

Дэлхийн олон улс оронд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах болон цусны донорын үйл ажиллагааг тусад нь хуульчилсан байдаг. Цусны донорын тухай хуулиараа цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тогтвортой, аюулгүй байдал, цусны донорын хөдөлгөөний нийгмийн ач холбогдлыг ард иргэдэд таниулах, сурталчлах замаар цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх болон цус сэлбэлт судлалын харилцаанд оролцогч этгээдүүдийн эрх, үүрэг, эдгээрийг удирдан зохион байгуулах болон гүйцэтгэх байгууллагуудын эрх зүйн зохицуулалт, цусны донорт тавигдах шаардлага, эрх, үүргээс гадна цусны донорт эрүүл мэндийн үзлэг хийх, цус, түүний бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, эмчилгээний зорилгоор хэрэглэх үйл ажиллагаа, эдгээрт оролцогч эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн тусгай зөвшөөрөл, мэдээллийн нэгдсэн сан, санхүүжилт, төрийн болон төрийн бус байгууллагын түншлэлийн асуудлыг зохицуулдаг байна.

Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг 8 бүлэг, 32 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин улам боловсронгуй болж үүний хэрээр цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж улам сайжирч, цус сэлбэлт судлалын салбар хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ. Цус сэлбэлт судлалын үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Мөн цусны донор, сэлбүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, тэдний эрх, үүрэг тодорхой болохын дээр тэдний нийгмийн халамж, алдаршуулалт, урамшуулал сайжирч, цусны донорын тоо нэмэгдэх, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ.

Донорууд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг өөрчлөхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан санал, бодлоо илэрхийлсэн. Тухайлбал,

Монгол Улсын анхны хүндэт донор Г.Жамц: Цусны донорын тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Миний хувьд 60 орчим жилийн турш цусаа өгч, 900 гаруй хүнд цус сэлбэсэн байна. Доноруудыг алдаршуулах, урамшуулах асуудал учир дутагдалтай байдаг. Хүндэт донорын тэмдгийг Засгийн газраас олгодог байх хэрэгтэй. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн биологийн хичээлийн сургалтын хөтөлбөрт цусны донорын талаарх агуулгыг оруулж, бага наснаас нь зөв ойлголт өгөх шаардлагатай.

Мөнгөн донор Ш.Цогтхишиг: Миний хувьд 2010 оноос хойш тасралтгүй цусаа өгч байна. Хүндэт доноруудын эрүүл мэндэд анхаарал тавьж, эмнэлгүүдэд доноруудыг хариуцсан эмчтэй болгох хэрэгтэй. Аль ч шатлалын эмнэлэгт очсон дараалал харгалзахгүй үзүүлдэг байх тал дээр анхаарахыг хүсэж байна.

Хүрэл донор Ц.Батмөнх: Би нийт 98 удаа цусаа өгсөн байна. Донорын тухай хуулийг шинэчлэх цаг болсон. Доноруудад ямар нэг урамшуулал дэмжлэг байдаггүй. Доноруудад үзүүлэх нийгмийн халамжийн бодлого дутагдалтай байдаг. Тиймээс доноруудыг сувилалд амрах, эмчлүүлэх зардлыг даатгалаас төлдөг байх зохицуулалтыг шинэ хуульд оруулах нь зүйтэй.

Монголын Донорын холбооны тэргүүн, хүндэт донор М.Сосорбарам: Цусны донорын тухай хуулийн төслийг дэмжиж байна. Цусаа өгсөн хүнд халуун хоол, цай өгөх, “Хүндэт донор” тэмдгийг “Монгол Улсын Хүндэт донор” тэмдэг болгож, Засгийн газраас олгодог болох ёстой.

МУЗН-ийн газрын дарга О.Номин: “Хүндэт донор” тэмдгийг Засгийн газраас олгодог шагнал болгохыг дэмжиж байна. “Хүндэт донор” тэмдэг олгох шалгуур үзүүлэлтийг журмаар шийдвэрлэх нь зөв.

Доноруудаас гаргасан саналуудыг нэгтгэн хуулийн төсөлд тусгах юм байна.

скачать dle 12.0

Санал болгох