ОБЕГ: Живж байсан 34 иргэнийг аварлаа
🕔 2022/06/29 17:37
Нийслэлийн Засаг даргын 2022 оны Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/778 дугаар захирамж гарсан. Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүл зургадугаар сарын 15-наас үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Энэ хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн, Аврах ангийн аврагчид голын усанд живж амиа алдах өндөр эрсдэлтэй байсан 34 иргэнийг авран хамгаалж, долоон иргэний цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, ажиллалаа. Голын усанд живж амиа алдсан иргэдийн олонх нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, мэдэхгүй гарц гармаар гарах гэж оролдсон, усанд сэлдэг гэж эрдсэн, өөртөө болон бусдад тавих хяналтаа алдсан нөхцөл байдалтай байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.
Баярын амралт олон хоногоор үргэлжлэх тул голын усанд амиа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангаж, бие биедээ тавих хараа хяналтаа сайжруулж, зүй зохистой амарч зугаалахыг анхааруулж байна.
скачать dle 12.0